Намууд ба хамууд-2
Бүгдээрээ л гучин жил хуримтлагдсан идээ бээр цувж байна гэж бичээд олон жил болж байгаа ч цувирсаар л. Яасан ч дуусдаггүй идээ бээр юм. Яагаад гэвэл бүгд л идээ бээрийг нь хараад байгаа боловч нийгмээ эмчлэх юу ч хийгээгүй л байхгүй юу!
Х.Нямбаатар хотын ажлаа хаяад нөгөө фракцтайгаа зууралдаж байх зуур ЗГ-т ч овоохон үйл явц өрнөжээ. Үүнийг нь харах гээд бараг хоёр долоо хоночихлоо. Энэ зуур хотын намын хорооны төлөөх МАН-ын дотоод дайн эхэлчихлээ. Д.Сумъяабазар гэнэт гарч ирээд “Ногоон автобусны хэрэг”-т МАН-ын УИХ-ын гишүүд бүгдээрээ, голлон ЗГХЭГ-ын дарга, намын генсек Д.Амарбаясгалан, бас ЭЗХөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар холбоотой гэж зарлав. Гишүүд бүгд нэг тэрбум төгрөг авчээ. Төсвийн мөнгөөр яаж наргидагийн жишээ. Яагаад дөрвөн жилд 100 гаруйхан сая төгрөгийн цалин авдаг УИХ-ын гишүүний суудлын төлөө тэрбумаар зарцуулж сонгогдогийг учрыг олох нэг баримт. Энэ тэрбумын хуваалт нэг удаагийнх биш гэдэгт итгээрэй! Томоохон төсөл бүрийн ард ийм зувчуулалт бий.
Нийслэлийн МАН-ын дотоод зөрчил дуусах болоогүй, хотын фракц Д.Сумъяабазартай нэгдэж болзошгүй болчихлоо. Хотын намын хороо хотоос нэр дэвшигчдийг тодруулахад нөлөөтэй оролцож гэмээ нь Д.Сумъяабазар бас нэр дэвшинэ. Тэгэхгүй бол өөрөө жийгдчих гээд байна. Хуульзүйн сайд Б.Энхбаяр бас кабинетдаа бослого гаргалаа. Түүнд тойрог олдоогүй тул жагсаалтанд орохын тулд намын дарга, генсекээ шантаажилж байна. МАН-ын тойрог битүүрчихсэн. Тиймээс зарим хүнийг сайд болгосон нь хуучин үед тэтгэвэрт гаргахын өмнө Сүхбаатарын одонгоор шагнадаг байсантай тун төстэй арга юм. Гэтэл Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Энхбаяраас эхлээд тохироогоо зөрчин амбицлах болжээ.
Мэдээж жагсаалт авч орох хүн нь, нэр дэвшилтийг гардан зохион байгуулах хүн нь генсек учраас Д.Амарбаясгалан хамгийн их дайралтанд өртөж байгаа хэрэг. Бослого гаргагчид дангаараа биш ардаа Ерөнхийлөгчтэй гэсэн цуурхалыг нийгэмд хаяхыг цөхрөлтгүй оролдож байна. Энэ жишгээр бүгд асуудал босговол намын нэр хүнд сонгуулиас өмнө богино хугацаанд үнс нурам болно.
Гэхдээ нэг юм анзаарсан уу? Хэн нь ч Ерөнхий сайд, намын даргаа муулахгүй байна, учир нь тэр л бүхнийг шийднэ. Хэн нь ч Ерөнхийлөгчийг шүүмжлэхгүй байна, тэр хамгийн их нөлөөтэй...
