x

Л.Жамбаа: Монголд жижиг станцууд тохиромжтой

Энэ өвлийн туршид нийслэлчүүд цахилгаан, шатахуун гээд амин чухал хэрэгцээгээрээ бусдаас хараат байхын горыг тултал амслаа.

Өөрсдийн нөөц боломжоо ашиглан бие дааж, "том болох" цаг уг нь хэдийнээ болчихсон. Гэхдээ л улсын цаашдын ирээдүйд тун чухал төслүүд хөдөлж өгдөггүй гачлантай. Тэгвэл эрчим хүчний хэрэглээгээ хэрхэн шийдэх, дэлхий нийтээрээ яригдах болсон шилжилтийг Монголд хэрхэн хийх зэрэг асуудлаар Эрчим хүчний шинжээч Л.Жамбаатай ярилцлаа.

-Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд дэлхий нийтээрээ эрчим хүчний шилжилт хийх ёстой тухай их яригдах болсон. Эрчим хүчний шилжилт гэж яг юуг хэлээд байгааг уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-Хүн төрөлхтөн анх мод, нүүрс ашигладаг болж, дараа нь газрын тос, байгалийн хий ашиглах болсон. Харин одоо газрын тос, байгалийн хийнээс татгалзаж, цэвэр эрчим хүч хэрэглэдэг болъё гэж байгаа юм. Тэгэхээр эрчим хүчинд ашиглаж буй технологийн хоорондох үйл явцыг шилжилт гэж нэрлэж байгаа.

Энэ удаагийн шилжилтийн онцлог нь дэлхийн дулааралтай холбоотойгоор хүлэмжийн хийг их ялгаруулж байна гэж үзээд нүүрс, байгалийн хийнээс татгалзъя гэсэн хэрэг. Шилжилт хийх нь зөвхөн технологийн асуудал биш.

Эрчим хүч бол хүний суурь хэрэгцээ тул эрчим хүчний шилжилт хүнд сөргөөр нөлөөлөхгүй байх шаардлагатай байгаа. Улс орон бүр шилжилтийг өөр өөрийн онцлогтойгоор хийж байна. Гэхдээ ерөнхий хандлагыг авч үзвэл дөрвөн зарчмыг баримтлах ёстой гэж улсууд үздэг. Тэдгээр нь

  1. Тухайн улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан байх. Цэвэр эрчим хүчний станцаа хаана ямар хүчин чадалтайгаар хэзээ барих вэ гэдэг нь урт хугацааны бодлоготой уялдах ёстой.
  2. Шударга, хүртээмжтэй байх. Хүн бүрд эрчим хүч хүртээмжтэй хуваарилагдахаас гадна худалдан авах үнэ хэрэглэгчийн орлогод нийцсэн байх учиртай юм. Цэвэр эрчим хүч гээд өндөр үнэтэй авах асуудал байж болохгүй.
  3. Шилжилт нь зөвхөн нар салхины эрчим хүчний станц барих асуудал биш бөгөөд эдийн засгийн суурь хэрэглээ, ажлын байрыг бий болгох, татварын орлогыг нэмэгдүүлэх гээд олон асуудлыг хамтад авч үзэх тул бусад салбарынхан, яамд нь хамтарч хийх ёстой. Улс даяараа цэвэр эрчим хүч рүү шилжиж байна гэх агуулгаараа Эрчим Хүчний Яам(ЭХЯ), Эрчим Хүчний Зохицуулах Хороо(ЭХЗХ)-гоор хязгаарлагдахгүйгээр Сангийн Яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ХНХЯ), Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам(УУХҮЯ) гэх мэтчилэн бүх чиглэлд үүрэг хариуцлага хүлээж оролцох учиртай. Бусад улсад Эдийн Засаг, Хөгжлийн Яам эсвэл Ерөнхий сайд нь зангидаж авч явж байна. 
  4. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэн, өрхийн орлого, бизнесийг нэмэгдүүлсэн байх учиртай. 

Монгол Улсын хувьд өнгөрсөн жил цахилгааны тасалдал их байлаа. Эрчим хүчний хараат бус байх ёстой. Үүнд шилжилт тусална. Өнөөдрийн хүндрэлтэй асуудлаа боломж гэж хараад цаашдын бодлогодоо эрчим хүчний шилжилтийг дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл эрчим хүчний шилжилт хийх замаар хараат байдлаасаа гарна гэсэн ойлголт юм. 

-Дэлхий цэвэр эрчим хүч ярьж байхад манай улсын бодит байдлыг харвал бид нүүрсээ шатааж л цахилгаан, дулааны эрчим хүчээ үйлдвэрлэн хэрэглэж байна. Бүхий л зүйл дээр нүүрсээ ашиглаж байгаа бидний хувьд заримдаа шилжилт хол санагддаг л даа. Таны бодлоор Монгол Улс ямар үе шатаар шилжих нь зүйтэй вэ?

-Хэрэглэгчийн цахилгаан дулаан нь найдвартай, тогтмол байх нь хамгийн чухал. Үйлдвэр компаниуд нь цахилгаан дулаантай байснаар эдийн засаг явна. Энэ суурь зүйлийг л анхаарах ёстой. Нүүрстэй байлаа гээд цахилгаантай байна гэсэн үг биш.

Нүүрс өнөөдөр тийм ч хямд биш. Уурхай дээр л хямд болохоос тээвэрлэж авчрах, станц барих зардал нь өндөр. Нүүрсний станцын технологи нь харьцангуй өндөр үнэтэй болсон. Тиймээс сүүлийн үед нүүрсээр ажиллах том станц барих гээд чадахгүй байгаа. Бид нүүрсний нөөцтэй нь үнэн, ашиглах хэрэгтэй гэдэг нь ч үнэн. Гэхдээ юун дээр гацдаг вэ гэхээр түүнийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт хаана байна, хэн мөнгийг нь гаргах вэ, хэн барих вэ гэдэг дээр тооцооллоо хангалттай хийдэггүй.

