Нийтлэлч Д.Цэрэнжавтай ярилцлаа. Тэрээр “Улаанбаатарын иргэний форум” ТББ-ын хүрээнд Улаанбаатар хотын түүхэн дүр төрхийг хамгаалах санаачилгыг өрнүүлж байгаа юм.
-Таны хувьд Улаанбаатар хотын түүхэн дүр төрхийг хамгаалах санаачилгыг хэсэг хүний хамт өрнүүлж байгаа юм билээ. Энэхүү санаачилгыг гаргах шалтгаан юу байв. Нийслэл хотын түүх соёлыг илтгэх дурсгалт газрууд үнэхээр эрсдэлтэй байдалд орчихсон хэрэг үү?
-“Улаанбаатарын иргэний форум” ТББ-ыг хэсэг нөхдийн хамт байгуулсан. Санаа нь Улаанбаатарын түүхэн дүр төрх, зах зээлийн ялангуяа сүүлийн 10 гаруй жилд маш их өөрчлөгдсөн. Хот өөрчлөгдөх нь мэдээж сайн хэрэг байх. Гэхдээ түүхэн дүр төрхөө алдаж байгаа нь өөрөө асуудал. Улаанбаатар хот түүхгүй болж байна. Тиймээс “Улаанбаатарын иргэний форум” ТББ-ын хүрээнд хэсэг нөхдийн хамт нэгдээд ажиллаж байна. Байгуулах болсон шалтгаан нь энэхүү ТББ-ын гишүүд бүгдээрээ Улаанбаатарт төрж өссөн хүмүүс байгаа. Хөдөө төрсөн хүмүүс нутаг ус гээд буурин дээрээ очиж хөрвөөдөг. Нутаг ус нь тийм нандин байдаг. Бидний хувьд ч мөн адил. Улаанбаатарт байшинд төрснөөрөө ялгаатай гэсэн үг биш. Үнэндээ Улаанбаатар түүхэн дүр төрхөө алдаж байгаад харамссаныхаа үндсэнд, цаашид юу хийж болох нь энэ байгууллагын зорилго. Үйл ажиллагаа явуулаад хоёр дахь жилтэйгээ золгож байна.
-Үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж байна гэлээ. Нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүл сонгогдоход хотын унаган хүүхэд боллоо. Одоо л Улаанбаатар “супер” хөгжих нь гэж ярьж байсан шүү дээ. Та бүхэн тэр үед энэхүү санаачилгаа гаргаад явж болоогүй юу?
-Хотын унаган хүүхэд хөдөөнийх гэсэн зарчмын ялгаа байдаггүй юм байна. Э.Бат-Үүл даргын тухайд тэр үед Улаанбаатар хот маш их мөнгөтэй байсан. Үүнийхээ хүрээнд олон бүтээн байгуулалт хийсэн гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Гэвч тэрхүү бүтээн байгуулалтынхаа их урсгалд орчихсон юм. Бүтээн байгуулалтын хүрээнд барьсан өндөр барилга, зам гүүрийн хажууд хуучны жижигхэн навтайсан байшин харагдсан байх л даа.
-Хотын дарга болсныхоо дараа Цагаан хаалгыг буулгах шийдвэр гаргасан?
-Дээд зэргийн буруу. Нисэхийн Цагаан хаалганы шийдвэрийг санахгүй байна. Ямар ч байсан 19 дүгээр хорооллын Цагаан хаалга Хан-Уул дүүргийн түүх соёлын дурсгал гэж явдаг байсан. Буулгахаас нь өмнө дүүргийн ИТХ хэлэлцэх ёстой байтал нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзандорж дур мэдэн буулгачихсан юм. Э.Бат-Үүл дарга нь гадаадад явж байсан гэнэ лээ. Ухах юм бол их сонирхолтой юм гарна. Уг нь Улаанбаатарын түүх соёлын дурсгалыг дангаараа мэдэж байхгүй болгох эрх Д.Нанзандоржид байхгүй. Гэвч ийм шийдвэр гаргаснаараа энэ хүн түүхийн өмнө гэмт хэрэг хийсэн гэж үздэг. 19 дүгээр хорооллын Цагаан хаалга замын хөдөлгөөнд огт саад болоогүй. Хавь ойрынх нь газрын барилгууд нь садаа болсон байдаг юм. Ямар гоё нүдэнд торох обьект байлаа.