Мөнгөний дайн
Ялахад “Мөнгө, мөнгө, бас дахин мөнгө” хэрэгтэй. Энэ сонгуулийн утга учир, ялалт мөнгөтэй холбоотой. Тойрог томорсон, томрохдоо хэт томорсон. Нэг тойрог ноогдох албан ёсны зардал нэг тэрбум төгрөг. Үүний дээрээс хэвлэл, тараалт, уулзалт, цуглаан зохион байгуулах, туг далбаа, ухуулагчийн хувцас хэрэгсэл, ухуулгын байрны түрээс, чанга яригч, хэвлэлийн зардал, бензин шатахуун... гэх мэт зардал хэмжээлшгүй. Тэрбумтнууд л өрсөлдөж чадна. Өөрөөр хэлбэл тэрбумтнуудын сонгууль. Юун сонгогдох эрх... сонгох эрхийг чинь ч худалдаж авна!
Угаасаа эрх баригчид мөнгөөр ааглах учраас ийм босго тогтоосон. Гудамжныханд санхүүгийн боломж тун тааруу, дээрэс нь эдийн засаг ч сайнгүй байгаа тул сөрөг хүчнийг дэмждэг компаниуд хумсаа мэрж байгаа. Үүнийг МАН-ынхан мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэд тэнэг биш, харин ч ухаалаг. Тиймээс тэд мөнгөөр бороожуулж байна. Гэхдээ мөнгө гэдэг тоотой л эд...
Х.Нямбаатарын хотын тулаан хэдий намынх нь дотоод сахилга батыг чангатгах ч намын нэр хүндийг олон нийийн дунд өргөж чадахгүй. Хугацаа тулсан, тулсан үед амбиц тийм амар дарагддаггүй. Иргэдээс үй түмэн шүүмжлэл даллаж байна. Угаасаа Монголын сонгууль хоёр соёлын заагтай. Хот ба хөдөө. Хүн ам нь тэхий дундуураа энэ хоёр соёлд хуваагддаг.
“Алтайн хүдэр”-ийн баян Базарааг барьсан шуугианы цаана 600 сая орчим ам.долларын асуудал байгаа гэлцэнэ. Сингапураас дамжиж орж ирсэн мөнгөний хэмжээ. Гол нь Номтойбаярын “Үндэсний эвсэл”-ийн санхүүжилтийг таслах, түүгээр дамжиж бусад намуудад очих санхүүжилтийг зогсоох зорилготой байжээ. Гэхдээ энэ мөнгөний хэд нь МАН-д өөрт нь очих байсныг таашгүй. Бизнесмэнүүд ялах талд ахиуг өгдөг. Гэхдээ л бусдад нь гурвыг бидэнд долоохныг өглөө гэдэг нь эрх баригчдын араншин.
Дараа нь П.Цагааны “Ачит Ихт”-ын 12 сая ам.доллар. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Цагаан, Элбэгээ хоёрын дундын бизнес гэж хардаж байсан. Элбэгээ нь Цагаан дангаараа авах нь гэж хардаж байсан. Цагаан нь нөгөө хоёроосоо болгоомжилж байсан, орд нь үүсмэл. Ямар боловч АН-д очих 12 сая ам.долларын санхүүжилтийг гацаав. Сонгуулийн дараа асуудал нь 34 хувиа “Эрдэнэт”-д өгөөгүй болж төгсөх байх.
Энэ 12 сая ам.доллараар Элбэгээгийн фракц санхүүгээр шахаж байгаад жагсаалтын толгойг өрөх зорилготой байсан бололтой. Энэ үйл явц нь нэг талаас АН-ын санхүүжилтийг нураасан боловч нөгөө талаас Лу.Гантөмөрт үзүүлж байсан Элбэгээгийн фракцын дарамтыг багасгаж байна. Өөрөөр хэлбэл одоо АН-ын жагсаалт урд нь хайрцагласнаас огт өөрөөр бичигдэнэ. Ямар ч муу зүйлээс сайныг олж хардаг хүнд бол энэ үйл явц АН-д үе солигдоход их дэм болно. АН-ын хувьд санхүүгийн ресурс султай учраас жагсаалт нь битүүрчихээд байгаа юм. Яагаад..?
