"Д.Ухаанзаяа: Хүн өөрийгөө засаад явчихдаг оюун ухаантан"
"Цаглашгүй гэрэлт" төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяаг "Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.
-Хилэнт эх хэмээх модон луу жил зурхайд хэрхэн бууж байна вэ?
-Жилүүдийн эхний онцлогийг харуулсан зүйлүүд байна. Өлсгөлөн болон мэсний аюул болж магадгүй гэсэн тодотголтой байна. Жил бүр шороон үхрийн зурлагыг зурдаг уламжлалтай. Энэ жил шороон үхрийн зурлагыг ажиглахад үхрийн толгой, эрүү ногоон өнгөтэй. Бие, эрүү, ногт нь шар өнгөтэй. Туурай нь хар, ходоод нь улаан, амаа ангайж, сүүлээ зүүн тийшээ шарвасан байна гэж буусан байна. Үхрийн зурлагаар цаг уурын байдлын шинждэг юм. Энэ жил хаврын эхэнд, зуны дунд сард ямар байх вэ гэх мэтээр шинждэг. Үхэр хариулаач нь тухайн хүмүүний байдлаа шинждэг. Хүмүүнийг идэр залуу, настан буурлууд, нялх гэсэн гурван ангилалд авч үздэг. Царай нь шар өнгөтэй, дээл гутал нь ногоон, бүс нь цагаан, малгайгаа зүүн гартаа барьсан, гэзэг үсээ чихний ардаа хийсэн, баруун гутлаа өмсөөд, зүүнээ бүсэндээ зүүсэн, хир даавуугаар тоноглон иштэй шар шилбүүр барьсан хүч чадал ихтэй хүүхэд үхрийнхээ өмнө яаран гүйж явна гэсэн. Үүнийг тайлбарлавал, нялхаст сайн, нийт түмэн олонд маш сайн. Өвгөд буюу өндөр суудалтнуудад дунд зэрэг, залуус буюу дунд суудалтнуудад муу болой. Улс орны хөгжил дэвшил идэвхжиж, эдийн засаг сайжирна. Гэвч улс орон жаахан бужигнах нигууртай. Цаг уурын байдлын хувьд газар хөдлөх аюул байж болзошгүй. Эр хүн яруу, эм хүн тайван амгалан байх болно. Хүнд тааруу, малд сайн, мал адгуус өснө. Зарим үед ужиг хууч өвчин гарна. Ерөнхийдөө хүмүүс биеэ энхрийлүүштэй.
-Цагаан сарын утга, бэлгэдэл нь юу юм бэ?
-Манай ард түмэн бэлгэдлийн ард түмэн. Бидний энэ бэлгэдлийн зүйл их сайхан л даа. Өөрсдийнхөө боломж бололцоонд тааруулан Цагаан сарыг сайхан тэмдэглэх хэрэгтэй. Зарим хүмүүс баярхах маягийн болгочихоод байна л даа. Цагаан сар бол арван цагаан буяныг дэлгэрүүлэх баяр. Өөрөөр хэлбэл, буянаа хураах сар шүү дээ. Өтгөс буурал, ээж, ааваа хүндэлнэ. Тэдэндээ очиж золгоно. Бурхан шүтээнээ засаж сэлбэнэ. Гэр орноо сайхан цэвэрлэнэ. Шинийн нэгнээс шинийн арван таван хүртэл буян хураах сар.
-Монгол ёсонд эрт босохыг сургадаг шүү дээ. Та өглөө хэдэн цагт босож, үйл хэргээ эхэлдэг вэ?
-Ер нь бол нар мандахаас өмнө босож үйл хэргээ эхлүүлдэг. Тэгж байж сайн энергиэ барьж авдаг. Бурхны шашинд нар мандсаны дараа босвол хүн болгон руу таван хорт сумыг харвадаг. Тэр нь дандаа хорт хийн сумнууд байна. Алгасуулагч, мансууруулагч, будангуйруулагч гэх мэт. Манай хуучны лам нар бар цагт босох юм бол их ажил бүтнэ. Нар мандахаас өмнө босож уншлага номоо хий гэж сургадаг байсан. Би өглөө босоод өөрийн бүтээлүүд болон бурхнаа зурна. Уншлагуудаа уншина. Ер нь л эрт босохыг хичээдэг дээ.
-Хүний сэтгэлд шүгэлдэг муу ёроос өөрийгөө хэрхэн хамгаалах боломжтой вэ?
-Хүмүүс архинд донтох, ан авд донтох, энэ ёстой хэрүүлийн донтой хүн гэж хэн нэгнийг ярихыг бишгүйдээ сонссон байж магадгүй. Ад, дон нь хүний сэтгэлд шүглэж ирдэг муу ёрын зүйл юм. Эгэл жирийн хүн байлаа гэхэд ад донгийн хорлолд орчих юм бол хэрүүлийн бузартай, муухай үг хэлдэг, амьтан алж байж баясдаг, сав л хийвэл буугаа аваад ан авд явдаг, сав л хийвэл архи уух гэж дурладаг. Өөрийгөө хянаж чадахаа больчихдог юм.