Болох байх гээд тендер зарлаад үздэг, түүнд нь сонирхох компани ховор, сонирхсон хэд нь шаардлага хангахгүй, өндөр үнэ хэлдэг болчоод байна. Яагаад гэвэл нүүрсний станцыг санхүүжүүлэхээ больсон. Энэ бодит байдлыг хаана хаанаа хүлээн зөвшөөрөөд урагшаа алхмаар байна.

Тэгэхээр бусад ямар эх үүсвэр байгаа вэ гэдгээ бид харах ёстой. Нар, салхины, усан цахилгаан станц, хуримтлуур гээд ашиглаж болох эх үүсвэрүүд бий. Сонголтууд бий. Нийгэмд эдгээр станцуудыг үнэтэй гээд ойлгодог. Одоо ашиглагдаж байгаа нар, салхины станцуудын үнэ нь нүүрснийхтэй харьцуулахад өндөр байгаа ч энэ бол 10 жилийн өмнө зурагдсан гэрээнд бичигдсэн дүн гэж ойлгох хэрэгтэй. Харин 2024 онд нар, салхины станц баривал нүүрснийхээс хямд тусах боломжтой. Олон улсын байгууллагуудын тухайлбал, Дэлхийн Банкны судалгаагаар ч нар, салхины станц Монголд барьсан тохиолдолд үнэ нь 5-7 цент байх боломжтой гэж гарсан.

Үнэ хямдарсан учраас одоо ажиллаж байгаа станцуудаас 2-3 дахин хямдаар цахилгаанаа улсад зарах боломж бий. Мөн санхүүгийн эх үүсвэрүүд бага хүүтэй зээл олгодог болчихсон. Ингэхээр нүүрснээсээ хямд байх боломжтой болчхож байгаа юм.

Гэхдээ анхаарах ёстой нэг зүйл бий. Бид цахилгаан, дулаан гэдэг үндсэн хоёр эрчим хүчний хэрэглээтэй. Цахилгааныг дээр хэлснээр шийдэх боломжтой. Дулааныг бол энэ хэлбэрээр шийдэхэд хүндрэлтэй бөгөөд технологи нь хараахан бэлэн болоогүй.

Иймээс одоо ашиглаж буй дулааны цахилгаан станцууд, ялангуяа насжилт өндөртэй, хаахад бэлэн болсон станцууд, тухайлбал ТЭЦ II-ыг зогсоогоод оронд нь нүүрс эсвэл хийн станц барих боломжтой. Олон улсад ашиглагдаж байгаа хүлэмжийн хий ялгаруулдаггүй, өндөр үр ашигтай станцуудыг барьж, дулааны хэрэгцээгээ хангах боломж байна.

Дараагийн үе шат буюу цэвэр технологиор дулааны асуудлыг шийдэх хүртэл нүүрсээ ашиглахаар өөр аргагүй байгаа.

-Эрчим хүчний салбарт энэ онд хамгийн өндөр дүнтэй буюу нэг их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээ Сангийн сайд танилцуулсан. Төсөл болон төсөвлөсөн дүн хоёр нь хэр авцалдаж байгаа вэ. Олон сайхан төсөл ярьдаг ч төсөвт дүн хүрэлцээгүй, инфляц, ханшийн хэлбэлзэл нөлөөлсөн гэх мэт шалтгаанаар жил дамнан хойшилсоор байдаг тохиолдол их. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Том төслүүд бол улсын төсвөөр бус гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. Тухайлбал 10 аймагт дулааны цахилгаан станц барих, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гэх мэтчилэн томоохон төсөл хэрэгжиж байна. 

Ерөнхийдөө КОВИД-19-өөс шалтгаалан эрчим хүчний салбарт ихээхэн саатал гарч, төслүүд удааширсан. Өөрийн тань хэлсэн эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Гаднын зээл тусламжаар төсөл хэрэгжүүлж байгаа энэ үед ханшаа тавиад туучихвал хойшлогдох эрсдэлтэй. Эрчим хүчний том төсөл хэрэгжүүлэхэд багадаа 3-5 жил барилгын ажил нь явагддаг. Хийсэн гэрээ нь тэр хугацаанд тогтвортой байж л амжилттай өндөрлөнө.

Тогтвортой байдал их чухал. Энэ онд сонгууль болж, шинэ Засгийн газар гарч ирээд одоо байгаа гэрээ, төлөвлөсөн төсөл хэрхэх вэ гэдэг хүлээлт бий. Өмнө нь шинэ Засгийн газар гарч ирээд л шинэ төсөл санал болгодог байсан. Гэтэл одоо байгаа төслүүд аль хэдийнээ мөнгөө оруулаад эрсдэлээ үүрч байгаа шүү дээ. Иймээс тогтвортой байдал нь хамгаас чухал.

-Төлөвлөж байгаа болон эхлүүлсэн төслүүдийн үр дүнд өсөн нэмэгдсээр байгаа дотоодын хэрэглээг тогтвортой найдвартай хангах нөхцөл бүрдэж чадах болов уу?

-2030 он хүртэл бид эрчим хүчний хэрэглээгээ хойноос нь хөөж, гүйцэхийг оролдоно. Эрчим хүчний хэрэглээ жилийн 6-8 хувийн өсөлттэй байна. Энэ бол хангаж чадаж байгаа өсөлт.

Харин хүссэн хүн бүрийг цахилгаан, дулаантай болгоё, үйлдвэрүүд байгуулъя гэвэл одоогийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний эрэлт цаана нь бий.

2030 он хүртэл төлөвлөж байгаа станцуудаа ашиглалтад оруулаад явбал эрчим хүчний нийлүүлэлт нь эдийн засгийн өсөлтөө гүйцэж чадна. Одоо бол цахилгаан, дулаанаа авъя гэсэн хүн бүрд өгөх хэмжээнд хүрээгүй.

График 1. Эрчим хүчний оргил ачааллын өсөлт, 2012-2023

"Тарифыг ядаж зардлаа нөхөх хэмжээнд хүргэх хэрэгтэй. Тэгж байж гадаадын хөрөнгө оруулалт ярих боломжтой"

-Тарифын талаар тодруулж асууя. Эрчим хүчний салбар энэ хэмжээний алдагдалтай, технологийн хоцрогдолтой болсон тарифыг хүчээр барьж байгаатай холбоотойг мэргэжилтнүүд хэлдэг. Хэр хэмжээгээр нэмэгдүүлж байж алдагдлаа нөхөх юм бэ. Зарим хүн үнийг чөлөөлөх ёстой ч гэж хэлж байгаа?