Үе хоорондын тэмцэл ба гадаад нөлөө
С.Зоригийн хэргийг гэнэт сөхсөн нь уг нь МАН-ын уламжлалт тактик. Уг нь хүлхэж байхад шимтэй тойг боловч одоо хүлхсээр байгаад шимэлдэг болгосон. Хэн үүнийг зааж өгдөг байна аа? Мэдээж хууччуулаас, ялангуяа үүнийг ашиглаж сурсан тэр л зүгээс, жишээ нь би бол С.Баяр л хэлсэн гэж тааж байна! Залуусын хувьд ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Ардын хувьсгалн удирдагч Д.Сүхбаатарыг хорлосон хэрэг нэг их ялгаагүй, хоюул түүх болсон.
Тиймээс АН-ын залуу улстөрчдөд ямар ч нөлөөгүй, харин ч тэдэнд жагсаалт чөлөөлж өгч байна. Элбэгээ бол хэзээ ч өөрийн мөнгөөр улстөр хийж байгаагүй учраас энэ алдагдлаа нөхөх гэж 100 мянган доллар ч намдаа өгөхгүй. Лу.Гантөмөрт энэ санхүүжилт дутах байх, гэхдээ мөнгө, нэр төр хоёр хоюулаа капитал учраас сөрөг хүчин ямагт давуу байрлалд байдаг. Одоо аюултай нь нэг хэсэг МАН-ын аль ч улстөрчийг “Хотын фракц” гэж цоллоход “үхдэг” байсан шиг одоо “Элбэгээгийн хүн” гэвэл унана.
Л.Оюун-Эрдэнэ ийм байлаа ч энэ сэжүүрээс татгалзах санаагүй байгаа нь Булганы ярилцлага. Одоо хавтас хэргийг олон нийтэд ил болгоно гэж зүтгэнэ. Ил болох нь өмнөх үеийн улстөрчдөд аюултай болохоос залууст бас л хамаагүй. Ил болохдоо зөвхөн АН-ын ч биш тэр үеийн МАН-ын улстөрчдөд ч аюул тарьж мэдэх эд. Тэд засаглаж байсан, тэд л холбоотой. Түүнээс их сургуулийн шалгалтаас өөр санаа зовох юмгүй залууст хамаагүй. Ахиад нэг алхвал АН-д Элбэгээгийн фракцаас тойрогт дэвших гэж байгаа Б.Хурц нарын үеийнхнийг цоожилж магадгүй. Хэрэв шийдэмгий алхам хийвэл Эбэгээ, Хурц, Баярцогт нарыг дэвшүүлэхээ хойш тавьчихвал АН МАН-ын урхинаас хөнгөн гараад явчих л тоглоом. МАН-ыг тээрэмтэй байлдуулаад араар нь бэхжих. Сонгуулийн тактик л даа! Ялъя л гэвэл...
Жаахан холоос харъя. Зодоон зураг хоёрыг холоос харах нь сайн гэдэг биз? Л.Оюун-Эрдэнэ хэдий АН-ын том санхүүжилттэй фракцыг дарсан ч АН-ын нэр дэвшилтэд тус болж байна. Гэхдээ үүгээр дамжин АН-д хагарал үүсгэх боломжийг харна! Үүнийг Д.Амарбаясгалан гарамгай зохион байгуулж сурсан. АН-ын дунд үеийнхэн түүнд очиж намын дотоод үйл явцыг тайлагнаж нөгөөх нь бүрэн зураглалтай сууж байгаа гэдэгт итгэж болно. Гагцхүү Д.Амарбаясгалан өөрөө “Шинэ хоршоо”-той зууралдаад завгүй байна. Учир нь ЗГ-ын дэвших гишүүдийг бүгдийг тойрогт дэвшүүлэхээр нэгэнт шийдсэн.
Уг нь Л.Овун-Эрдэнэ Элбэгээгийн тулаан бол “Женкогийн захиалга” гэсэн мессежийг АН дотор шургуулж, яс хаяна гэж тооцож эхлүүлсэн тоглоом. Ерөөсөө өнгөрсөн дөрвөн жилд Орос-Украйны асуудлаар АН-ыг талцуулж тоглосоор ирсэн байхгүй юу... МАН-ынхан үлээж байснаас огт оролцож байгаагүй!