Нэгэнт л нийгмийн амьдралын нэг хэсэг болохоор хуулиараа, дүрэм журмаараа, эрх зүйн зохицуулалтаараа шийдэх ёстой. Хүн ямар зүрх сэтгэлтэй, хаана төрсөн нь тийм ч чухал биш гэдгийг өнгөрсөн жилүүдийн түүх харууллаа.
-Яг юугаараа харуулсан гэж?
-Зах зээлийн нийгмээс сөхөж яръя л даа. Социализмын үеийн бүтээн байгуулалт 1990-ээд он гараад Улаанбаатарт зогсонги байдалд орсон. Тэр үеийн зураг хөргийг харвал хотын гудамж эл хуль, ундуй сундуй байх жишээтэй. Харин хоёр зууны зааг дээр жинхэнэ зах зээлийн хөдөлгөөн эхлэхээр Улаанбаатарын төвлөрөл ихэссэн. Бүтээн байгуулалтын хүрээнд барилгажилт өрнүүлж, нэгдүгээр давхруудыг цоолохоос эхлээд зай засварт нь жижиг барилга байгуулсан. Ямар нэг хэмжээгээр бүтээн байгуулалтын солиорол бий болсон гэж хэлж болно. Бүтээн байгуулалт гэсэн гоё үг байна шүү дээ. Харин би яагаад солиорол гэж хэлсэн юм гэхээр юм барьж, босгож байвал, ашигтай л байх юм бол бусад нь хамаагүй гэсэн эргүүлэгт монголчууд, нийслэлчүүд ялангуяа хотын удирдлагууд орчихсон юм.
Жишээ нь, 1999 онд нийслэлийн Засаг дарга болсон М.Энхболд байна. Тэр хүн хотод төрсөн байх л даа. Гэхдээ үнэхээр төрийн хүн, мундаг улстөрч, стратегич байсан бол ийм явдлыг эхлүүлэхгүй л байсан. Дараагийнх нь болох Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр, Т.Билэгт, Э.Бат-Үүл, С.Батболд гээд үргэлжилнэ. Бүтээн байгуулалтын ажил явах ёстой байх. Хүссэн хүсээгүй хүмүүс барилга, байшингаа барина. Улаанбаатар хот анхнаасаа маш их сийрэг баригдсан байдаг. Харин 2000 оны эхээр “ЖАЙКА”-гаас хийсэн судалгаагаар энэхүү сул орон зайгаа дүүргэвэл зах зээл, бэлэн дэд бүтцэд холбогдсон утгаараа зөв шийдэл гэсэн чиг өгсөн юм шиг байна лээ. Гэвч түүнийх нь дагуу явахдаа үнэхээр солиорол болсон.
Харсаар байтал болохгүй, түүх соёлын дурсгал байсаар байхад зөвшөөрөл хүсч байгаа хувь хүн, компанийн сэтгэхүй нь давамгайлсан. Ингэж явсаар Улаанбаатар хотын дүр төрх алдагдах төвшинд хүрсэн. Өмнө нь зөвхөн музейн хашаанд барилга барих, хана туурга цоолох зэргээр жижиг хэмжээнд явсаар нэг харсан хотоо танихын аргагүй болсон байна.
-Бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх нь зүй ёсны шаардлага байх. Гэхдээ түүхэн төрхөө хадгалж үлдэхээс илүүтэй өндөр барилга байшин барих нь хотын хөгжлийг илэрхийлнэ гэх ойлголт манайд бий болчихсон юм шиг санагддаг. Улаанбаатар хотын хэмжээнд түүхэн төрхөө хадгалж үлдсэн хэчнээн газар байна вэ. Судалгаа, тоо баримт гарсан байж таарна?
-Нарийн тоо баримт нь одоогоор надад байхгүй байна. Бидний хувьд түүх соёлын дурсгалт газруудын бүртгэлийг гаргах ажлыг эхлүүлэх гэж байгаа. Бүртгэлжүүлчихээд холбогдох дүрэм журам, норм стандартынх нь дагуу мониторинг хийх юм. Нөгөөтэйгүүр, Улаанбаатарын хөгжлийг өндөр барилга харуулж байна уу гэдэгт эхлээд хариулъя. Эргээд харахад Улаанбаатарын төвийг өнөөдрийнх шиг өндөр барилгаар барина гэсэн төлөвлөгөө байгаагүй. Одоо гаргаж байгаа, гаргасан ерөнхий төлөвлөгөө, баримт бичигт ч байхгүй. Харин Улаанбаатарын түүхэн дүр төрхийг хадгална, Ганданг түүхэн дурсгал, жуулчлалын бүс маягаар хадгална, Улаанбаатараас урагшаа Богд уул харагдаж байна гэсэн концепц үргэлж байсан.