Донгийн хорлол нь тухайн хүний өөрийн сэтгэлийн шуналд дөрөөлж орж ирдэг. Ад дон гэхээр заавал хийморь сүлд нь доройтсон хүн дээр орж ирдэггүй. Мам, ад, тийрэн жилийн 365 хоногт бүгдэд нь байна. Энэ донгууд бол сэтгэлд шүглэж ирдэг ёр. Ийм дон шүглэсэн хүнийг танихад их амархан. Үйлдлүүдийг чинь хянаад л мэдчихнэ. Ямар гаж үйлдэл хийж байгаагаараа ялгардаг. Ножид буюу архины дон нь архины төлөө хамаг юмаа өгөөд, юу ч үгүй болоод үлддэг. Засал болон тарнийг тоолох, хатуу сахиусыг зүүнэ. Өөрөө бас муу зүйлийг даган баясахгүй, явдал мөрөө сайн хянах ёстой. Хүн өөрийнхөө биеийг хаана байршуулж байна гэдгээс түүнд хорлогдох үгүй нь шийдэгдэнэ. Байнга шоудаад, буруу хүмүүстэй нийлээд, шөнө, орой тэнээд, зохисгүй үйлдлүүдийг хийгээд байвал ад донд өртдөг юм.
-Монголчууддаа хандаж юу зөвлөх вэ?
-Хилэнт эх хэмээх модон луу жил урган гарч байна. Энэ өөрөө сайн, сайхан жил юм. Ургаж байгаа жилээс үл хамаараад хүн болгон дээр өөр, өөр байна. Хүн бүр бие, хэл, сэтгэлийн амрыг барин хичээлдээ шамдан, хилэнцэт үйлээс холуур байхыг хичээгээрэй. Санаа зөв бол заяа зөв. Сэтгэлийн ариуслыг голлон, зөв зүйлд, сайн сайхан зүйлд тэмүүлж, өөдрөгийг бодож, муу зүйлийг даган баясахгүй байх хэрэгтэй. Залуучууддаа хандаж хэлэхэд, алдсан цаг хугацаа эргээд олдохгүй болохоор цагийг маш үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээгээрэй.
"Лусын ээл ба хорлол", "Цөвүүн цагаас гэтэлгэх богдсын бошго лүндэн" "Ханийн заяа", "Зүүдээ ухаарахуй", "Насны авшиг даллах нандин увдисууд" гэх зэргээр арваад ном туурвисан байна. "Цөвүүн цагаас гэтэлгэх богдсын бошго лүндэн” номынхоо талаар бидэнд хуваалцаач?
-Монгол түмэндээ зориулан Цагаан сарын шинийн найман болон арван таванд томоохон лекцүүдийг хүргэж ирсэн уламжлалтай. Арван гурав дахь удаагийн лекцээ унших гэж байна. "Цөвүүн цагийг гэтэлгэх богдсын бошго лүндэн" лекцийг Монголынхоо нийт ард түмэнд хүргэсэн. Арван таван жилийн өмнө миний номын багш Л.Пүрэвбат багш маань өөрөө бошго лүндэн гэдэг зүйлийн анхлан нэвтрэн найруулан хүргэж байсан.
Бид их завгүй үед амьдарч байна. Бидэнд мартаж болох зүйл байна, мартаж болохгүй ч зүйл гэж байна. Бошго гэдэг бол ирээдүйг зөгнөх гэсэн үг. Ямар өвчин тахал, ямар гай гамшиг ирэх гээд байна, түүнээс хэрхэн яаж гарах аргыг одоо бид бүхэнд заах гээд байна гэсэн үг шүү дээ. Энэ номыг багш маань арван таван жилийн өмнө эмхэтгэн найруулан гаргаж байсан. Өнгөрсөн оны тавдугаар сарын 30 хүртэл Улаанбаатар паласын танхимд хүргэлээ. Хүмүүс олноороо ирж шимтэн үзэж суулаа. Аливаа нэг лекц, ном маань ямар нэг зорилттой байх ёстой. Одоогийн цаг үе, одоогийн оршин буй амьдрал, энэ замбуулин хорвоо их түгшүүртэй байна. Дайн тулаан байна уу байна, эдийн засгийн хямрал байна уу байна, байгалийн гамшиг, үер усны асуудал, галт түймрийн аюул байна уу байна. Өвчин тахал ч байна. Энэ бол цоо шинэ зүйл биш бөгөөд өмнө нь байсан. Энэ бүхнээс болж бидэнд маш их цөв сууж байна. Хэлмэгдүүлэлтийн үед лам нарыг хоморголон устгасан маш их хар түүхтэй ард түмэн. Гайхамшигт номууд байхгүй болсон. Арван цагаан буяныг үйлдэхгүй байна гэдэг үйлийн үрийн боловсролыг харлуулсан жилүүд болж байна. Энэ их нисваанис сэтгэлүүд "бадарснаас" болоод муу юм ар, араасаа гарна. Жаахан байхад эмээ, өвөө нар "Хүн тохойн чинээ, ээрүүлийн чинээ болоод морь туулайн чинээ болж давжаарах юм байна" гэж ярьдаг байсан. Чингис хааны баатрууд хоёр метр гаруй өндөр байсан байгаа юм. Тэр үед бүх зүйл нь биерхүү, өндөр байж. Одоо харин өөр болжээ. Өвөл нь өвөл биш болж, малын шим өмнөх шигээ байхаа больсон. Хүний санаа сэтгэл нь их доройтно гэж ярьдаг байсан. Шимгүй зүйлд маш их ач холбогдол өгч байна. Янз бүрийн дэмий балай "маазраанд" их ач холбогдол өгч байна. Хэрэггүй зүйлд их мөнгө өгч байна. Бурханы алт мэт үнэтэй сургаалыг уншихаа больсон. Хутагт хувилгаад болон тэдгээрийн сургаалыг фейсбүүкээр гутаах нь мөн зохимжгүй үйл явдал.
