Ном унших нь өөртөө цаг гаргаж түүндээ анхаарал хандуулж, төвлөрөх дадалд сургадаг. Юун түрүүнд өөрийн тань хүсэл сонирхолд нийцэх ном байх хэрэгтэй. Басхүү таны мэдлэг мэргэжил, эрдэм оюуныг шинэчлэхүйц сайн ном сонгох нь чухал. Сайн ном хүний мэдлэгийн хязгаарыг тэлнэ. Мэдлэгийн хязгаар хаа хүрнэ, хүний оюун санааны ертөнцийн хязгаар тэнд байна гэсэн үг. Илүү уудам, илүү сайхан ертөнцөд амьдаръя гэвэл сайн номтой нөхөрлөх нь чухал гэж би боддог. Иймд хэвлэлийн газрынхаа эрхлэн гаргасан номоос нас хүйс, салбарын төлөөлөлд зориулж дараах зургаан номыг та бүхэнд санал болгож байна.
1. Эмэран Майэр. Тархи-гэдэсний холбоос
Эрүүл хооллолт ид хүчээ авсан өнөө цагт энэ номыг танд санал болгоё. Гэхдээ энэ таны урьд өмнө уншсан эрүүл хооллолтын номуудаас огт өөр гэдгийг юун түрүүнд сануулъя. Номын зохиогч Эмэран Майэр Баваарын жижигхэн хотод 1873 оноос хойш үе дамжин эрхэлсэн амттаны бизнесээ орхин Мюнхэний Людвиг-Максимлианы Их сургуулийн Анагаахын сургуулийг төгсөж Канад, Америкийн судалгааны төвүүдэд хавдар судлалаар мэргэшихдээ тархи-ходоод хоёрын шүтэлцээг сонирхож эхэлжээ. Ташрамд сонирхуулахад зохиогч буддын шашны шүтэн барилдлага, нигүүлслийг тухайн судалсан гэдэг. Тархи-гэдэсний холбоос бүхэлдээ “тэжээхүйн ухаан”-ы тухай. Яагаад энэ нэр томьёог зоригтой хэрэглэчих вээ гэвэл зохиогч олон үндэстний уламжлалт анагаах ухааныг гүн судалжээ. Түүн дотроо Хятадын уламжлалт анагаах ухаан, Аюурвэд уламжлалыг орчин үеийн шинжлэх ухааны нээлтээр тайлбарласан буй. Хүний ходоод яг тархи шиг мэдрэлийн системтэй, түүгээр дамжуулан тархитай харьцдаг хэмээн өгүүлэх ном эртний уламжлалт тэжээхүйн ухааныг өнөөгийн хэлээр хүүрнэнэ.
2. DK хэвлэлийн газар. Дэлхийн түүхэн товчоон: Арслан заанаас дэлхийн дайн хүртэл
Нэпко хэвлэлийн газар үндэстэн дамнасан Dorling Kindersley Limited хэвлэлийн газартай олон жил хамтран ажиллаж байгаа. Dorling Kindersley Limited-ийн номууд төрөл бүрийн сэдвийг зураг чимэглэлтэй, товч тодорхой агуулгатай, бүх насны хүнд ойлгомжтой байдгаараа онцгой. Нэпко хэвлэлийн газраас монгол хэлээр эрхлэн гаргасан Dorling Kindersley Limited-ийн номуудаас үүнийг санал болгож байна. Дэлхийн түүхэн товчоон Дэлхийн түүхийн гол үйл явдлуудыг тодорхойлсон энэхүү гайхалтай зурагт товчоонд эзэнт улсуудын мандал, мөхлөөс эхлээд бидний амьдралыг өөрчилсөн зохион бүтээлүүд хүртэл, шинжлэх ухааны нээлтүүдээс авхуулаад урлагийн шинэ чиглэлүүд хүртэлх бүхий л зүйлийн түүх багтжээ. Гоёмсог зураг чимэглэл, сонирхолтой баримт, нарийн мэдээллүүдийн цогц болсон Дэлхийн түүхэн товчоон бол дэлхийн түүхийн талаарх хамгийн шинэлэг, хамгийн чухал гарын авлага юм.
3.Фрэнсис Фукуяма. Танигдахуй: Нэр төрийн хэрэгцээ ба гомдлын улс төр
Зөвлөлт Холбоот Улс 1991 онд нурсны хойтон жил хэвлэгдсэн Фрэнсис Фукуямагийн Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн номоороо ардчилсан дэглэм дэлхийд өрсөлдөгчгүйгээр ноёрхсоноор хүмүүн төрөлхтний түүх төгсгөх үү гэдэг асуулт тавиад дэлхийг шуугиулсан. Либерализм нийгмийн хамтач сэтгэлгээг үгүй хийхэд хувиа бодож довоо шарлуулсан “сүүлчийн хүн” бойжих уу гэдэг санаа зовоосон шинэ асуултад хариулт өгсөн нь тэр. Тэгвэл Танигдахуй: Нэр төрийн хэрэгцээ ба гомдлын улс төр номоороо өнөөгийн тогтолцооны гажигт анхаарал хандуулжээ. Ном бүхэлдээ өнөөгийн бидний дотоод зөрчлийн тухай. Ардчилал, олон улсын хүний эрхийн элдэв баримт бичгээр “хүн бүхэн эн чацуу” гэх боловч амьдрал дээр чанх эсрэг, өнөөх л ялгаа... Гэхдээ өнөөгийн нийгэм хийгээд техник, технологийн хөгжил хэн бүхэнд нээлттэйн учир хүн бүр өөрийгөө нотлохыг хичээмүй. Шинэ популист үндсэрхэг үзлээс авхуулаад шашны нэр барьдаг аллага ч бүгд танигдахуйн шаналан ажгуу. Танигдахуйг хүмүүсийг хуваахад ашиглаж болно, нэгтгэхэд ч ашиглаж болох гэнэ.
