x

Ж.Бат-Эрдэнэ: УИХ дээрээ зөв бодлого гаргаад явсан бол өнөөдрийн таван боодол өвсний тусламжаас дээр

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ-аас “Ногоон автобус”-ны асуудлаар Хянан, шалгах түр хороог хэзээ байгуулсан бэ. Яагаад энэхүү хороог байгуулах болов?

-Ардчилсан намын гаргасан санаачилга шүү дээ. Ингэхдээ ногоон автобусны худалдан авалтын талаар сонсгол явуулъя гэсэн. Тээврийн хүний хувьд тэрхүү санаачилга дээр нь би гарын үсэг зурсан. Манай намаас ч 10 гаруй гишүүн дэмжсэн. Ингээд энэхүү түр хороог байгуулах шийдвэр нэгдүгээр сарын 17-ны өдөр гарсан. УИХ-ын намрын чуулганы сүүлийн өдөр байсан юм. Ингээд түр хорооны гишүүд хуралдаад намайг даргаар нь томилсон.

-Таныг даргаар сонгосон анхны хурал хэзээ болсон бэ?

-Түр хорооны гишүүдийг 11 хүний бүрэлдэхүүнтэй баталсан. Тэр өдрийн чуулганы хуралдааны дараа анхны хурлаа хийж намайг дэмжсэн.

-Ногоон автобусны худалдан авалтыг хэрхэн шалгах юм бэ. Одоо ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Нэгдсэн чуулганы хуралдаан завсарлаад гишүүд маань нэлээд ажилтай байлаа. Тиймээс бид ирэх долоо хоногийн даваа гаригт хуралдаанаа хийхээр болж байгаа. Үүгээр түр хороо шинжээчдээ томилно. Мөн шинжээч ямар хүрээнд, яаж ажиллах вэ гэсэн дүрмийг батална. Хоёрдугаарт, хянан шалгагч нараа ч мөн томилно. Ингээд нийслэл болон зохих байгууллагуудаас материалаа авна. Харин шинжээчдийг аудитын байгууллага, Төрийн өмчийн хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг газруудаас авна. Хянан шалгагчдын хувьд хуульчид, Төрийн худалдан авах газар зэргээс томилно. Тэдгээр хүмүүс маань материалуудтай танилцаад долоо хоног орчим ажиллах болов уу гэж харж байгаа. Одоо бол зөвхөн ногоон автобусны асуудал дээр ажиллах учраас нэг их хугацаа орохгүй байх. Ер нь бол дөрөвдүгээр сард хурлаа зарлаад 2-3 хоногийн дотор асуудлыг дуусгана гэж бодож байна.

-Энэ хэрэгтэй холбогдуулан хувийн хоёр компанийн захирлыг буруутгаад нэгийг нь хорьчихсон байгаа. Тэгвэл энэ хоёр хүн хуйвалдаад ийм хэрэг хийнэ гэдэгт хүмүүс тэр бүр итгэхгүй байна. Үүнд төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд оролцсон байх боломжтой юу?

-Яг үүн дээр би одоо хариулж чадахгүй. Холбогдох материалуудыг бүгдийг нь цуглуулна. Бүгдийг нь үзээд шинжээчид дүгнэлт гаргана. Уг дүгнэлтээр бүх асуудал тодорхой болно. Компанийн оролцоо ямар байсан, сонгон шалгаруулалтыг нь яаж явуулсан, хөндлөнгийн нөлөөлөл нь юу байв, бичиг баримтууд нь яаж гарсан байна вэ гээд олон асуудал тодорно.

-Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг энэ хэрэгтэй холбогдуулан яллагдагчаар татсан гэдэг үнэн үү?

-Надад энэ талаар ямар ч мэдээлэл алга.

-Та саяхан өвөлжилт, хаваржилттай холбоотой пост оруулсан нь нэлээд хэл ам дагуулсан. Ер нь энэ жилийн зуднаар малчид маань өөрсдийн өмч болсон мал сүргээ бүрэн бүтэн авч үлдэх тал дээр юу хэлмээр байна вэ?