1980, 1990-ээд онд Улаанбаатарын хөгжилтэй холбоотой архитектурын янз бүрийн баримт бичгийг харж, уншиж байсан хүний хувьд хэлэхэд шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар хотын төвд өндөр барилга гэсэн ойлголт, бодлого ерөөсөө байгаагүй. Харин хот төлөвлөлтийг барьж байсан хүмүүс нь хөрөнгө оруулалт олоод өндөр барилга барьчихвал ашигтай юм байна гэсэн хүсэлтэйгээр орж ирсэн байх. Өндөр барилга барь гэж хотын зүгээс хэлээгүй байх. Бизнес эрхлэгч, компаниуд 15-20 давхар барилга баръя гэснийг нь зогсоож чадаагүй. Зогсооно гэдэг нь бүтээн байгуулалтын эсэргүүцнэ гэсэн үг биш. Барилга барьж болно гэхдээ 15 биш 5 давхар болно гэх зэргээр зохицуулалт хийж болох байсан. Үүний цаана юу байх вэ?. Ашиг сонирхол, авлига байна гэж үзэхээс өөр аргагүй.
Тоглоомын талбайд барилга барихаар оршин суугчид нь гарч ирээд эсэргүүцдэг. Тэгэхэд яах аргагүй нотолгоо хэлдэг биз дээ, хот төлөвлөлт, барилга барих норм стандартын талаар.
-Улаанбаатар хотын түүхэн дүр төрх, түүх соёлын дурсгалт обьект гэсэн хоёр тусдаа ойлголт яваад байх шиг байна?
-Гаднын хотуудыг нэрлэхээр ерөнхий дүр төрх санаанд буудаг. Хонконг гэхээр өндөр барилга, Бээжин, Москва гэхээр голдуу төв талбайгаараа буудагтай адил. Тэдгээрийн түүхэн дүр төрх нь юу байдаг вэ гэхээр голдуу төв талбай, төр засгийнхаа ордонтой ойролцоо хэсэг байдаг. Түүгээрээ дамжуулан тухайн хот хэр урт түүхтэй вэ гэдэг нь харагддаг. Хонконг олон жилийн түүхтэй хот байх л даа. Гэхдээ зүгээр л нэг Хятадын хот. Тэнд ямар нэгэн төрийн уламжлалыг харуулсан юм байхгүй. Английн амбан захирагч, загасчдын шамбааралдсан барилга байшин байсан. Тэрийгээ буулгаад өнөөдрийн тэнгэр баганадсан барилгуудаа барьсан байх. Энэ бол тэдний хэрэг. Харин манайх бол өөр.
Улаанбаатар хот гэхэд 400 жил рүүгээ явж байна. Кинонд гардаг шиг хаантай бол хаантай, харцтай бол харцтай. Өөрийн гэсэн түүхтэй. 1800-гаад онд байгуулсан Чойжин ламын сүм, Дамбадаржаалин хийд, XX зуун гараад Гандан гэх зэргээр. Энэ бол Улаанбаатарын нэг дүр төрх. Харин миний түүх гэж яриад байгаа нь XX зууны Улаанбаатар. 2000 оны зааг дээр өнөөдрийн яриад байгаа бүтээн байгуулалт эхэлснээр Улаанбаатар бий болоогүй байхгүй юу. 1910 оны Хэвлэх үйлдвэрийн барилгаас эхлээд 1960-аад оны бүтээн байгуулалтын ажил бүгдээрээ Улаанбаатар хотын дүр төрх. Гэвч энэ бүгд өнөөдөр алдагдаад байна. Ямар азаар хотын дүр төрхийг хамгаалж байгаа хамгийн гол цөм болсон Сүхбаатарын талбай байгаад байгаа юм. БНСУ-д ч бил үү зарим улсад төв талбай гэсэн ойлголт байдаггүй юм билээ.
Цаашлаад Улаанбаатарын дүр төрхийг илтгэх газар бол 40, 50 мянгат. Энхтайваны өргөн чөлөө дагасан, баруун, зүүн дөрвөн замын хоорондох энэ барилгууд. Харамсалтай нь, “зөөлөн хүч”-ний аргаар нэг давхрыг нь цөмлөх, чигжих байдлаар унаган дүр төрхийг нь байхгүй болгож байна.
-Парисыг Эйфелийн цамхагаар, Мовскаг улаанталбайгаар нь, Хятадыг Цагаан хэрэмээр төсөөлдөг, ой тоонд нь шууд буух дүр төрх Улаанбаатарт бий юу. Сүхбаатарын талбай, Чингисийн хөшөөнөөс өөрөөр шүү дээ?
