Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойгоо угтан Монголбанк муу зээлийн түүхтэй иргэн, ААН-ийн ангиллыг өөрчлөх шийдвэр гаргасан. Энэ дагуу иргэн, ААН-ийн зээлийн ангиллыг өөрчилжээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-"КОВИД, олон улсын геополитикийн хурцадмал байдал зэргээс шалтгаалж, дотоодын ААН-үүдийн үйл ажиллагаа доголдсон. Энэ явцад зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байснаас зарим иргэн, ААН анхаарал хандуулах, эргэлзээтэй, хэвийн бус муу зээлийн ангилалд орсон. Зээлийн муу түүхтэй бол дараагийн банкнаас зээл авахад эрсдэлтэй байдаг тул иргэн, ААН-ээс хүсэлт их ирсэн учраас зээлээ төлсөн бол ангиллыг өөрчлөх шийдвэрийг 2024 оны дөрөвдүгээр сарын 12-нд гаргасан юм.
2024 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл зээлээ төлчихсөн хэрнээ ангилалд орсон хүмүүсийг төлөгдсөн гэдгээр бүртгэхээр өөрчилсөн. Энэ өөрчлөлтөд 127,761 иргэн, ААН хамрагдсан.
Үүнээс Улаанбаатар хотод 55,943, орон нутагт 71,711 иргэн ААН хамрагдаж, зээлийн бүртгэлд өөрчлөлт оруулсныг зарласан.
Зээлээ өнөөдрийг хүртэл төлж чадаагүй, муу ангилалд орсон иргэн, ААН зургаадугаар сарын 2-ноос өмнө зээлээ төлж барагдуулбал энэ шийдвэрт хамаарч, ангиллаа өөрчлүүлнэ" гэлээ.
Монголбанк анх 1924 оны зургаадугаар сарын 2-нд Монгол, ОХУ-ын хамтарсан Худалдаа Аж Үйлдвэрийн Банк нэртэйгээр байгуулагдаж байжээ.
Сэтгэгдэл (1)