-Тухайн үед машин угаалгаж байх хоорондоо бодлоо цахим орчинд бичиж оруулсан. Хоёрдугаарт, би чинь хэдийгээр авто инженер ч гэсэн хөдөө орон нутаг, мал сүрэг, малчдаа дэмжих дээр 2017 оноос эхлэн тасралтгүй ажиллаж байна. Дээрээс нь орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд хүссэн хүсээгүй хөдөөгийн амьдралыг сайжруулах асуудлыг бодох ёстой. Гишүүн болохоосоо өмнө Булган аймагтаа би хоёр жил амьдарсан. Бидний хийсэн сургууль, цэцэрлэг, зам дагаж хөгжил гээд олон километр зам тавиад байдаг. Гэтэл эцсийн эцэст ард иргэдийн амьдрал дээшилсэн үү. Бахь байдгаараа байгаа нь үнэн шүү дээ. Тэгэхээр УИХ-ын гишүүд, Засгийн газар УИХ-аас гарч байгаа бодлого чинь дэд бүтэц, нийгмийн хөрөнгө оруулалтыг л бодож байгаа болохоос биш ард иргэдэд хөрөнгө оруулалт хийхгүй байна. Үе, үеийн Сангийн сайд нараас би чуулганы хуралдаан дээр яг ямар хөрөнгө оруулалтыг ард иргэдийн амьжиргаа, хөдөө аж ахуй, мал аж ахуй сайжирч, хөл дээрээ босохын төлөө оруулж байгаа гэж асуудаг.

-Тэгэхээр ямар хариулт өгдөг вэ?

-Тэд энэ бол хувийн хэвшил. Мал чинь хувийн өмч. Хувийн хэвшлийн асуудалд төр оролцохгүй. Зах зээлийнхээ журмаар явах учиртай л гэж хариулдаг. Тэгээд л таг болдог. Гэтэл минийхээр бол “Иргэн баян бол улс баян” гэсэн өнцөг. Иргэн нь баян бол улс нь баян байна. Ингэхийн тулд иргэдээ баяжуулах, ажилтай болгох, цалин орлоготой байлгах асуудлыг нэн тэргүүнд бодохгүй бол болохгүй. Би бол “Баяжигтун” гэсэн уриатай л ажиллаад байдаг хүн. Тэгээд энэ хүрээндээ ЖДҮ-ийг хөгжүүлье гэдэг.

-Гэтэл ЖДҮХС-г нь хуваагаад авчихдаг шүү дээ?

-Яг тийм. Тэр үед нь би хөгжүүлнэ гэсэн мөртлөө хамаг ЖДҮ-ийн хөрөнгөө өөрсдөө авчихсан байдаг ийм УИХ тарцгаая гэсэн саналыг хүртэл тавьж байлаа. Малчид, хөдөлмөрчдөө ерөөсөө л хөл дээр нь босгох ёстой. Ингэхийн тулд ямар нэгэн зүйлээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Гэтэл би хувиасаа мөнгө гаргаж өгөөд, эсхүл банкнаас хөнгөлөлттэй зээл авч өгөөд байж чадахгүй шүү дээ. Харин хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, тусламж гаргах боломжтой бодлогыг л гаргаж тавих. Яагаад иргэддээ улсын төсвийн хөрөнгөөр тоног, төхөөрөмж өгч болохгүй гэж. Тэгээд би “Шинэ хөдөө” гэж хөтөлбөрийг санаачилж байлаа.

-Тэр тань хэдэн он билээ?

-“Шинэ хөдөө” хөтөлбөр анх 2017 онд эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 10 гаруй тэрбум төгрөгийн тоног, төхөөрөмжийг иргэдэд олгосон. Трактор, хадлан, ногоо тарьж хураадаг тоног төхөөрөмжүүдийг хамтарсан өрх айлуудад олгож ирсэн. Булган аймгийн Сайхан суманд л гэхэд 20 гэр бүл хамтарч, газраа гаргахаар нь түрээсээр өгчихсөн. Одоо бол өвөлжөө, хаваржаагаа янзлах, ус худаг гаргах, хадлан тэжээлээ тарих, хураах ажлаа хийж байна. Яг л үүнийг нэгдсэн бодлого болгож явуулмаар байгаа юм. Бид өнөөдөр малчдадаа тусална гээд машин өвс ачаад явж байгаа ч нэг айлд очихдоо таван боодол өвс л болж байна. Цаашдаа яах юм. Цас зуд болох бүрд л хандивын аян эхлүүлээд, таван боодол өвсөө бариад гүйгээд байх юм уу. Харин түүний оронд нэгдсэн бодлого гаргаад авч чаддаггүй тоног төхөөрөмжийг нь түрээсээр өгөөд бэлтгэлийг нь хийлгэх хэрэгтэй.

