x

“Малчны хохирлыг төр биш даатгалын компани барагдуулдаг болох ёстой”

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн орон тооны бус зөвлөх Д.Доржпүрэвтэй ярилцлаа.

-“Олуулаа” клубээс санаачлан, “Илүү олон төл аваръя” аян зарлаад байна.  Аяныхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Зудтай газруудаар явж, нөхцөл байдалтай танилцан,  малчдын санал бодлыг сонслоо. Малчдын хувьд төл малаа хорогдолгүй хүлээн авах нь чухал байна. “Төл хүлээн авлаа, бойжуулж чадахгүй бол малын хорогдлыг гүйцээж чадахгүй давхар хохирно. Тийм учраас төл бойжуулахад сүү, тэжээл хэрэгтэй байна. Энэ асуудал дээр арга хэмжээ авч өгөөч” гэж хүссэн.

“Олуулаа” клубын гишүүд маань ярилцаад “Ганц хүн хийх ажил биш юм байна. Улсын хэмжээнд аян зарлая. Монгол Улсыг өмнө нь хүнд нөхцөлд ороход тусалж байсан гуравдагч хөршүүд рүүгээ хандая” гээд бид олон нийтэд хандан мэдээлэл хийсэн. Орой нь  найз нөхөд маань утсаар холбогдож, “Аянд нэгдье.  Шингэн сүү хэдэн литр хэрэгтэй вэ”гэж асуун дэмжлэг үзүүлж эхэлсэн.

Тусалж, дэмжихийг хүссэн хүмүүстээ хандаж хэлэхэд, төл малд зориулаад хуурай сүү, хүүхдэд зориулсан найруулдаг сүү, тэжээл байж болно. 100 нь зуудахгүй мөнгөн хэлбэрээр ч тусалж болно.

Цугларсан мөнгөн тусламж, эд бараа материалыг бид орон нутгийн Онцгой комисст хүргэж өгнө. Тусламж үзүүлсэн хүн бүрийн мэдээллийг тодорхой тавьж, цаашдаа ч хандивын аян өрнүүлэх болоход энэ жишгээр явах нь зөв юм байна гэдэг загварыг гаргаж, ажиллахаар зорьж байна.

-Таны ажилласан газарт малын хорогдол хэр их байв?

-Төв аймгийн зарим сумдад ажиллалаа. 2000 малтай байсан малчин 300 хонь, 20, 30 үхэр, 100 гаруй адуутай байсан бол 20 адуутай л үлдсэн байна.

Одоогоор улсын хэмжээнд 3 сая гаруй толгой мал хорогдоод байна. Монгол Улс 2009-2010 онд болсон зуднаар 9.8 сая толгой мал алдсан юм билээ. Энэ рүү хүрчихгүй байгаасай гэж бодох ч ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөхүйц тоо гарч мэдэх шинжтэй байна. Тийм ч учраас бид энэ эрсдэлийг бууруулахын тулд “Олуулаа илүү олон төл аваръя” гэдэг аян зарласан юм.

-Малчид малаа хэр даатгуулсан байна вэ. Та асууж үзэв үү?

-Малаа даатгуулсан малчин цөөн, харин амь насны даатгал хийлгэсэн малчид бол байна. Ийм даатгал байх нь зөв гэхдээ бас дутуу ажиллаж байна. Юу гэхээр зээл хүсэхээр малчин банкин дээр очиход барьцаалбартай гэрээ, зээлийн гэрээ гэж хийдэг юм байна. Барьцааны гэрээн дээр нь тэдэн тооны малыг тийм үнэлгээтэйгээр тооцоод барьцаанд авлаа шүү гэдгийг сум орон нутгийнх нь Тамгын газарт мэдэгдээд А бүртгэл гэж байдаг түүн дээр нь бүртгэдэг. Түүний хажуугаар малчны амь насны даатгал маягийн юм хийж байна. Хэрвээ малчин эрсдэх, эрүүл мэндээрээ хохирох юм бол даатгалаас зээлийг нь хариуцна.

Ганц малчин даатгуулахгүй, хамтран зээлдэгч гээд бас нэг хүн даатгуулж байна. Малчнаа эрүүл мэндийн хувьд даатгах нь зөв боловч малаа даатгах асуудал орхигдож ирж…

Уг нь мал чинь зээлийн хөрөнгө шүү дээ. Хотынхон автомашин зээлээр авлаа гэхэд машинаа даатгуулдаг, өөрийгөө даатгуулдаг. Гэтэл мал даатгал байдаггүй. Байгаа гээд малчдын яриад байгаа даатгал нь Малын индексжүүлсэн даатгал.  Өөр даатгалын бүтээгдэхүүн алга.

-Малын индексжүүлсэн даатгалд хамрагддаг малын тоо тун хангалтгүй харагддаг. Даатгалынх нь үнэ хөлс өндөр байна уу, эсвэл энд өөр шалтгаан байна уу?

-Шалтгаан байна. Малын индексжүүлсэн даатгал гэдэг даатгалын компани нь төрийн оролцоотой компани.  Уг компани малчдад юуг ойлгуулж хийх ёстой байсан бэ гэвэл зуд болоод асуудал үүсэхэд малаа даатгуулсан тохиолдолд малчин та нөхөн олговор аваад түүгээр зээлээ төлдөг юм уу, өөр зүйлд зарцуулах боломжтой гэдгийг нь сайн ойлгуулах ёстой байж.  Нэгдүгээрт асуудал нь энэ.