Тэр ёсоор Элбэгээгийн талынхан Женко руу дайрч, Женкогийнхон Элбэгээгийнхэн рүү ноцно гэж тооцож байна. Гэвч сонгууль дөхсөн тул ийм санаархал гаргасан бүхнийг хоёр тал дэмжихгүй, хязгаарласаар... Хэрэв дотроо ноцолдоод эхэлбэл сонгуульд амжилт олох талаар бодох ч хэрэггүйг аль аль талд нь ойлгуулах үүргийг намын дарга Лу.Гантөмөр өөртөө авчихаад тэнцвэрийг барьж суугаа. Аль, аль нь нэг их тус болдоггүй юм гэхэд дотроо хагарчихгүй байх нь чухал... Тиймээс чимээгүй суусаар, харин МАН-ын дотоод зөрчил улам ихсэж байна. Ийм тохиолдолд намын хэвлэлийн алба, PR бүтэц идэвхгүй хамгаалах биш эсрэг этгээдийнхээ дотоод зөрчлийг дэвэргэх ажлыг сайн хийж чадвал байршлын давуу тал олж болдог. Өөрөөр хэлбэл яг адил проблемийг эсрэг этгээд рүүгээ шидчих л гэсэн үг.
Одоо Элбэгээгийн фракцаас нэр дэвшсэн хэнийг ч болов МАН бариад суулгачих боломжоо олж авахын тулд С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн материалыг ил тод болгож, олон нийтэл задална. Ялангуяа Элбэгээг Ерөнхийлөгч байх үед энэ хэргийг шийдэх ажлыг гардан зохион байгуулсан нэр бүхий хүмүүсийг точиклосон нь лавтай. Хэрэв тэд дэвшвэл шууд татна, харин оронд нь хэнийг дэвшүүлэхээ Лу.Гантөмөр эртнээс тооцож суухаас аргагүй. Өөрөөр хэлбэл 126 нэр дэвшигчийн тойргийн 78 дэвшигчийг тэр эрхийн дагуу мэдэж байгаа. Жагсаалтын 48-ын хувьд фракцуудын тэнцвэрийг хангах үүрэгтэй засаглаж байна. Тиймээс тэр яаран аль нэг фракцынхаа (угаас аль нэгд тал тохой татах ёсгүй, тэр бүгдийн дарга) эсрэг мэдэгдэл хийх ёсгүй тулд өөрөө аандаа бүтэх юмыг өөрчлөхийг нэг их хүсэхгүй байгаа бололтой.
Тиймээс л Н.Алтанхуяг тойрогт биш жагсаалтанд орох сонирхлоо илэрхийлсээр байна. Элбэгээгийн фракцаас мөнгө байхгүй, дээр нь нэр дэвшигч байхгүй болгох тоглоом МАН-ын талаас нэр дэвшилт дуустал үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл АН-ын аль нэг фракц шахсан ч, эс шахсан ч Элбэгээгийн фракцаас жагсаалтанд дэвшүүлэх боломж хумигдаж байх шиг байна. Энэ нь АН-ын дотоод гэхээсээ гадаад хүчин зүйлтэй холбоотой.
Сонгуулийн үеэр улсад алдагдалтай, ноогдол ашиг үүрд авахгүй болгосон “Дубайн гэрээ”-г байгуулсан Сайханбилэгийг гадаадаас алчуур болгоод “өгч” магадгүй гэнэ. Энэ наймаа Д.Камероны нууцлаг айлчлалын үр дүнгээс ихээхэн хамаарах байх л даа! Ингэвэл Ч.Сайханбилэг АН-ын ялалтанд ахиад нэг үнэлж болшгүй тус нэмэр болно. Дээр нь Н.Удаанжаргалыг ч авчирч магадгүй гэж яригдаж байна. Олон нийтийг хариуцлага тооцох чиглэлд улайсгаж байгаад ийм комбинаци хийвэл оноо түүх нь гарцаагүй л дээ.
