Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/ олон улсын жишигт нийцсэн төрөх тасагтай болжээ.
Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа “ЭХЭМҮТ нь зургаан сарын хугацаанд засвар хийж, олон улсын жишигт нийцсэн төрөх өрөөтэй боллоо. Өмнө нь нэг өрөөнд 2-3 эх төрдөг, ар гэрээсээ тусгаарлагддаг байсан бол өнөөдөр нэг өрөөнд нэг эх төрөх зориулалтаар буюу 18 өрөөнд бүрэн засвар хийж ашиглалтад оруулахад бэлэн болсон.
Өрөөний сантехник, холбоо, дохиолол, дулааны шугамаас эхлээд бүх зүйлийг орчин үеийн техник, технологийн дагуу хийж гүйцэтгэсэн.
Мөн VIP хоёр өрөөг гаргаж, эхчүүд хүсвэл гэр бүлийнхээ хүнтэйгээ төрөх үйл явцад хамт байх боломжтой болж байна. Эхний ээлжид VIP өрөөний төлбөрийг 60 мянган төгрөг байх тооцоолол гарсан” хэмээлээ.
Түүнчлэн ЭХЭМҮТ-д таван тасгийн иж бүрэн засвар, барилга шинэчлэлтийн ажил ид дундаа явж байгаа аж. Үүний үр дүнд хүүхдийн мэс заслын иж бүрэн автомат, бүрэн тоноглогдсон, олон улсын жишигт нийцэх тасгуудтай болох юм байна.
Энэ жилийн хувьд ЭМЯ-аас улсын хэмжээнд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төрөх тасаг болон хүүхдийн тасгуудын орыг бүрэн шинэчлэн сольж, хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт орыг суурилуулжээ.