-Зардлаа нөхөх хэмжээнд тарифыг хүргэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Чөлөөлнө гэдэг бол зах зээл дээрх хүнсний бүтээгдэхүүн шиг өөрсдөө үнээ тогтоодог болно гэсэн үг. Эрчим хүчний салбар бол тэр хэмжээнд хүрэх болоогүй. Дэлхий нийтийн хэмжээнд үнээ чөлөөлсөн зах зээл нь баруун Европын улсууд, АНУ-ын зарим нэг муж.

Ихэнх улс нь зохицуулалттай. Гэхдээ зохицуулалттай байна гэдэг нь алдагдалтай байна гэсэн үг биш. Зохицуулалт нь тухайн салбарыг алдагдалгүй ажиллуулах ёстой. Тарифыг зардлаа нөхөөд тодорхой хэмжээнд ашигтай байх түвшинд тогтоодог жишигтэй. 

Миний хувьд үнийг чөлөөлөх биш зардлаа нөхөх хэмжээнд байх ёстой гэж үзэж буй. Тухайлбал зөвхөн цахилгааны дундаж өртгийг авч үзвэл 243 төгрөгөөр үйлдвэрлээд хэрэглэгчдэд 213 төгрөгөөр борлуулдаг. Нэг кВт тутамд 30 төгрөгийн алдагдалтай байна. Дулаан дээр 38 хувийн алдагдалтай байна. Ялангуяа Улаанбаатарт дулааны тарифын алдагдал өндөр. Улаанбаатарт 1 Гкал дулааныг 47,800 төгрөгөөр үйлдвэрлээд 29,800 төгрөгөөр хэрэглэгчдэд борлуулдаг. Ядаж зардлаа нөхөх хэмжээнд очиж байж гадаадын хөрөнгө оруулалт ярих боломжтой. 

-Цахилгааны тарифыг багадаа 30 төгрөгөөр нэмэх хэрэгтэй гэсэн үг үү?

-Тийм, дундаж тарифыг 30 төгрөгөөр нэмэх шаардлагатай. Гэхдээ энд анхаарах зүйл бий. Аж ахуйн нэгж, уул уурхай, айл өрх гээд олон төрөл бий. Хаана нэмэх вэ, хаана алдагдалтай байх вэ гэдгээ нарийвчлан тогтоох хэрэгтэй.

График 2, Эрчим хүчний салбарын алдагдал, тэрбум төгрөгөөр, 2010-2023

Цахилгаан, дулааны зардлын татаас гэж нэг зүйл бий. Гэр хороололд байгаа айлууд төвийн нэгдсэн сүлжээгээр дулаан хэрэглэдэггүй, зөвхөн цахилгаан. Харин орон сууцанд байгаа хүмүүс хоёуланг нь хэрэглэдэг.

Цахилгаан нь дулаандаа татаас өгдөг. Өөрөөр хэлбэл Улаанбаатар, хөдөө орон нутагт дахь гэр хорооллын айлууд байшин хороололд амьдардаг хүмүүсийн дулааны төлбөрөөс төлөлцөж байгаа. Тэгэхээр шударга шилжилт харагдахгүй байгаа биз.

Гэр хороололд харьцангуй орлого багатай хүмүүс амьдардаг хэрнээ боломжийн орлоготой гэж болохуйц байшинд байгаа айлуудын дулааныг төлөөд байна. 

Иймээс цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд бодитоор хэдэн төгрөг гарч байгааг бодитоор нь гаргах хэрэгтэй.

Бүх хэрэглэгч бүрэн төлөх чадваргүй байж болох тул эмзэг бүлгийн, орлого багатай иргэдэд буюу яг зорилтот бүлэгт ЭХЯ, ХНХЯ нь хамтраад нийгмийн халамжийн системээрээ дамжуулан цахилгааны хөнгөлөлтийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. 

Харин боломжтой хүмүүст нь нэмж болно. Ингэж байж эрүүл систем болно. Боломжтой хүмүүс бодит зардлаар цахилгааны төлбөрөө төлж, боломжгүй нь дэмжлэгээ авах бол олон улсын жишиг. 

Гэхдээ иргэдийн орлогыг бас бодолцох ёстой. Яг л "чөтгөрийн тойрог" шиг юм болчихдог. Орлого нэмэгдүүлэх арга нь ажлын байр бий болгох. Хүмүүс ажилтай байж л орлоготой байх болно. Харин  ажлын байр бий болгоход бизнес хөгжих ёстой, бизнес хөгжихөд эрчим хүч хэрэгтэй, эрчим хүч хэрэглэхэд тариф нь өндөр байж хөрөнгө оруулалтыг татах ёстой. Тэгэхээр алийг нь түрүүлж дэмжих вэ

Тэгэхээр тэнцвэрт байдлыг хадгалж шийдвэр гаргах хэрэгтэй. Тухайлбал иргэдийн орлогын хэдэн хувийг цахилгаан, дулааны төлбөрт зарцуулахад тохиромжтой вэ тухай олон улсад тодорхой түвшин бий. Олон улсад өрхийн орлогын 5% байвал тохиромжтой гэж үзсэн байна. Манай улсын хувьд Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ны мэдээлснээр айл өрхийн орлогын 2.2% нь цахилгааны төлбөрт зарцуулагддаг. Тооцож үзвэл айлууд сард 20-30 мянган төгрөгийг цахилгаандаа зарцуулж байгаа. Харин сард төлдөг хэрэглээнүүдээ жагсааж үзвэл байрны мөнгө, интернэт, гар утасны төлбөр, шатахуун гээд олон төрлийн зардалтай нь харьцуулахад хамгийн бага зардал болдог. Эндээс харвал цахилгааны төлбөр нь айл өрхийн зардалд төдийлөн дарамт учруулдаггүй гэсэн судалгааны дүн гарсан. 