Сонгуулийн жил эхэлснээс хойш Л.Оюун-Эрдэнэд гадаадаас “санамсаргүй” дэмжлэг олонтаа ирсэн. Нам доторхи тойрог хуваах зодоон таагүй эргэж, яг Лу.Гантөмөр шиг тойргийн дэвшигчдээ мэдэж, жагсаалтаа Ерөнхийлөгчийн мэдэлд тавьж туух шахаж байхад нь гэв гэнэт эсрэг этгээдийн гол санхүүжүүлэгч Сү.Батболдод Малайз дараа АНУ-ын зүгээс дарамт үүсгэж, шүүхээс үл хөдлөх хөрөнгийг нь хураахаар дарамталж эхэлсэн юм.
Сү.Батболд бол МАН-д үлгэрлэвээс яг Элбэгээ шиг үүрэг гүйцэтгэж байсан билээ. Сү.Батболд үл хөдлөх хөрөнгөө хамгаалахаар эзгүй, завгүй явах зуур худ Нямтайширынх нь хүү Номтойбаярыг дарамталж эхэлсэн юм. Энэ аз уу? Эсвэл “тэнгэрийн ивээл” үү? Н.Номтойбаярын “Үндэсний эвсэл”-ийг зохион байгуулахад М.Энхсайхан хүчин зүтгэж явсан ба намаа “ХҮН”-тэй эвсүүлэх санаатай байсан, тэнд зөвлөхөөр явсан тэрбээр гэнэт Н.Номтойбаярын эвсэлд орсон нь гайхал төрүүлж байв. Санхүүгийн сайн нөөцтэй гэгдэж байсан энэ эвсэл одоо хүндхэн байгаа ч буцах зам нэгэнт хаагдсан. Чухамдаа энэ эвсэлд Н.Номтойбаяраас өөр ”шинэ хүн” байхгүй. Хэт шинэ хүн бол нэр дэвшигчгүйтэй адил.
Энэ бүхний эцэст Л.Оюун-Эрдэнэ нам дахь тойрог хуваарилах эрхээ гартаа төвлөрүүлж авсан бололтой. Ингэмэгцээ мөн л гуравдагч хөршийн төлөөлөгчийн толгойлогчид чадамгай тоглодог Ерөнхийлөгч асан Элбэгдоржийг ирүүл тулаанд дуудсан нь “Барууны ертөнцийн төлөөлөл”-ийн толгой болох эрмэлзэл, эсбөгөөс цаанаас өгсөн “бэлэг” байж болох талтай. Өөрөөр хэлбэл түүнийг “КУТВ”-дэж тодорхой хэлбэл “Харвардаж” сургаж боловсруулсан тал Монголын улстөрд үе халах, өмнөх үеийн нэр хүндээ алдсан улстөрчдийг улстөрөөс холдуулах, шинэ үед нөлөөллөө хадгалж түшиглэхийг эрмэлзэж, түүнийгээ тодорхой ойлгуулсан хэрэг байж болох талтай байна. Чухам иймээс тэр хуучуулыг арчихдаа ихээхэн зоригтой хөдөлжбайх шиг байна. Зүгээр л хар л даа, өнөө “Мета” компанийн төлөөлөгчид ирээд Монголын сонгуулийг Орос, хятадын нөлөөллөөс ангид хийлгэхийн тулд МАН-тай хамтарч ажиллана гэж ил тод мэдэгдээд явж байна. Энэ өөрөө тэгээд АН-ын нөлөөлөл биш юм уу? Ийм хүчтэй техникийн дэмжлэг хар машин дээр давтагдана гэж бодвол сонгуулийн үр дүн тодорхой биш үү? Хамгийн эмгэнэлтэй нь барууныхан Монголын улстөрд АН-ынханд түшиглэхээ болиод МАН-д түшиглэхээр шийдсэн бол АН дахь либерал жигүүрийг туйлын хүнд байдалд шахаж оруулна гэсэн үг. Үүнээс үзэл санааны томоохон шилжилтийн хүлээлт үүснэ дээ!
