"Хүртээмжтэй хөгжил хүрээлэн" ТББ-ын тэргүүн Эдийн засагч, инженер Н.Туяа “сүүлийн жилүүдэд татварын бодлого кастын систем тогтоох чиглэл рүү явж байгаа. Олигархижсан их хурал өөрсдийгөө 2030 он хүртэл татвараас чөлөөллөө. Баялаг, боломж дээр дабль стандарт тогтсон байна” гэв. Түүнтэй энэ сэдвээр ярилцлаа.
-Та Монголын татварын бодлого, тогтолцоог сүүлийн жилүүдэд Кастын систем тогтоох чиглэл рүү явж байна гэлээ, яагаад ингэж дүгнэх болов?
-Сүүлийн жилүүдийн татварын өөрчлөлтүүдийг харьцуулж харахаар өөрийн эрхгүй ингэж дуу алдахаар болчихлоо. 2018-2019 онд татварын болон нийгмийн даатгалын хуулиудад огцом өөрчлөлт оруулсан нь одоо мөрдөгдөж байна. Төр данхайж төсвийн зарлага нэмэгдэхийн хэрээр татварын ачаалал нэмэгдэж байна. Татварын төрлүүдээр аваад үзэхээр жирийн иргэдийн татварын ачаалал эрс нэмэгдсэн байна. Хувь хүний орлогын татвар буюу бидний ярьдгаар цалингийн татвар 10 хувь байсныг 10, 15, 20 хувь буюу гурван шатлалтай болгочихлоо. Мөн цалингаас суутгадаг нийгмийн даатгалын шимтгэлийг 21 хувиас 26 хувь хүртэл өсгөчихлөө. Тэгсэн хэрнээ тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмсээр 65 насандаа тэтгэвэр тогтоолгох хууль хэрэгжээд явж байна. Эдгээр хуулийн үйлчлэлд хамгийн их хохирч байгаа хүмүүс нь ажил хийж амьдралаа авч явдаг хүмүүс, Монголын өрх гэрийн 90 гаран хувь юм.
Гэтэл нөгөө талд хөрөнгийн татваруудыг бууруулж чөлөөлж байна. Бууруулж, чөлөөлж байгаа татварууд нь дандаа эрх мэдэлд ойр байж зээл, хувьчлал, уул уурхай, төрийн өмч, төсвөөс эрх мэдлээ ашиглаж давуу байдал олж авч байгалийн баялаг, газар, лиценз зарж баяжсан, бизнесийн салбарт шударга бусаар ноёрхлоо тогтоосон чинээлэг хэсэгт хамаатай татварууд байна. Татварын хамгийн гол тулгуур тэгш шударга зарчим ноцтой зөрчигдөж байна. Нөгөө талаар нийгмийн бүлгүүдийн орлогын ялгааг дэвэргэхгүй байх, харин ч ойртуулах, ажил хөдөлмөр бизнесийг дэмжсэн, баялгийн хуваарилалтыг шударга хүртээмжтэй байлгах, дундаж давхаргыг улам өргөжүүлэх төрийн бодлого цаасан дээр байгаа шүү дээ. Гэтэл улстөрчид, эрх баригчид гоё ярьж, үнэн хэрэг дээрээ Кастын систем үүсгэх бодлого хэрэгжүүлж байна.
-Тухайлбал?
-Эрхийн шимтгэлийн орлогын татварыг 2019 онд гурав дахин бууруулсан. Энэ нь энгийнээр хэлбэл ашигт малтмалын лиценз, газар зэрэг төрөөс олгодог эрхүүдийг зарж борлуулахдаа төлдөг татвар. Өөрөөр хэлбэл, нийтийн өмч, баялгийн ашиглалтаас авч байгаа татвар гэж ойлгож болно. Ашигт малтмалын лицензийг асар өндөр үнээр дэлхийн зах зээл дээр зардаг, газрыг хэдэн арван га-гаар нь авч дамлан зардаг бүлэглэл үүсч, одоо ч байгааг бид бүгдээрээ мэднэ. Тэдний төлдөг татвар гурав дахин буурсан байна.
2019 оны хуулиар хувьцааны ногдол ашгийн татварыг мөн хоёр дахин бууруулсан. Мөн л чинээлэг хэсэгт хамаатай татвар. Иргэдэд тэр бүр хувьцаа байдаггүй, багахан хуримтлал үүсгэхээрээ хадгаламжинд хийдэг. Хадгаламжийн хүүгийн татвар 10 хувь байхад хувьцааны ногдол ашгийн татвар таван хувь болчихлоо. Жирийн иргэн цалингаасаа өндөр татвар, шимтгэл төлөөд үлдсэн хэсгээсээ хуруу хумсаа хугалан байж багахан хуримтлал үүсгээд хадгалахад хэдэн тэрбумын хувьцаатай баян хүнээс хоёр дахин өндөр татвар төлөхөөр хуулийг өөрчилж байна. Хадгаламж, хувьцаа хоёр хоёулаа хөрөнгө оруулалтын шинжтэй хэр нь иргэдийн хадгаламжийн хүүд хоёр дахин өндөр татвар ногдуулж байгаа нь шударга бус юм. Мөн 2024 оны Төсвийн хууль дагалдуулаад үнэт цаас, хувьцаа, бонд борлуулсан орлогын татварыг зургаан жилээр хөнгөлчихлөө.