-Сүүлийн үед хүмүүс сэтгэл гутралд орох нь ихэссэн санагдах юм. Бурханы шашинд энэ талаар юу гэж сургадаг вэ. Ер нь хүн аливаа сэтгэл гутралаас хэрхэн яаж гарах ёстой байдаг юм бэ?
-Хуучин бол сэтгэлзүйч гэсэн мэргэжил байгаагүй юм. Хүн өөрөө өөрийгөө засаад явчихдаг оюун ухаантан. Одоогийн нийгмийн байдлыг харъя л даа. Бүх бурууг засаг төр рүү "чихээд" байх хэрэггүй. Хүн бүрийн өөрийн авьяас, мэдрэмж, хураасан буяны үйлийн хэмжээгээр асуудал шийдэгдэж байна. Мэдээж хөдөлмөрч хүн бол сайхан амьдраад явж байна. Залхуу хүн бол амьдрал нь бахь байрандаа л байна. Хүн өөрийнхөө авьяасыг дайчлаад, хөдөлмөрлөөд зүтгэх юм бол сайхан амьдрах боломж байна. Залхуу хойрго хүн бүх бурууг амьдрал руугаа "чихээд" л болохгүй байна, бүтэхгүй байна гээд сууж байдаг. Засаг төр нь ард түмнээ энэрэн хайрлах ёстой, ард нь засаг төрөө хүндлэх ёстой хууль цаазаа дээдлэх хэрэгтэй байгаа юм. Манайд хаана хаанаа энэ бүхэн гажаад байгаа болов уу. Үүнээсээ болоод л улс орны эдийн засгийн байдал, бүр цаашлаад дэлхийн нийтийн асуудлууд ч өөрчлөгдөж байна. Энэ бүхэн хүнд стресс, бухимдлыг үүсгэж байна л даа. Та нар ажиглаад үзээрэй. Хөмсгөө зангидсан, хэг ёог хийсэн, бие биеэ элдвээр хэлсэн, уур бухимдалтай хүмүүс бидний эргэн тойронд байна. Ерөнхийдөө бухимдал, стресс гэдэг зүйл хүний өөрийн дотоод сэтгэлийн ариусал байхгүйгээс их гардаг. Өөрийн дотоод мөн чанараа танин мэдэж, сэтгэлийн ариуслаа голлоод ирэх юм бол ер нь уур уцаар алга болчихно. Сэтгэлийн гурван хор гэж байна. Уурлах, ширүүн үг хэлэх, мунхаг сэтгэл шунал тачаал ертөнцийн хүмүүний гурван хорт чанар. Энэ гурван хорын учрыг ойлгоод, цаад шалтгааныг нь мэдчих юм бол хүн уурлаж, бухимдаад байх шаардлагагүй болчихно. Энэ замбуулинд төрсөн хүн болгонд "хүлэгддэг" асуудалд ордог шалтгаан бол мунхаг, уур, шунал. Энэ гурваас өдөөгддөг юм. Эндээс л 84 мянган муу сэтгэл гардаг. Тэгэхээр бид бүхэн энэ муу сэтгэлийн хорыг эхлээд таниад, мэдэх хэрэгтэй. Уурлаж бухимдаад үр дүн байхгүй. Тэгэхээр энэний оронд сэтгэлийн амар амгаланг эрэлхийлэх ёстой юм. Өөрөө өөрийнхөө мөн чанарыг таних ёстой. Ингэхийн тулд ядаж нэг бясалгал хийх ёстой. Сэтгэл гутралд орчихлоо гээд зарим хүн сэтгэлзүйч дээр очиж магадгүй. Гэтэл тэр сэтгэл зүйч маань өөрөө ариусаагүй бодгаль шүү дээ. Эгэл бид нартай адилхан л болохоос гэгээрсэн зүйлгүй. Тийм болохоор хүмүүстэй ярилцаж, гарц гаргалгаа л хайна.
Эх сурвалж: mnb.mn