Эцэст нь дүгнэхэд МАН сонгуулийн бэлтгэлээ эсрэг талынхаа санхүүжилтийг нураах зорилготой эрчимжүүлж байна. Явж явж энэ нь нам хоорондын гэхээсээ илүүтэй үе хоорондын тэмцэл болон өрнөж байна. Л.Оюун-Эрдэнэ ямар ч үнээр, аргаар хамаагүй Элбэгээг ялах ёстой, хэрэв ялахгүй бол намд нь сөрөг нөлөөтэй тул зогсохгүй нь тодорхой!
Хүчний дахин хуваарилалт
Монголын улстөрд нэг их олон үзэл санаатай улстөрч байдаггүй. Тийм хүмүүс нэг л сонгогдоод сонгогчид нь ойлгодоггүй тул ахиж гарч ирэх нь ховор.
Сүүлийн хэдэн жилд МАН-д болсон үе солих үйл явцын үр дүнд МАН илүү барууны баримжаатай, баруунд төгссөн шинэ боловсон хүчний нөөцтэй, тэдгээр хүмүүсээ төрийн албанд байршуулж сургасан шинэ нам болсон байна. Харин АН дотоод тэмцэлдээ л ашигладаг либерал уриатай жигүүрээ эс тооцвол илүү консерватив хандлагатай нам болон хувирч байна. Харин АН баруун төвийн үзэл санаагаа голлосон юм бол яагаад МАН-ын эдийн засгийн бодлогуудыг хурцаар шүүмжилж чадсангүй вэ?
Хэрэв МАН-ын даргын чармайлт, АН-ын даргын тэвчээрийн дүнд хуучин үеийн улстөрчдийг улстөрийн дээд эрэмбээс шахаж байгаа юм бол ойрын хугацаанд хүчний дахин хуваарилалт зайлшгүй болно. Тэгж яривал АН-ын либерал жигүүр МАН-д илүү ойр байх нөхцөл үүснэ. Толгойлогч нь МАН-д байхад шүү!
Одоо МАН-ыг яаж коммунист гэж цоллоод “Харвардын коммунист”-ууд гэж шоолоод хуучин имиж нь наалдахаа больчихсон. Мэдээж МАН-ыг дэмжигч хөгшчүүл олон бий, гэхдээ тэд цөөрсөөр байна. Оронд нь залуучууд олноор МАН-дэлсэж байна.
Энэ барууны үзэл санааны нөгөө талд “Үндэсний үзэл” сөрөн зогсож байна. Нийтээр нь “Мояа” гэж цоллодог энэ нийгмийн бүлэг сонгогдын массын 30-35 хувийг бүрдүүлдэг, аль нэг намд харъяалалгүй ч үндэсний болоод үндсэрхэг уриаг дагахад хэзээд бэлэн байдаг. МАН-ын шинэ үе яг энэ олонлог дээр түшиглэж намын болоод засгийн эрхэнд гарсан. Өөрөөр хэлбэл Х.Баттулгын 2017 оны сонгуулийн ялалтын дараа МАН дахь “хотын” буюу “Хятадын талыг баримтлагч” гэгдсэн бүлэглэлийг түүний дэмжлэгээр ялж бэхэжсэн юм. Үүнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хотын хоёр ч дарга хамаарна.
Дараа нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болоход бие дааж эхэлсэн ба Ерөнхий сайд нь барууныг түшиглэж, харин Ерөнхийлөгч нь хууччуулдаа түшиглэх замыг сонгосон билээ. Харин одоо “Хууччуулаа зайлуул!” гэж тэр хэлсэн, “Хуц” гэчих сачийтай аавын хүү байхгүй...