Тодруулбал гурван жил 90 хувиар, дахин гурван жил 50 хувиар хөнгөлсөн. 2030 он хүртэл хувьцаа, бонд, үнэт цаастай чинээлэг хүмүүс татвараас чөлөөлөгдчихлөө. Энэ заалтаа батлуулахдаа хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилготой гэж тайлбарласан боловч тийм биш юм. Хөрөнгийн зах зээлийг дэмжихийн тулд хувьцаагаа зарсан орлогыг татвараас чөлөөлөх бус, харин хувьцаа худалдан авсан орлогыг татвараас чөлөөлсөн бол зорилгодоо нийцэх байсан. Олигархижсан төрийн эрх мэдэлтнүүд одоо хөрөнгөө зарах, өнгө хувиргах, эзэмшлийг нь өөрөөсөө холдуулж өөрчлөх цаг үе байх магадлалтай. УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдийгөө татвараас чөлөөлчихлөө гэж харагдаж байна. Энэ чөлөөлөлт ард түмэнд, иргэдэд огт хүртээлгүй юм.
Иймэрхүү хуулийн хулгайгаа эрх баригчид иргэдээсээ нууцаар хийгээд гаршчихлаа. Хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтээр хэлэлцүүлдэг, нөлөөллийн судалгаа хийж дүгнэлт гаргадаг. Харин хууль дагалдуулсан бусад хуулийн өөрчлөлтийг иргэд бүү хэл гишүүд нь ч анзаардаггүй. Тиймээс төсвийн хуульд хавчуулж нууж баталсан хэрэг. Сүүлийн жилүүдэд хуулийн хулгайг өөр хуулийн суганд хавчуулж хийдэг технологид гаршчихлаа. Үүнийг цаашид хуулиар хориглохгүй бол хэлэлцүүлэггүй, хаалттай орчинд маш осолтой хууль, заалт батлагдаж үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх эрсдэлтэй.
-Улстөрчид, тэр дундаа Сангийн сайд татварын ачаалал буурсан гэж яриад байгаа шүү дээ?
-Татварын ачаалал буурсан юм байхгүй. Зарим татварыг хялбарчилсан зүйл бол байгаа. 300 сая төгрөг хүртэл шууд нэг хувийн татвар төлөх гэх мэт. Орлогоосоо нэг хувь төлөх, ашгаасаа 10 хувь төлөх хоёр бол үнэндээ адилхан л даа. Бизнесийнхэнд хамгийн их дарамт болдог татвар шимтгэл бол нийгмийн даатгал, нэмэгдсэн өртгийн албан татвар юм. Энэ хоёр бол сар бүр төлдөг, ашигтай эсэхээс үл шалтгаалан төлдөг учраас бизнес эрхлэгчдэд маш том дарамт болдог. Ашгийн татварыг хөнгөлөхөөс илүүтэй нэмэгдсэн өртгийн албан татварыг таван хувиар бууруулж, нийгмийн даатгалыг ядаж өмнөх түвшинд хадгалах зэргээр зохистой болговол бизнес эрхлэгчид чөлөөтэй амьсгалах нөхцөл бүрдэнэ. Бизнесээ өргөжүүлэх, цалингаа нэмэгдүүлэх, шинэ технологи бүтээмжээ сайжруулах гэх мэт боломжууд гарч ирнэ. Энэ нь эргээд нийт эдийн засагтаа ч, төсөвтөө ч сайнаар нөлөөлнө.
Татварын шинэчлэл хийлээ гэж их ярьдаг боловч бодлого нь байгаа онохгүй, харин ч тогтмол тайлагнаж төлдөг хэсэг дээрээ байнга ачаа нэмж, хамгийн амар цэгцэлж болох хөрөнгийн татварын системээ огт сайжруулахгүй “мартсан”, бас хулгайч маягтай сэмхэн шударга бусаар, үндэслэлгүйгээр чөлөөлж хөнгөлсөөр байна. Энэ бол зориуд явуулж байгаа эрх баригчдын өөрсөддөө зориулсан “бодлого” юм. Татварын энэ шударга бус тогтолцооны үр дүнд хичнээн хичээж ажиллаад жирийн иргэд эх орондоо дундаж амьдралаар амьдрах аргагүй болж байна. Өрөөс өрний хооронд амь зууж байна. Товчхондоо монголын татварын бодлого “дабль стандарт” хэрэгжүүлж байна.
