ЕТГ-ын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт нэгэн “яс хавтайж, үс цаймаар” хуулийн төслийг өргөн барив. "Эхийн алдар" одонгийн шалгуурт өөрчлөлт оруулах тухай уг хуулийн төсөл ганцхан заалттай. Тодруулбал, айлын нас барсан хүүхдийг “төрүүлж өсгөсөн” хүүхдийн тоонд оруулж, одонгийн болзол хангуулахаар хуулийн төсөлд тусгажээ.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг олгодог. Ингэхдээ, дөрөв болон зургаан хүүхэдтэй эхэд бага хүүхэд нь нэг нас хүрсний дараа нэг, хоёрдугаар зэргийн одон олгодог. Мөн 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхдийг “төрүүлж өсгөсөн” хүүхдийн тоонд оруулдаг. Мэдээж “Эхийн алдар” одон авахын тулд эдгээр хүүхдүүд бүгд эсэн мэнд, амьд сэрүүн байх ёстой.
Гэтэл ЕТГ-ын даргын өчигдөр танилцуулснаар "байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдээ "төрүүлж өсгөсөн"-д тооцох, одонд хамрагдах" тухай санал хүсэлт ЕТГ-т иргэдээс /ээж нараас/ ирсээр байна гэнэ ээ. Ингээд одонгийн “хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд” хуульд өөрчлөлт оруулахаар болсон юм гэнэ.
Нэгдүгээрт, нас барсан хүүхдээ одонгийн хүүхдэд оруулна гэдэг эрүүл хүний, эх хүний хэлэх үг, хүсэх зүйл мөн үү? Хоёр настай, эсвэл 16, 17-той хүүхдээ цаг бусаар алдчихаад хүүхдээрээ биш, одонгоор дутдаг эх хүн байх уу? За байдаг байлаа гэхэд ёс бус хүсэлт, шаардлагыг нь ёсчлон биелүүлэх нь төрийн ёс зүй, ёс суртахуун мөн үү? Үүнийг тэгээд одонгийн "хүртээмжтэй байдал" гэх үү?
Яах вэ, монголчууд соц үеийн сэтгэлгээнээс салж чадаагүй нь үнэн, салахын төлөө бүгдээрээ хичээж зүтгэж байгаа нь бас үнэн. Соц нийгмийн үед айлын авгай нар “нам засгийнхаа буянаар” хүүхэд төрүүлж, нам засагтаа талархаж, тэрийг нь нам засаг нь үнэлдэг байсан байх. Угтаа бол хүн амаа л өсгөх гэсэн ядуу буурай улсын бодлого шүү дээ. Орчин үед бол эдийн засгийн хөшүүргээр шийддэг болсон. Хүүхдийн мөнгө ч гэсэн нэг хэлбэр нь. Тэгсэн чинь одоо тэр нь багадаад, очиж очиж нэг муу одон тэмдэг энгэртээ зүүхийн төлөө нас барсан хүүхдийнхээ нэрийг зээлдэхэд ямар ёс суртахуун, хүн чанар байна аа. Тэгээд бүр нас барсан шалтгааныг нь хүртэл ангилчихсан шүү.
Хүүхэд нь өвдөөд, эсвэл, ослоор нас барсан бол одонд оруулахгүй. Харин “байгалийн гамшиг болон гэмт хэргийн улмаас амиа алдсан бол” гээд цагаан дээр хараар биччихсэн байна. Нэг нь нөгөөгөөсөө юугаараа өөр, дээр юм. Эхийн хувьд “хүндэтгэн үзэх шалтгаан” юм уу? Эх хүний хувьд амь бол амь шүү дээ. Нэгэнт амь нь үгүй байхад “арай өөр нөхцөлд амиа алдсан юмаа” гээд эхийг шагнах уу? Ёстой нээрээ яс нь хавталтаж, үс нь цайна биз дээ. Эх хүн мөн л юм бол...
Монголчууд ядуу байж болно. Ухамсар дорой, харанхуй мунхаг, бүр авах идэхийн донтой, одонгийн өвчтэй ч байж болно. Гэхдээ арай ч нас барсан хүүхдийнхээ нэрийг зээлдэж энгэр цоолохдоо хүртэл доройтмооргүй, дорд үзэгдмээргүй байна. Амьгүй болсон хүүхдийг босгож ирээд ээж нарыг "нэхэн шагнана" гэдэг арай дэндэж байна аа, Ерөнхийлөгч өө! Түүнийхээ оронд хүүхэд төрүүлсэн хүн болгонд, бүр эр эмгүй наад одонгоо зүүгээд өгчих. Тэрийг чинь харин "хүртээмжтэй байдал" гэдэг юм.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (1)