МАН-ын хотынхон ба хууччуул, шинэ үе гэсэн триадын дотоод тэмцлийн явцад шинэ үеийнхэн нь ялж байна, гэхдээ сонгуулиар тэднийг унагачих схемүүд үй олон зурагдсан. 2017 онд Хотынхныг яалаа? Тиймээс л Ерөнхий сайд нь өөрөө гарч үзэлцэж байж дарж авахыг хичээж байна.
Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн хувьд аль эрт тохиролцоо хийгдсэн. Хэрэв нам ялбал Үндсэн хуулийг “жаахаан” өөрчлөөд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох хувилбараар... Нэг талаас манай Ерөнхийлөгчийн ч юм шиг, парламентын ч юм шиг хосолмол засаглалыг халаад нэгмөсөн хүчтэй Ерөнхий сайд бүхий парламентын засаглалд шилжих тохироо юм. Ерөнхийлөгчийн институцид алдагдалтай авч Ерөнхийлөгчид өөрт нь ашигтай энэ хувилбар хэрэгжтэлээ овоохон юм болно оо, зүгээр.
Ерөнхийлөгч нь үүнд бүрэн итгэхгүй байна, Ерөнхий сайд нь ч сонгуулийн дараа парламент бэхжээгүй, Засгийн газар байгуулах бужигнааны үеэр эрх мэдэл нь өсдөг Ерөнхийлөгчийн явуулгаар (одоо ч хангалттай л явуургадаж байгаа) М.Энхболд, Ж.Эрдэнэбатыг нураасан шиг үйл явц болчих вий гэж болгоомжилж байгаа юм. Аль аль нь хартай, хашир тоглоомчид...
Тиймээс аль аль нь парламентыг өөрийн хүмүүсээр дүүргэх эрмэлзэлтэй байгаа хэрэг. Улстөрийн аливаа тоглоомонд туршлагатай, зоримог улстөрчид л тоглолтыг эргүүлдэг. Шинэ улстөрчид бол гуйвамтгай, бодлогогүй, гэнэт гарт ньорж ирсэн эрх мэдлээр тоглож өөрийгөө мэдрэх дуртай байдаг. Л.Оюун-Эрдэнэийн дутагдалтай тал нь үндэсний үзэлтнүүдийн дэмжлэг ихээхэн буурсан. Ерөнхийлөгчийг “төрийн тэргүүн” гэдэг утгаар өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжиж байсан үндэсний үзэлтнүүд голдуу түүнд талтай болсон, сонгуулийн ялалт нь үүнийг бэлхнээ нотолно.
МАН-ыг хуваах, эсбөгөөс парламентад овоо хэдэн суудал шимэх ёстой байсан Н.Номтойбаярын эвслийг үндэсний уриагаар цэнэглэхийг оролдсон авч МАН-ын хотын фракц очоод наалдчихаар ямар элэнцгийн үндэсний үзэл болох вэ дээ! Тэгээд ч МҮАН-д “Үндэсний үзлийн малгай” огт зохихгүй байгааг өөрсдөө хүлээн зөвшөөрч чадахгүй явсаар байна. Костюман дээр шовгор оройтой, өргөн бүчтэй малгай өмчихөөд яваа мэт л харагдаад байдаг, ер нь коммунизмын үед төлөвшсөн, “хойно төгссөн” сэхээтнүүдээс үндэсний үзэл үнэртдэггүй юм л даа, энэ үзэл санаа бас барууншчихаагүй шинэ үед илүү зохино! Олонхи нь их сайндаа хөгийн шовинист л болж хувирсан байдаг.