4. Жорж Гилдэр. БАЯЛАГ БА ЯДУУРАЛ
Анх 1982 онд хэвлэгдэж, 2012 онд шинэчлэгдсэн бөгөөд Нэпко хэвлэлийн газар “XXI зуунд зориулсан шинэ хэвлэл”-ийнх нь эрхийг аваад монголоор хүргэлээ. Номын ач холбогдол өнөөдөр ч хэвээрээ. Төр засаг хувийн хэвшлийг зүсэн зүйлээр хяхаж хавчин, хясан боогдуулж ядуурал тийш хэлбэрэлтгүй замнадгийг харуулсан бүтээл. Жорж Гилдэр 1982 оноос өмнө хийсэн судалгаа, дүн шинжилгээгээр Америкийн ирээдүйг тольдсон нь 2012 он гэхэд бардаагаар биеллээ олж, Америк эргэлт буцалтгүй ёроол руу живж яваа нь энгийн хүнд ч анзаарагдаж эхэлсэн байдаг. Авсан, татсан жишээ нь Америкийнх голчлох боловч капитал хийгээд капитализмын түгээмэл мөн чанар хаа ч хувиршгүй. Сонгуулийн дэмийрэл оргилдоо хүрч, социалист архаг өвчиндөө халууран дэмийрч ахуй цаг дор уншууштай ном. ЗГХЭГ-ын дарга нь “аж ахуйн нэгж, компаниуд хэт их ашиг олж байна” гэдэг үндэслэлээр хувийн хэвшилд дайн зарлаж, Ерөнхий сайд нь хувийн компаниуд олборлож буй уурхайг булааж аваад “Үндэсний баялгийн сан” үүсгэж ард иргэдээ жаргаана хэмээх үлгэр хүүрнэх энэ цөвүүн цагт чухалд аван судлах бүтээл гарцаагүй мөн билээ.
5. Коно Эйтаро. 100 хүний 1 нь л хэрэгжүүлдэг ажлын ноу-хау
Номын зохиогч Коно Эйтаро япон хүн гэдгийг та шууд таасан байх. Токиогийн Их сургуулийг 1997 онд төгссөн Коно зар сурталчилгааны томоохон агентлаг, гадаадын консалтингийн компаниас ажлын гараагаа эхлүүлж 2002 оноос GBS, IBM Japan, Ltd компанийн Бизнес хөгжлийн дэлхийн захирлын туслахын албыг хаших болжээ. Карьерын тэрхүү туршлагаараа амьдралаас олж мэдсэн төдийгүй амьдралаа ашиглаж, хэвшүүлсэнарга барилынхаа талаар өгүүлсэн. Түүний “3 минут өгөөч”, BBC тохиргоо ашиглах гэх мэт онц хэрэгтэй заавар зөвлөмжийг залуу дээрээ унших, уншаад зогсохгүй хэрэгжүүлэх нь л чухал. Ялангуяа өнөөгийн цахим орчинд өнгө, тэмдэгт, зай талбайг зөв ашиглах тухай зөвлөгөөг нь амьдралдаа шууд л хэрэгжүүлүүштэй. Түүнчлэн орчин цагийн асар их мэдээллийг товчхон бөгөөд тодорхой багтаажээ. Уншаад орхих биш, хэрэгжүүлэх. Номын гарчиг ч үүнийг сануулаад байгаа шүү дээ.
6. Кэтрин Хаким. Honey Money
Номын нэрийг яагаад орчуулсангүй вэ гэдэг асуулт шууд толгойд орно. Уншаад дуусахад орчуулаагүй нь оножээ гэж бодогдоно. Тэгээд “царайны сайхнаар цай сүлэх” байтугай ашиг тустайг ухаарна. Залуучуудад, ялангуяа охид, бүсгүйчүүдэд дур хүсэл өдөөсөн тачаангуй намба төрх чинь нэг их чухал биш гэж сургадаг хүмүүс өөрсдөө зүс царай тааруухан биш юм аа гэхэд ёс суртахуунаар маруухан амьтад байдаг. Кэтрин Хакимын “эротик капитал” гэж томьёолсон гоо үзэсгэлэнг өгөршсөн хуучинсаг үзэлтэн ба радикал феминистүүд үнэ цэнгүй болгохоор дуу дуугаа аван “тэмцдэг”. Кэтрин Хаким охид бүсгүйчүүд, тэр дундаа мөнгө санхүү нимгэн, оюун ухаан гойд биш, эс бөгөөс тэнгэрийн умдаг атгачхаагүй л бол өөрийгөө өөд нь татаж аль чадахаараа ашиг хүртэх ёстой хэмээн шулуухан айлджээ. Кэтрин амны зоргоор бурдаг инфлюсэр биш, өөрийгөө зарлан тунхаглачихсан London School of Economics сургуулийн нэр хүндтэй багш. Honey Money гэдэг аазгай хөдөлгөсөн томьёолол No money, no honey хэлцээс үүдэлтэй нь андашгүй боловч өргөн дэлгэр тайлбар, олон эх сурвалжийн статистик, хавсралтууд энэ ном шинжлэх ухааны бүтээл гэдгийг нь батална.
Сэтгэгдэл (2)