Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар салхин цэцэг өвчний талаар мэдээлэл өглөө.
Өвчлөлийн талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр "ХӨСҮТ-өөс халдварт өвчний хам шинжүүдийн тандалт хийдэг. Тухайлбал, амьсгалын замын халдварт өвчний тандалтыг цочмог халуурах, тууралтат хам шинж болон халуурах, цэврүүт тууралтат хам шинжээр танддаг. Эдгээр тандалтаас авч үзвэл, өмнөх таван жилийн дундаж, босго үзүүлэлтээс аль аль нь даваагүй.
Салхин цэцэг өвчний хувьд, өнгөрсөн онуудтай харьцуулахад 2022-2023 онд өвчлөл харьцангуй нэмэгдэж байна. Гэхдээ цар тахлаас өмнөх үеийн өвчлөлийн дундаж босго үзүүлэлтийнхээ түвшинд байгаа юм.
Тодруулбал, өнгөрсөн онд салхин цэцэг өвчнөөр оношлогдож, ХӨСҮТ-д 675 хүн хэвтэн эмчлүүлжээ. Харин 2023 оны эхний гурван сарын байдлаар 300 хүн салхин цэцэг өвчний улмаас хэвтэн эмчлүүлсэн.
Амьсгалын замын халдварт өвчлөлүүдийн гол шалтгаан нь томуу, томуу төст өвчин юм. Хоёрдугаар байрт салхин цэцэг ордог. Өнгөрсөн онуудтай харьцуулахад салхин цэцгээр өвчлөх тохиолдлын тоо нэмэгдэж буй учраас халдвар хамгааллыг сахих хэрэгтэй" гэлээ.
Салхин цэцэг өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Хүүхэд тань халуурч, бие дээр нь тууралт гарч байгаа бол халдварт өвчин байх эрсдэлтэй. Ийм шинж тэмдэг ажиглагдвал цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байх, эмчид үзүүлж өвчний шалтгааныг тогтоох хэрэгтэй.
Салхин цэцэг нь амьсгалын замаар тархан халдварладаг, бага насны хүүхдэд ихэвчлэн тохиолддог цочмог халдварт өвчин бөгөөд бусад халдварт өвчнийг дархлаажуулалтаар хяналтанд авахын хэрээр манай улсад ойрын ирээдүйд ихсэх хандлагатай халдварт өвчний тоонд зүй ёсоор орж байна.
Салхин цэцэг өвчний үүсгэгч нь херпес вирусийн овогт багтдаг хүний херпес вирүсийн 3 дугаар хэв шинжийн вирус юм. Анхны халдварын дараа мэдрэлийн ширхэгт хадгалагдан үлдэж хожим нь уг хүний дархлаа сулрахад бүслэх үлд (зостер буюу могой яр) хэмээх өвчлөл үүсгэдэг учир өвчлөлийн эмнэлзүйн хэлбэрийг нь салхинцэцэг-бүслэх үлдийн вирус (СБВ) гэж нэрлэдэг.
Салхин цэцэг бүслэх үлдийн вирусийн удамшлын хэв шинжийг мэдрэг ба өвөрмөц чанартай молекул биологийн аргаар судлаж, халдварын хэлхээг нарийвчлан тогтоож, вирусийн шинж чанарыг тодорхойлох нь практикийн ихээхэн үр өгөөжтэй юм.
Халдвар дамжих зам: Агаар дуслын замаар, хүнээс хүнд халдварлана.
Шинж тэмдэг: Салхин цэцгийн халдварын үед өндөр халуурах, толгой өвдөх, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг нь тууралт гарахаас өмнө илэрнэ. Эдгээр шинж тэмдгүүд нь 1-2 хоног үргэлжилдэг.
Тууралт: Арьсан дээр гарсан тууралт нь дотроо шингэн агуулсан, жижиг улаан толбо байх бөгөөд дунджаар 250-500 ширхэг байна. Тууралт нь эхлээд нүүр, их биеээр гараад цааш бүх биеэр тархдаг. Цэврүү нь нэг хоёр өдрийн дараагаар булингартай болж хагарч тавшдаг.
САЛХИН ЦЭЦГИЙН ТУУРАЛТ
Амны хөндийн салст бүрхүүлд гарсан цэврүүт тууралт амархан хагарч шархлаа үүсгэснээс хоол унд идэж уухад хөндүүрлэж өвдөх, амнаас эвгүй үнэр үнэртэх, шүлс ялгаралт ихсэх, хорсох, нянгийн халдвар орсны улмаас шарх нь идээт өнгөртэй болох, халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА
Салхин цэцэг өвчний эсрэг амьд сулруулсан вакциныг Япон, БНСУ, АНУ болон Европын зарим орнуудад хэрэглэдэг. Энэ вакциныг 12-18 сартай болон 12 хүртлэх насны хүүхдэд тарихыг зөвлөсөн байдаг. Вакцин тариулснаас хойш 6 жил хүртэлх хугацаанд 70-90% хамгаалах дархлаа тогтдог болохыг судалгаагаар тогтоосон.
Салхин цэцэг өвчтэй хүүхэдтэй хамт байсан хүүхдийг 3 хоногийн дотор энэ вакцинд хамруулбал өвчнөөс сэргийлэх, өвдсөн ч явц нь хөнгөн байх ач холбогдолтой. Мөн салхин цэцэг өвчний эсрэг амьд сулруулсан вакциныг дархлаажуулалтанд хамрагдаагүй 13-аас дээш насны хүүхэд эсвэл хүүхэд насандаа энэ өвчнөөр өвдөөгүй хүмүүст тарьж болно.
Харшил, дархлал дутмагшилтай хүмүүс, нярай хүүхдэд энэ вакциныг хийхгүй байх заалтууд байдаг. Түүнчлэн салхин цэцгийн вирүсийн эсрэг иммуноглобулиныг халдварт өртсөнөөс хойш 96 цагийн дотор хэрэглэхэд өвчнөөс сэргийлэх эмчилгээний үр дүнтэй.
ЭМЧИЛГЭЭ
- Өвчний явцаас хамаарч хэвтрийн дэглэм баримтлана.
-
Вирусын эсрэг эм, бэлдмэлүүд, хордлого тайлах, дархлаа дэмжих, биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээг эмчийн зааврын дагуу хийнэ.
- Арьс салстад гарсан тууралтат бриллиантын ногоон, метилийн хөхийн спиртэн уусмал, борын хүчлийн уусмал, фурациллин, шингэн марганцийн уусмал зэргийг тууралтын байршил, хэмжээнээс хамаарч хэрэглэнэ.
-
Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэнэ.
- Өвчтөй хүүхдийг тусад нь тусгаарлах ба өрөөг сайтар агааржуулж, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийн, хувийн ариун цэврийг сахих шаардлагатай.