Хоёрдугаарт, Малын индексжүүлсэн даатгал малчинд хэрэггүй даатгал болж хувирсан байна.

-Яагаад?

-Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль 2014 оноос эхлэн хэрэгжсэн. Хуульд зааснаар тухайн сумын нийт малчдын 20-иос дээш хувь даатгуулсан байх ёстой. Мал цас, зуд, үерт хорогдвол тэр нь тухайн сумын малчдын малын тооны 5 хувь, 6 хувиас дээш байвал даатгал нь ажиллана. Даатгал ажиллахдаа зөвхөн бод малын тоонд үндэслэж хорогдлыг тооцно.

Энэ жилийн зуднаар ихэвчлэн бог мал буюу хонь, ямаа хорогдож байгаа. Гэтэл бод малынх нь тоогоор тоолоод үзэхээр аль ч суманд 5, 6 хувиас илүү гарчихаад байгаа. Тооны олон нь бог мал дээр, чанарын олон нь бод мал дээр яваад байгаа.

Малчид даатгуулчихсандаа гэж бодож байтал даатгал авах үндэс гарч ирдэггүй учраас малаа малын индексжүүлсэн даатгалд хамруулах сонирхол төрдөггүй юм байна.

Цаашдаа УИХ энэ асуудлыг анхаарч малчдад ч ашигтай, даатгалын компанидаа ч ашигтай тусах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Мал төрийн хамгаалалтад байна гээд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хэрнээ хамгийн том хөрөнгөө даатгалгүй сайн дурын үндсэн дээр яваад байх нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна. Хэрвээ төр хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарахгүй бол малчдад малаа эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин алга.

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хуралдаад малчны зээл төлөлтийг нэг жилээр хойшлуулах, зээлийн хүүгийн 75 хувийг төрөөс даах шийдвэр гаргалаа.

Угтаа бол малчны зээлийн хүүг төр төлөх биш тэр даатгал хийсэн компани ажиллаж төлөх ёстой. Тэр даатгалын компанийг ажлаа хий гэж Засгийн газар шахах ёстой.  Малын индексжүүлсэн даатгал гэж компани бол төрийн мэдлийн компани.  Тус компанид даатгалаар өнгөрсөн онд хэдэн төгрөг төвлөрсөн юм, хохирол амссан малчдад санд төвлөрсөн хөрөнгөөс хуваарил л даа.

Малчны зээл авахад амь насны даатгал гээд даатгал хийсэн компани байна. Авсан зээл болгоноос 0,45 хувийн шимтгэл авдаг.  Эрсдэлийг чинь хамгаална гээд даатгалын компани тэр шимтгэлийг авсан.

Тэрхүү шимтгэлээс нь сан бүрдсэн. Тэр даатгал хийсэн компани сангаасаа малчдад даатгалынх нь нөхөн төлбөрийг олго л доо. Яагаад болохгүй гэж. Төрд мөнгө нь илүүдээд байгаа юм бол  бусад зүйлдээ зарцуул л даа.

Хэрвээ даатгалын хөрөнгүүдийг даатгал үүсч хөгжсөнөөс тооцоод явах юм бол  тэр сангаас нь Засгийн газрын малчны зээлийн хүүгийн төлбөрийг даахаар амласан 220 тэрбум төгрөг асуудалгүй гарчих байх шүү.

-Малчны зээлийн хүүгийн төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулах шийдвэр гаргасныг та бол дэмжихгүй байна тийм үү?

-Энэ бол ялгаварлал, зарчмын хувьд буруу. Малчидтай уулзахад “Зээлийн хүүг тэглээд өг, төрөөр даалгая” гэж ярихгүй байгаа.

Харин төл малаа онд мэнд оруулъя. Төл малаа хүлээгээд авчихвал мал сүрэг сайхан өсдөг. Тийм учраас төл малыг хорогдолгүй хүлээн авах боломжоор л хангаад өг гэж байна. Тэр боломжоор л хангаад өг л дээ, урдуур нь битгий ороод гүйгээд бай л даа. Хэрэв Засгийн газар иргэддээ ялгавартай хандан, гал унтраах маягаар шийдвэр гаргаад явах юм бол цурманд орсон гал хэзээ ч үлээгдээд асч магадгүй шиг иргэд нэг л өдөр тэвчээр нь алдарч тэсэрнэ шүү дээ.

Тийм учраас даатгалын тогтолцоогоо шинэчлэх, илүү эрсдлийг бууруулдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх шийдлээ хайх ёстой. Ирээдүйд дахин учирч болох тэр эрсдлийг өнөөдрийнх шиг алдахгүйгээр яаж хийх вэ гэдгээ бодмоор  байна. Энэ асуудал дээр ч “Олуулаа” клубынхэн ухаанаа уралдуулж сууна.

Г.ХОРОЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Энгийнийг ухаалгаар 4 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2 цаг 45 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2 цаг 59 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 6 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 4 цаг 12 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 4 цаг 33 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 17 цаг 35 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 22 цаг 49 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 6 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 23 цаг 49 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 23 цаг 59 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top