Тиймээс Л.Оюун-Эрдэнэ үндэсний үзэлтнүүдээр, Ерөнхийлөгч либералчуудаар парламент дахь сууриа бэхжүүлэх хэрэгтэй болчихоод байгаа юм. Ерөнхийлөгч дэмжлэгээ нэмэхийн тулд АН-тай холбоотон болохыг хичээж, яг хуучин маягаар зарим тусламжийг үзүүлсэндээ амар амгалан суугаа хэрэг л дээ. Ямар ч тохиолдолд АН-аас цөөнгүй гишүүд парламентад орох учраас энэ гарцаагүй бодох тооцоо мөн. Л.Оюун-Эрдэнийн Элбэгээг зодож харуулсан үйлдэл нь бусад хууччуулд харуулах зорилготой юм л даа! Жишээ нь Ерөнхийлөгч хууччуулын төлөөлөл мөн үү, мөн! Хэрэв МАН сонгуульд ялаад, Л.Оюун-Эрдэнэ дахин Ерөнхий сайд болбол, намын даргаа хадгалж үлдвэл Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх нь, ялуулах эсэх нь түүний л хүсэл зорго болох юм. Тиймээс ялалт хол байна, хол байна...
Чухам энэ бодит нөхцөл байдал дээр үзэл санааны гэхээсээ илүү прагматик хүчний хуваарилалт явагдана. Гэхдээ яаж ч прагматик тоглолсон үзэл санааны суурийг харгалзаж үзэх л ёстой болно. Дангаар ноёлж дайсагнадаг коммунист үе өнгөрч, нөлөө ба оролцооны зарчим үйлчилдэг болсон нь бас л бодит байдал мөн.
Хот ба хөдөө
Хотод байдал эвгүйцэх тусам МАН хөдөөд түшиглэхийг эрмэлзэж байна. Тэдний “аз” болж энэ жил хатуу гарч, зуданд нэрвэгдэв. Нэгэнт Засгийн газрынхныг тойрогт дэвшүүлэх болсон учраас өнгөрсөн хоёр сард ЗГ хотыг бараг мартаад бүгд хөдөө цас малтсан.
Төсвийн нэмэлт орлогыг хайр найргүй цацсан, Ерөнхий сайдын мэдлийн нөөцийн гуравны хоёрыг барчихсан. Нэгэнт эрх барьж байгаа тал санхүүгийн арвин нөөцтэй байдаг учраас малчдыг шууд худалдан авах аргыг улайм цайм хийж байна.
Зээлийнх нь хүүг тэглэв, малд нь өвс тэжээл, малчдад гурил будаа тараав, орон нутгийн сонгуулийн идэвхтэн гол тулгуур болсон сумдын дарга нарыг машинаар хангаж байна. Дэрээс нь “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилж малчдыг мянга мянгаар нь хотод авчирч хуралдуулж, бүсчлэн цуглуулж, уусан архинд нь биш уух архинд нь согтоохыг оролдож байна.
Нүүрсний экспортын тоон өсөлтөөс төсөвт нэмэлтээр орж ирсэн хөрөнгийг үндсэндээ сонгуульд зарцуулаад дуусгалаа. Гэнэт хотыг хөсөр хаяснаа мэдээд өнгөрсөн хугацааны “Баялгийн сан”-гийн хуримтлалыг ипотект зарцуулахаар болов. Өөрийн мөнгөөр гараа угаахын зэрэгцээ, өрөөлийн мөнгийг хураан авч байна.
Харин энэ зуур татварын дарамт, зээлийн өндөр хүү, авилгын сүлжээнд дарлуулсан хотын иргэдийн зэвүүцэл өсөн нэмэгдсээр байна. Үүнийг дарах, сонгуулийн санхүүжилтийг босгохын тулд хотоос асар их мөнгөн дүнтэй дотоод, гадаад бонд гаргахаар бэлтгэж байна. Мэдээж үүнийг модоо барих шахсан иргэд худалдаж авахгүй. Төв банк цалин, тэтгэврийн нэмэгдэл, ноогдол ашгийн асар их мөнгө зах зээлд нийлүүлсээр байхад бодлогын хүүгээ бууруулж байна. Энэ бодлогын хүүгээс 1-2 хувь өндөр хүүтэй хотын бондыг арилжааны банкууд л худалдаж авах учраас тэр...
Ерөөсөө 2024 оны сонгууль улстөрийн тэмцэл биш цэвэр мөнгөний л дайн болж байна...
А.Баатархуяг /baabar.mn/
Сэтгэгдэл (2)