Эхлээд зардлаа нөхөх хэмжээнд тарифыг хүргэе, тэгсэн цагт хөрөнгө оруулалт орж ирнэ, түүнийг дагаад шинэ технологи нэвтэрч, хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээний чанар ч сайжирна. 

Харилцаа холбооны салбарыг жишээлж яривал интернэт үйлчилгээ ямар хурдтай сайжирч, үнэ нь зах зээлдээ нийцсэн байгаа билээ. Ийм л зарчмаар эрчим хүчний салбар цаашдаа хөгжих ёстой.

-Монгол Улс газар нутаг томтой ч нийслэлдээ хэт төвлөрсөн, орон нутагт алаг цоог суурьшин амьдарч байна. Энэ нөхцөлд эрчим хүчний эх үүсвэрийг хэрхэн шийдэх нь зөв бэ. Сүүлийн үед цөмийн эрчим хүчний станцтай байх нь зөв гэж ярих болсон тул тодотгож асууя?

-Эрчим хүчний төлөвлөлт хөгжүүлэлт нь бүс нутагт дамжиж хийгддэг. Цахилгааны хол зайд дамжуулах боломжтой ч дулааныг тухайн байршилд нь шийдэх шаардлагатай.

Монгол Улс 330 сумаа цахилгааны шугамаар холбогдсон. Цаашид бид эрчим хүчний эх үүсвэрээ заавал Улаанбаатар хотдоо эсвэл уурхай түшиглэн том хэмжээтэйгээр барих шаардлагагүй болчхоод байгаа. Олон улсын чиг хандлага нь жижиг хэмжээтэй станц. Ялангуяа Монголын хувьд тэр нь их сайн зохицно. Бага чадлаар тархмал байршуулах нь хамгийн зохистой. Эдийн засгийн, ашиглалтын хувьд болон аюулгүй байдлын хувьд тохиромжтой. 

Нэг том станцтай байгаад түүн дээр нь осол гэмтэл гарахад улс даяараа тоггүй, дулаангүй болчихдог. Үүнийг бусад улсын жишээнээс харж болно. Украины дайнтай холбоотой том том станцад асуудал гарахад улсаараа тоггүй болж байна.

Манай улс жижиг эх үүсвэрээр тархмал байдлаар эрчим хүчээ шийдэх нь зөв. Сунаж тогтсон цахилгааны шугамын төгсгөлүүд дээр, дэд станцуудын дэргэд нь жижиг хүчин чадалтай нар, салхины станцууд, батарей хуримтлуур байх нь зохимжтой.

Атомын станц байж болно. Гэхдээ суурь төлөвлөлт, бэлтгэл ажлыг маш сайн хийх ёстой. Жижиг чадлын атомын цахилгаан станцын технологи нэлээд хөгжиж байна. Хүний оролцоо багатай, цомхон, барихад хурдан, 100-300 мВт-ын хүчин чадалтай станцуудын технологи илүүтэй хөгжиж байна. Учир нь улс орнууд жижиг хэлбэрээр зохион байгуулах нь зөв юм байна гэдэг хандлага руу явж байгаа. Япон, Солонгос, Франц зэрэг улс энэ чиглэлийн технологиороо тэргүүлдэг. Монгол Улс бол ураны нөөцтэй, ашиглах бүрэн боломжтой. Гэхдээ өнөөдөр, дараа жил гэж ярих цаг нь арай болоогүй. Бэлтгэл суурь ажлууд хийгдэх ёстой.

Том станц барьж нэг газар бөөгнөрүүлдэг, төвлөрсөн байдлаар шийдэх төлөвлөлтийн хандлагаасаа бид ангижиръя. Өнгөрсөн хугацаанд дандаа том том буюу 400-700 мВт-ын төслүүд хэрэгжүүлэхийг зорьж ирсэн. Энэ нь Монгол Улсын хувьд бариад, санхүүжүүлэхэд явахад бэрхшээлтэй. Том төсөл гэдэг бол том асуудал. Том улсуудын анхааралд орж, тэр хэмжээгээр дарамт шахалт ирдэг. Манай улс оролцмоор байна, манайх ч оролцмоор байна гээд эрх ашгууд тулдаг, хугацаа шаарддаг. Зарим тохиолдол зориудаар эрчим хүчний томоохон төслүүдийн хэрэгжилтийг удаашруулж, цаг алдуулж, тэр хэмжээгээр манай улсын эдийн засгийн өсөлтөд хор хөнөөл учруулж байна гэж үзэж байгаа. Харин жижиг станцыг төлөвлөөд барихад том улсууд сонирхоод байхгүй.

Бид ямар хандлагаар, бизнесийн бодлогоор  жижиг станцуудаа барих вэ гэдгээ бодолцох л ёстой. 

-Нийт хэрэглээний хэдэн хувь нь сэргээгдэх эрчим хүч байна вэ. Бодит дүнг нь хэлж өгнө үү?

-Сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 20 байна гэдэг төлөвлөлт бий. Гэхдээ энэ нь буурах талдаа орсон. Учир нь сэргээгдэх эрчим хүчний төслүүд удааширсны сацуу нүүрсний станцуудын өргөтгөл хийгдэж байна. Нүүрсний станцуудаас нийлүүлэх эрчим хүчний хэмжээ их болох тусам сэргээгдэх эрчим хүчнийх багасаж харагддаг.

Хамгийн сүүлийн тоогоор 18.1 хувь байсан. Эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд эзлэх хувь нь энэ. Харин бодитоор үйлдвэрлээд бидний хэрэглэж буй цахилгааны есөн хувь нь сэргээгдэх. Энэ хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэдгээ НҮБ-ын Уур амьсгалын суурь конвенц, талуудын бага хурал дээр манай улсын төрийн тэргүүн нар мэдэгддэг. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг дэмжинэ, хүлэмжийн хийг бууруулна гэдгээ жил бүр амлаад байгаа ч бодит хэрэгжилт нь түүн шигээ байж чадахгүй байгаа. 