-Зудтай газруудад яг одоо тусламж хүргэж байгаа. Гэтэл энэ тусламжийг хэтэрхий оройтчихлоо гэх хэсэг байна?

-Түрүүн хэлсэн, таван боодол өвсөөр нэгэнт муудсан малыг тэнхрүүлнэ гэж байхгүй. Дээрээс нь тэд чинь ямар өлсөж үхэх гэж байгаа хүмүүс биш. Гурил, будаа, эмнэлгийн тусламж өгөөд байна. Би яагаад жаахан эгдүү хүрээд тэгж пост бичсэн бэ гэхээр УИХ, төсөв дээр энэ асуудлыг ярихаар хэдэн малчдыг давраах гэлээ. Энэ чинь хувийн өмч гээд л эхэлдэг. Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж, “Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуй” гэсэн төслийг ХХААХҮЯ-наас оруулж ирэхэд л 1400 малчинд хашаа барьж өгөх гэж байна гэсээр байгаад унагаасан. Тэгсэн мөртлөө өнөөдөр малчнаас нь илүү малд нь хайртай юм шиг нөхдүүд л гүйгээд байдаг. Уг нь УИХ дээрээ зөв бодлого гаргаад түүнийг нь дэмжээд явсан бол өнөөдрийн боодол өвсний тусламжаас чинь хавь илүү дээр байх байсан.

-Зарим нөхөд зудаар дамжуулан сонгуулийн сурталчилгаагаа бараг эхэлчих шиг боллоо. Та юу гэж бодож байна вэ?

-Би яг л наад өнцгөөс чинь хараад байгаа. Ер нь бид нэг зүйлийг зөв бодох ёстой. Цас зуд болохоор мал нь урууддаг. Тогтоож барих хашаа хороо байхгүй учраас араас нь явж байгаад амь насаа алддаг тохиолдол олон байна. Өмнө нь ч байсан л асуудал. Ингээд ярихаар Өмнөд Монголыг дуурайлаа гээд байгаа. Тийм биш. Бид хөгжлийг дуурайх асуудал болохоос Хятадыг дуурайж байгаа зүйл биш шүү дээ. Бүх зүйл хөгжөөд байхад заавал малаа дагаж явж байгаад эндээд байх шаардлага байхгүй. Байгалийн гамшиг болсон үед малаа хэд хоног дулаан хаших хашаа хороотой байж л хөгжих ёстой. Хагас эрчимжсэн байдлаар мал аж ахуйг хөгжүүлж болно. Өдөрт нь бэлчээртээ гаргаад оройдоо дулаан байранд хашаад байхад болохгүй юмгүй. Ер нь гадны туршлагаас харахад малыг дулаан хашаанд байлгаад байвал өвлийн жин алдагдал огт байдаггүй юм билээ. Одоо болохоор бид үнэхээр туйлдсан хэдэн малаа л арайхийж хавартай золгуулж байна. Өнөөдөр монголчууд бид долоо, наймдугаар сараас эхлэн шинэ мах идэж байгаад 11 дүгээр сард идшээ хийгээд хөргөгчиндөө хийчихдэг. Тэгээд бараг хагас жилийн туршид хөргөгчний мах идэж байгаа нь үнэн биз дээ. Малчид маань малаараа ашиг олох нь л чухал болохоос хээр гадаа дагаад л яваад байх нь тийм чухал биш. Гэтэл бид өмнөөс нь бэлчээрийн мал аж ахуй л хэрэгтэй гээд цахим орчинд бичээд сууцгааж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 15 цаг 15 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 17 цаг 5 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 17 цаг 17 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 17 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 18 цаг 39 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 18 цаг 47 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 19 цаг 8 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 19 цаг 59 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 20 цаг 3 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 20 цаг 13 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 20 цаг 22 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 20 цаг 36 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 20 цаг 44 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top