“Замын Үүд” Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, МҮХАҮТ хооронд чөлөөт бүсэд үйлдвэрлэл эрхлэх таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, чөлөөт бүс дэх худалдааны урсгалыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, чөлөөт бүсийн үйл ажиллагаа онцлогийг гадаад орнуудад сурталчлан таниулах, мэдээлэл солилцох зорилгоор хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.
Талууд санамж бичгийн хүрээнд:
Чөлөөт бүсийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход шаардагдах судалгаа, шинжилгээг хийх, хувийн хэвшлийн саналыг тусгах холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад танилцуулах;
Чөлөөт бүсийн бизнесийн маргааныг хянан шийдвэрлэхэд МҮХАҮТ-ын дэргэдэх “Монголын Олон Улсын Арбитр, "Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв"-тэй хамтран ажиллах;
Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ экспортын чадамжийн судалгаа хийх, чөлөөт бүсэд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулахад бүрдүүлэх бичиг баримт, холбогдох мэдээллээр хангах, гарын авлага боловсруулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.