Техникийн зарим асуудал бий. Сэргээгдэх эрчим хүчийг дэмждэг хуримтлуур зэргээ давхар хэрэгжүүлж байж л дэмжинэ. Тухайлбал Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, өнгөрсөн онд туршилт нь амжилттай болсон хуримтлуур зэрэг шиг төслөө хийсээр байх хэрэгтэй.

Мөн Эгийн голын усан цахилгаан станц. Энэ нь бүс нутгийн буюу бусад оронтой хамааралтай болсон учраас тийм ч хурдан хэрэгжихгүй байна. Тэгвэл дотооддоо урсгалтай голууд бий шүү дээ. Тэдгээрт судалгаанууд хийгдчихсэн. Английн компанийн хийсэн судалгаагаар 30-40 байршилд жижиг хэмжээний буюу 10-30 мВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих боломжтой гэж гарсан.

Түүнээс эхний ээлжид долоон байршилд барихад эдийн засаг, технологийн хувьд ашигтай байх боломжтой гэж үзсэн судалгаа ч бий. Үүгээр юу хэлэх вэ гэхээр заавал томоор барих биш жижгээр дотоодын голууд дээрээ барих боломжтой. Одоогоор Байдрагийн голд усан цахилгаан станц барих Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ) хийгдэж байгаа юм билээ. Энэ бол зөв алхам. Ийм хэлбэрээр сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэх ёстой.

-Импортын эрчим хүчний асуудлыг тодруулъя. Манайх эрчим хүчний тухайд нэг улсаас хэт хараат байгаа?

-Өнгөрсөн онд ОХУ манайд өгч буй цахилгааны үнээ 8% нэмэх шийдвэр гаргасан. Түүнийг нь хүлээж авахаас өөр аргагүй тул нэмэгдсэн. Мөн өнгөрсөн оны сүүлээр ОХУ манайд нийлүүлдэг хэмжээгээ багасгалаа гэх шийдвэрээ зарласан. Энэ эрсдэл өмнө нь ч байсан. Бодитоор дохио өгсөн энэ тохиолдол юм. Бид Оросоос авах боломжтой 345 МВт хэмжээгээ нь бүрэн авдаг. Үүнийг өсгөх боломжгүй тул өөр газарт эх үүсвэр хайх шаардлагатай байдаг.

График 3, цахилгаан эрчим хүчний импорт, сая.кВт/цаг, 2012-2022

Энэ өвлөөс авсан том сургамж бол цахилгаан, бензин ч тэр хараат байна гэдэг нь ямар том хүндрэл вэ гэдгийг зөвхөн Монгол Улс ч биш дэлхий даяараа л ойлгож, хараат байдлаас гарах асуудлыг онцгой авч үзэж байна. Тиймээс өөрт байхгүй зүйлээ зөвхөн нэг газраас биш нэлээд олон газраас үнэтэй ч хамаагүй гэрээ хийж, найдвартай байдлаа баталгаажуулах ёстой.

Жишээлбэл Япон, Солонгос бол газрын тосны бүтээгдэхүүнээ 100% импортоор авдаг, дотоодын нөөцгүй. Тэд маш олон газартай түүхий нефть авах урт хугацааны гэрээтэй. Мөн тухайн улсад хөрөнгө оруулаад нефть боловсруулах үйлдвэр барьчихдаг. Ингэж байж эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээгээ баталгаатай болгоод байгаа. 

Гэтэл манайх өнгөрсөн өвөл цахилгаан, бензин дээр мэдэрсэн. Цаашид хангамжаа солонгоруулах вэ, дотоодын эх үүсвэрээ нэмэх вэ гэдгээ сайн бодох ёстой. 

  • Нэгдүгээрт үнэтэй ч хамаагүй найдвартай эрчим хүчтэй байх нь чухал.
  • Хоёрдугаарт эдийн засгийн хувьд үр ашигтай байна уу гэдгийг анхаарах.
  • Гуравдугаарт хүрээлэн буй орчинд ээлтэй байна уу гэдэгтээ үндэслэж эрчим хүчний бодлогоо гаргах ёстой.

Бид өнгөрсөн жилийн сургамждаа үндэслээд ЭХЯ энэ жил БНХАУ-аас эрчим хүчний импортлох асуудлыг ярьж эхэлж байгаа юм билээ. Энэ бол нэг гарц байх боломжтой.

Бид бие даана гээд аль нэг улсаас цахилгаан сүлжээгээ тасална гэсэн ойлголт биш. Эрчим хүчний найдвартай байдлын нэг суурь нь хөрш улсуудтай холбоотой байж, авах хэмжээгээ багасгах, өөрсдийн нөөцтэй байх хэрэгтэй. Салгах асуудал байж болохгүй. Гэтэл одоо бид яаж байна гэхээр холбогдчихсон, байнга авсаар эцэстээ хараат болчихсон, дотоодын нөөц байхгүй. 

-Эрчим хүчний үйлдвэрлэлээ сайжруулах ёстой нь мэдээжийн үнэн. Гэхдээ ухаалаг хэрэглэх, хэмнэх талаар ч уриалдаг болсон байна. Энэ талаар яривал?

- Сүүлийн үед эрчим хүчний зөв зохистой хэрэглээг дэмжих талаар нэлээд ярьж байгаа. Энэ жил бүр ихээр ярих болсон шалтгаан нь эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, хангах чадахгүйд хүрэх гээд байгаа. Иймд оргил ачааллыг давах арга нь ухаалаг хэрэглээ. Эрчим хүч хэмнэх үр ашиг бол хамгийн бага зардлаар эрчим хүчийг ашиглах, бий болгох боломж. 

-Хэмнэлтийн талаар тооцоолол их байдаг юм билээ. Жишээлбэл Улаанбаатарын 380 мянга гаруй айл хэрэглээгүй үедээ цэнэглэгчээ салгаснаар жид 213 сая төгрөг хэмнэхээр байсан. Энэ мэтчилэнгээр хэрэглээгүй үедээ цахилгаан төхөөрөмжүүдийг салгаснаар хэр хэмжээний мөнгө болон чадлыг хэмнэх бол?