-“Зориуд мартсан”, өөрсөддөө зориулж системийг сайжруулахгүй байгаа гэдгээ тодруулаач?
-Монголд сүүлийн 30 гаран жил олигархын төр үүссэнээс ард түмэн, нийт иргэдийн өмч, байгалийн баялаг хэсэг бүлэг хүмүүсийн баяжих, хөлжих хэрэгсэл болсон нь нууц биш. Үүнийг ”захиалгат хууль батлах”, эсхүл баялгийн хяналтыг зориудаар сул байлгах, “зохицуулалтгүй орхих”, “төрийн өмчийн үнэлгээг царцаах” зэрэг аргаар хийсээр ирсэн. Хамгийн том жишээ бол Газрын үнэлгээг 1997 оноос хойш огт шинэчлэлгүй 21 жил царцаасан. Энэ хугацаанд эрх мэдэлтнүүд, газрын наймаачид зах зээлийн үнийн зөрүүнээс асар их ашиг олж, төсөв тэр хэмжээгээр хохирсон.
Дэлхийн банкны судалгаагаар газрын менежментийн энэ зохицуулалтгүй байдлаас зөвхөн Улаанбаатар хот 77 жилийн төсвөө алджээ гэдгийг тогтоосон. Газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, үнэлгээ, татвар төлбөрийн системийг одоо хүртэл цэгцлээгүй “мартсан” чигээрээ л байна. Уг нь хамгийн түрүүнд системчлэх ёстой, хамгийн амархан гарт орох хөрөнгө бол газар, үл хөдлөх хөрөнгө юм шүү дээ. Төрөөс зөвшөөрөл авдаг, кадастртай, гэрчилгээтэй, хаягтай үл хөдлөхийг бүү хэл иргэдийн цалингаараа авсан ганц талхыг ч алдахгүй бүртгэж чадаж байгаа төр шүү дээ. Тэгэхээр үүнийг зориудаар мартсан, хаясан татвар гэхээс аргагүй байгаа юм. Бас л эрх мэдэлтнүүд, хууль тогтоогчид хамгийн их газар, үл хөдлөх хөрөнгөтэй, тэдэнд энэ салбарыг цэгцлэх сонирхол байхгүй. Тэд энэ салбарт хууль бус мөнгө угаадагтай ч холбоотой. Уг нь газар, баялаг, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, бүртгэл, татварыг цэгцлэхэд л Улаанбаатар төдийгүй бүх суурин газруудын хот төлөвлөлт, стандарт, утаа түгжрэл, ажлын байр, ядуурал гэх мэт суурь асуудлуудыг шийдчих боломжтой. Үүнийг нэн яаралтай хийх хэрэгтэй ч энэ эрх баригчид лав хийхгүй нь. Тэнд эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхол нуугдаж байна.
-Судлаач хүний хувьд Кастын систем тогтох нь гэж эмзэглэх өөр шинж тэмдэг, жишээ та хэлж чадах уу?
-Кастын систем гэдэг нь товчхондоо нэг улсын иргэд эрх мэдэл, хөрөнгө чинээ, нийгмийн байдлаараа гүн гүнзгий тэгш бус байдалд орж, түүнийгээ нийтээрээ хүлээн зөвшөөрч олон зуун жил гацдаг систем юм. Сүүлийн жилүүдэд тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байгаа шалтгаан системийн шинжтэй болж ирлээ. Бизнес эрхлэгчдэд зориулсан ЖДҮДС-гийн хөнгөлттэй зээлийг нэг кабинетийн сайд нар, эрх баригч намын өндөр албан тушаалтнууд 950 саяар нь тэгшитгэж хувааж авсан, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Эмийн мафи, Газрын мафи, Ногоон автобусны залилан гэх мэт сүүлийн үеийн сенсациуд бүгд төрийн эрх мэдлээр хамгаалагдсан, системжсэн болж ирснийг нийтээрээ харлаа. Өмнө нь жирийн хулгайчтай байсан бол одоо бүлгээрээ, багаараа, кабинатаараа, тэр бүү хэл хууль тогтоох байгууллага хуулиа өөрчилж байгаад, нууцад авч байгаад хийдэг боллоо Ковидын үеэр улам тодорсон дабль стандарт ч Кастын системийн нэг үзэгдэл шүү дээ. Авлигын индекс, хэвлэлийн эрх чөлөө, ардчиллын индекс гэх мэт чөлөөт ардчилсан нийгмийн барометр үзүүлэлтүүдээр сүүлийн жилүүдэд хорь гучин байраар тууштай ухарсаар байгаа нь маш том дохио юм.
Өдрийн сонин