-Хэмнэлтийн талаарх сонирхолтой олон судалгаа бий. Нэг айл цэнэглэгчээ салгадаг байлаа гээд нийт систем төдийлөн хэмнэлт болж чадахгүй ч бүгдээрээ хэрэгжүүлдэг болчихвол тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг. Мөн  айлын түвшинд харвал хамгийн их тог хэрэглэдэг нь тогтмол ажилладаг хөргөгч, хөлдөөгч, цахилгаан зуух гээд олон бий.

Бидний хүмүүст хүргэхийг хүсдэг санаа нь зохистой хэрэглэе гэж байгаа юм. Түүнээс биш хоолоо битгий хий, зурагтаа үзэхээ боль гээгүй, хэрэглэхгүй байгаа үедээ гэрлээ унтраа, шаардлагагүй үедээ цахилгаан хэрэгслээ тэжээлээс салгая гэж уриалж байгаа. Хэрэглэж болно, гэхдээ ухаалаг хэрэглэе л гэж байгаа. 

"Айл өрх, аж ахуйн нэгжүүд эрчим хүч үйлдвэрлэгч болсноор хараат байдлаас гарахад дэмжлэг үзүүлнэ"

-Манайх том том төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Цаашид энэ нь нэмэгдэх байх. Гэтэл эрчим хүчний чадал хязгаарлагдмал байгаа энэ үед эдгээрийг хэрэгжүүлэхэд бэрхшээл учирна. Тэгэхээр өсөн нэмэгдсээр байгаа хэрэгцээг хангахдаа уур амьсгалын өөрчлөлтийг хурдыг сааруулах гэсэн зорилттойгоо яаж уялдуулах вэ?

-Улс том цахилгаан станц барина гэхээс илүү айл бүр үйлдвэрлэгч байх боломжтой. Сонгодог жишээ нь хөдөөгийн өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болсон. Түүнийг Улаанбаатар хотын айлууд хэрэгжүүлэх боломжтой.

Эрчим хүчний хүндрэлтэй байдлыг шийдэхэд айл бүр хувь нэмрээ оруулж, өөрсдийн хэрэглээгээ хангаад, тодорхой хэмжээгээр сүлжээнд нийлүүлж болно. Асуудлыг бүгдээрээ хамт шийдэх боломж байна, шийдэл нь ч бэлэн байна. Үүнд бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. Зөвхөн улсыг харах биш. Улс нь ч өөрөө хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Төр засаг бүх станцаа барьдаг, бүгдийг төр хийдгээ болих хэрэгтэй.

Төр юунд оролцох вэ гэхээр

  • боловсон хүчин бэлтгэх
  • дэд бүтэц буюу дамжуулах түгээх сүлжээг барьж бэлэн байлгах.

Мөн өнөөгийн үнэ тарифтай нөхцөлд аймаг, сумдад байгаа уурын зуух нь хувийн хэвшил оролцоход бэрхшээлтэй учраас төрөөс оролцож, тухайн орон нутгийн удирдлага нь авч явах ёстой болдог. Үүнд төр хөрөнгө оруулалтаа шийдэх нь зөв. Харин шинэ цахилгаан станц барихад төр оролцох шаардлагагүй. Гол нь дэд бүтцийг шийдчихсэн, бодлого нь тогтвортой байвал хувийн хэвшил оролцоод явдаг. Энэ бол олон улсад тогтсон жишиг. Цаашид энэ хэлбэрт орсноор төрд ирэх ачаалал ч буурна. 

-Өөр хийх ёстой өөрчлөлт юу байна вэ?

-Цахилгааны үнийн индексжүүлэлтийг хийх ёстой. Үнэ ярихаар үргэлж нэмэх тухай л ойлгодог. Гэтэл үнэ буурч бас болдог. Хувьцааны үнэ өсөж, буурч байдаг шиг цахилгааны үнийг индексжүүлчихвэл ам.доллар, нүүрс, газрын тос зэргийн үнэ ханш буурахад түүнийг дагаад цахилгаан, дулааны үнэ адилхан өөрчлөгдөж байхаар холбож өгөх тогтолцоонд шилжих ёстой. Тэгснээр хүмүүс төлбөрөө бодитоор төлж байгаагаа мэдэрнэ. Түүнээс биш дандаа нэмдэг гэх биш индексжүүлэх нь зөв. 

Мөн мэргэжлийн байгууллагуудын тухай асуудал бий. Ялангуяа санхүү эдийн засаг талаа хариуцдаг ЭХЗХ гэж бий. Технологи техникийн талаа зохицуулдаг Диспетчерийн Үндэсний Төв(ДҮТ) гэж байна. Хоёр гол мэргэжлийн байгууллага нь хариуцсан чиглэлээрээ бие дааж шийдвэр гаргаж, мэргэжлийн түвшинд ажиллах үүрэгтэй.

Хуульд цахилгаан дулааны үнэ тарифыг ЭХЗХ баталдаг. Энэ нь эцсийнх байх бөгөөд хөндлөнгөөс ямар нэг оролцоо байж болохгүй гэж заасан. Үүнийгээ мэргэжлийн түвшинд судалгаа, зардлын тооцооллоо хийж гаргах ёстой. Гэтэл одоо тариф хатуу, салбар алдагдалд орчихсон байгаа нь мэргэжлийн байгууллагууд ажлаа хуульд заасны дагуу хийхгүй байна, хийх боломж нь олгогдохгүй байгааг харуулдаг. Шалтгаан нь улс төрийн хараат байдал.

Хуулийн дагуу үнээ нэмэх боломжтой ч яагаад нэмэхгүй байна гэхээр улс төрийн оролцоо. Дараа дараагийн Засгийн газар нь мэргэжлийн байгууллагуудынхаа хуулиар олгогдсон үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, улс төрийн оролцоогүйгээр ажлыг нь хийлгэмээр байна. Ингэсэн тохиолдолд Засгийн газарт ирэх ачаа дарамт ч багасна. Засгийн газар бол цахилгааны тарифтай ямар ч холбоогүй энэ бол ЭХЗХ-ны асуудал. ЭХЗХ өөрсдөө хариуцлагаа үүрээд тайлбарлах зүйлээ тайлбарлаад яв, ДҮТ техник технологио хариуцна гэх хэрэгтэй. Хариуцсан газарт нь ажлыг нь хийлгээд явснаар хэн хэндээ амар. Бүх зүйлийг Ерөнхий сайдаас асуудаг, хүлээдгээ болих ёстой.

Түүнчлэн эрчим хүчний салбар хүнд байна, тарифаа нэмье гэж ярьдаг. Энэ нь үнэн боловч тариф бол цор ганц асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Магадгүй асуудлын тал хувь нь тарифын шалтгаантай байж болох ч үлдсэн нь засаглалтай холбоотой. Энэ салбар төрийн өмчит компани ихтэй, төрийн оролцоо давамгайлсан.

Зарим хүн эрчим хүчний компаниудын шууд хувьчлах талаар санал гаргадаг миний хувьд ийм техник болон санхүүгийн алдагдалтай, өрийн сүлжээнд орсон үед компаниудыг хувьчлалыг явуулах эрсдэлтэй, төрийн өмчийн үнэгүйдүүлэх алдаа болно гэж үзэж байгаа. Мөн олон улсын жишгээрээ эрчим хүчний салбар стратегийн онцгой ач холбогдолтой салбар, мөн хуулиараа цахилгаан дамжуулах сүлжээнд төрийн мэдэлд байна гээд зааж өгсөн байдаг гээд онцлогууд байгаа.

Засаглалыг сайжруулах олон боломж байгаа, үүнийг үе шаттайгаар цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэй. Төрийн өмчит компаниуд хувийнх шиг ажиллах ёстой. Тэр нөхцөлийг төр бүрдүүлэх учиртай. Компанийн удирдлагууд нээлттэй сонгон шалгаруулалтаар гарч ирдэг, төр томилгоонд нь оролцдоггүй, зөвхөн хөрөнгөө эзэмшдэг байх ёстой. Менежментийг нь бие даалгамаар байна.

Ийм түвшинд очиж байж нэг талдаа орлого олоход нөгөө талдаа зөв менежментээр зарцуулж, хөрөнгө оруулах боломжийг нь олгож байгаа юм. Зөвхөн тариф л том асуудал гэж бодож болохгүй. Засаглал ч их нөлөөтэй. 

Ер нь өнөөдөр дэлхий дээр байгаа томоохон эрчим хүчний компаниуд эхэндээ 100 хувь төрийн өмчит байж байгаад хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зарж олон нийтийн (public company) болж өөрчлөгдөж, маш амжилттай ажиллаж байгаа, энэ жишгээр хөгжүүлэх хэрэгтэй.

-Хоёулаа цахилгаан эрчим хүчийг нэлээд ярилаа. Гэхдээ дулааны эрчим хүчний хэмнэлтийг бас дурдах хэрэгтэй. Гадаа харьцангуй дулаан үед халаалтаа багасгадаг ч хэр хэмжээний дулаан хэмнэв гэдэг нь огт тодорхойгүй байдаг. Паараа гурав дээр тохируулсан ч, зургаа дээр байлгасан ч ижил үнэ л төлдөг?

-Дулааны эрчим хүч хэрэглэдэг айлуудад тоолуур байхгүй ч байр нь доороо нэгдсэн тоолууртай. Иймээс айлын ам метр талбайд оногдуулж дулааны төлбөрийг тооцдог. Тэгэхээр энэ нь таны сард төлөх төлбөрт нөлөө үзүүлэхгүй.

Харин хэмнэж буй дулааны эрчим хүч нь дараагийн айлуудад хэрэглэгдэж байгаа гэсэн үг. Ийм учраас иргэдийн дулааны эрчим хүчээ хэмнэх сэдэлд төдийлөн нөлөөлдөггүй.

Одоо байгаа барилгуудын ихэнхэд дулааны тоолуур суулгах боломжгүй болчихсон. Сүүлийн үед зардал хуваарилах төхөөрөмж гэж гарсан. Тэр нь пааран дээрээ наагаад ямар хэмжээний эрчим хүч хэрэглэв гэдгийг тооцож харуулдаг төхөөрөмж юм. Түүнд суурилан төлбөрөө тооцдог болж болно. Технологийн хувьд боломж бол бий. 

-Цахилгаан, дулааны эрчим хүчний дутмаг байдлаас шалтгаалж агаарын бохирдол гэх дараагийн том асуудал үүссэн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Цахилгаан хангалттай байсан бол нүүрс түлэх шаардлагагүй. Цахилгаан халаагуураар бүгдийг шийдэх боломжтой юм. Эрчим хүчний дутмаг байдал нь агаарын бохирдлын суурь болчхоод байгаа нь үнэн.

Дэлхийн улсууд хийнээс татгалзаж цахилгаанаар халаалтаа шийдэж байна. Ер нь л бүх зүйлийг цахилгаанаар хийх боллоо. Энэ чиг рүү бид явах шаардлагатай.

Гэр хорооллыг бүгдийг нь орон сууцжуулах нь нэг шийдэл байж болно. Гэхдээ бидний зорилго тэр мөн үү, монголчууд бүгд өндөр байшинд амьдрах хүсэлтэй юу гэдгийг бодолцох ёстой.

Хашаа байшингаа тохижуулаад, халаалтаа цахилгаанаар шийдэх нөхцөлийг миний хувьд дээрхээс илүү бодитой гэж хардаг. Бид цахилгааны асуудлыг эх үүсвэр талаас нь шийдэж болно. Одоо байгаа шугам сүлжээгээ сайжруулах хэрэгтэй. Нэмээд гэр хорооллын цахилгааныг шийдэх. Мөн өөр нэг чухал асуудал нь амьдарч буй гэр, байшингаа дулаалах.

Гэр байшингаа дулаалъя, шугам сүлжээгээ сайжруулъя, эх үүсвэрээ нэмэгдүүлье гээд энэ гурвыг зэрэг хэрэгжүүлээд явахад агаарын бохирдол алга болно. Суурь асуудал нь ийм болчхоод байгаа юм.

Бас түгжрэл байна. Түгжрэл бол орон сууцны хорооллын бөөгнөрөлтэй холбоотой. Яагаад нэг газарт төвлөрдөг вэ гэхээр дулааны сүлжээг дагадаг. Хэрэв хангалттай эх үүсвэрүүд байсан бол нэг дор шаваарахгүй. Тэлэх боломжтой. 

Шугам сүлжээ нь хүнээр бол судас нь. Судсандаа л ойртож байшингуудаа бариад байдаг. Ингэхээр суурь асуудал нь эрчим хүч. Агаарын бохирдол, түгжрэл зэрэг нь цахилгаан, дулааны эрчим хүчний асуудлыг шийдчихвэл арилах боломжтой. 

-Энэ оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгохоор зарласан. Саяхан мөн томоохон чуулган зохион байгуулж, бүсчилж хөгжихөд юу чухал талаар ярилцлаа. Та энэ талаар санал бодлоо хуваалцана уу?

-Бүсчилсэн хөгжлийн чуулган болоход би саяхан төвийн бүсийн чуулганд суусан юм. Ингэхэд төвийн бүсэд одоогийн хувьд бусад газартай харьцуулахад боломжийн хэмжээнд байна. Гэхдээ сайн гэж хэлэхгүй. Харин цаашид хөгжихийн тулд нэмэх шаардлагатай байна. Жижиг үйлдвэр байгуулъя гэхэд эх үүсвэр алга. Шугам сүлжээ нь бэлэн биш байна. Мөн сумын төв дээр байгаа уурын зуух, аймгийн төвийн дулааны асуудал хүндэрсэн. Шугам сүлжээ нь зэвэрч хуучраад жил бүр сольдог зэрэг асуудал нь хүнийг тав тухтай амьдрахад бэрхшээл болдог. Ялангуяа дулааны асуудал нь цахилгаанаасаа илүү хүндэрсэн байгаа тул цогцоор нь шийдэх хэрэгтэй.

Сумын төв дээр жижиг уурын зуух барьж болно. Түүнийг төр хийх үү, улс хийх үү гэхээр миний бодлоор хувийн хөрөнгө оруулалт хийгээд барихад тариф ийм бага байгаа нөхцөлд ямар ч ашиггүй. Хөрөнгө оруулагч сонирхохгүй тул төр оролцох хэрэгтэй. Ингэж байж хүмүүсийн амьдралын суурь чанар, тав тухтай байдал, орон нутагтаа амьдрах нөхцөлийг бүрдүүлж байж хөгжил тийшээ явна. Түүнээс биш халаалт цахилгаангүй байж тэнд зам, үйлдвэр бариад нэмэргүй. Хүмүүс тогтохгүй шүү дээ. Үүнийг л шийдэх ёстой. 

Бүсийн хөгжилд нэгдүгээрт шийдэх асуудал энэ. Дараа нь төрөлжсөн үйлдвэрлэл, мал аж ахуй гэдэг ч юм уу бусад асуудлаа шийдэх хэрэгтэй. Суурь асуудлаа шийдэхгүйгээр бусад нь боломжгүй. Үүнийг ч аймгууд хүлээн зөвшөөрч байна. Нэгдүгээрт цахилгаан дулааны асуудал гэж нэрлэж байна. 

-Хөдөө амьдрахад хамгийн хүндрэлтэй асуудал юу болохыг судлахад халуун усанд орох боломжгүй нь хэцүү гэж хариулсан байсан?

-Үүнийг жишээ нь яаж шийдэх вэ гэхээр нарны ус халаагуурын систем гэж байдаг. Амралтын газруудад ч байдаг. Түүнийг айл бүр ашиглах эсвэл сумын төв дээр халуун усны газар байгуулаад ажиллуулах боломжтой. Энэ бол хамгийн сайн шийдэл. Үүнийг хөтөлбөр болгоод сум бүрд 1-2 халуун усны газрыг сэргээгдэх эрчим хүчээр хийж болно шүү дээ. 

-Банкууд сүүлийн үед ногоон зээл олгодог болсон нь энэ мэтчилэн санаачилгыг дэмжих нэг хөшүүрэг болж болохоор юм байна?

-Банкууд гаднаас ногоон санхүүжилт босгоод явах боломжтой болчихсон. Зээлийн хүү бага, хугацаа урт. Хэдийгээр ногоон зээл нь бизнесийн зээлээс хүү багатай ч Монголын нөхцөл өндөр л байгаа. Дахиад ч буурах хэрэгтэй. Тэгж л хүртээмжтэй болно. 

Ногоон зээл авч хэрэглэх, тариф нэмэгдэх хэрэгтэй, тэгж байж хөрөнгө оруулалт үр өгөөжтэй болно. Дээрээс нь төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг өгөх ёстой.

Бусад улс, Япон, Солонгос, Австралийг харахад байшин дээрээ нарны дэлгэц суурилуулахад үнийн дүнгийнх нь 10-30 хувийн хооронд улсаас нь өгдөг. Үлдсэнийг айл өрх гаргаад явдаг. Монголд одоогоор алга.

Миний түрүүн хэлсэнчлэн айл бүр үйлдвэрлэгч болъё гэдэг. Мөн орлого олох ч боломж байна. Энэ бол хандлагаа өөрчлөх асуудал. Одоо бол том станц бариад хангах талаа л бодоод байна. Нөгөө талдаа хэрэглэгч нарыг үйлдвэрлэгч болгох боломж байгааг харах хэрэгтэй.

Эх сурвалж: ikon.mn 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • О (172.69.45.141)
    ЯГ ЗӨВ ИЙМ ЯЗГУУР ЭРХ АШИГАА ХАРЖ БОДЛОГО ҮЙЛДЭЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
    2024 оны 02 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 15 цаг 2 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 16 цаг 51 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 17 цаг 3 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 17 цаг 8 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 18 цаг 25 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 18 цаг 33 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 18 цаг 54 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 19 цаг 45 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 19 цаг 49 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 19 цаг 59 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 20 цаг 8 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 20 цаг 22 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 20 цаг 30 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top