-Бүртгэх маягаар яривал олон бий. Харамсалтай нь, түүнийгээ түүх соёлын дурсгал, жуулчны обьект гэдгээр нь огт хадгалахгүй байна. Богд хааны музей гэхэд тойруулаад жижигхэн барилгууд барьчихсан. Чойжин ламын сүмийг тойруулаад өндөр барилга барьчихсан байх жишээтэй. Үнэхээр жуулчдын обьект гэж байгаа юм бол орчноосоо ялгарах орон зайтай байх ёстой. Зайсан толгойг хүмүүс үзэл суртлын талаас нь хараад байдаг. Гэхдээ яах аргагүй аялал жуулчлалын обьект. Дээр нь гарч Улаанбаатар хотыг хардаг. Гэтэл тэнд барьсан зугаа цэнгэлийн төвийн чимэг, Танктай хөшөө гэхэд үүдний харуул маягийн болчихлоо. Түүх соёлын дурсгалт газрын мөн чанар нь алдагдаж, ердийн юм болж хувирч байгаа нь харамсалтай.
-Улаанбаатарын түүхэн дүр төрхийг хадгалж үлдэхийн тулд яг аль газруудыг авч үлдэх ёстой юм бэ?
-Улаанбаатарын дүр төрхийг илүү сайхнаар авч үлдэх түүхэн боломжоо үндсэндээ бид алдсан. Сүхбаатарын талбай тойрсон өндөр барилгуудыг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр барьсан. Болдог бол Сүхбаатарын талбайн эргэн тойрон, 40, 50 мянгат, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойрууг авч үлдэх ёстой байсан. Хэцүү юм байгаагүй. Зөвхөн хотыг удирдаж байсан хүмүүс, гарын үсэг зурсан дарга нараас үүдэлтэй. Драмын театрын ард 20 давхар барих нь арай л биш. Барилга барьж болно. Барихаас өөр аргагүй. Гэхдээ хотын дүр төрхийг ийм өндөр барилгуудаар бүслүүлж болохгүй. Түүхэн дүрх төрхөөр нь хадгалж үлдээх бодлоготой байх байсан. Бодлого байхгүй ч барилгынхаа норм стандартыг барихад л одоогийнх шиг эмх замбараагүй байдал үүсэхгүй байсан.
Сүхбаатарын талбай гэхэд Монголын мөн чанарыг илэрхийлсэн орон зай. Юу ч байхгүй мөртлөө бүх юм байна. Хэвлэх үйлдвэрийн барилга түүхийн маш гоё барилга байсан. Шинээр музей барина гэж солиорч байхын оронд тэр чигээрээ музейн барилга байсан байна. Их дэлгүүрээс урагшаа Цирк орох зай.
Анкарагийн гудамж байна. Явган хүний гудамж нь автозамаас өргөн. Энэ гудамжийг Туркийн талаас хоёр тэрбум гаргаад тавдугаар сургуультай хамт шинэчилсэн юм билээ. Нэр нь бол надад таалагддаггүй. Уг нь өөрийн түүхтэй гудамж. Гэхдээ аль ч талаасаа сайхан гудамж. Үүнийг нь хадгалж үлдэх ёстой. Энэнээс цааш нь сүйтгэж болохгүй.
Тавдугаар сургуулиас НҮБ-ын байр, Герман Элчингийн урд хэсэг азаар хадгалагдаж үлдсэн хэсэг. Араар нь янз бүрийн барилга чигжсэн ч ерөнхий дүр төрх нь байгаа. Үндэсний түүхийн музейгээс СУИС хүртэлх гудамж бас гоё төрх. Гэвч Сүхбаатар дүүргийн барилгыг нураагаад 10 гаруй давхар барилга барьж эхэлж байна лээ. Дүр төрх нь эвдэрчихэж байгаа гэсэн үг. Би яагаад хотын хуучин дүр төрхөд эмзэг ханддаг юм гэхээр Ленинградад их сургууль төгссөн. Тэр чигээрээ музей хот. Төв хэсэгтээ байдаг барилгууд нь тав, зургаан давхраас өндөргүй. Оросууд 10 давхар барилга барьж чадахгүйдээ биш байх. Эртнээс тогтсон уламжлал нь тийм. ОХУ-ын “Газфром” гэж компани төвдөө нэлээд олон давхар барилга барих гэж байхад нь хотоороо эсэргүүцэж, далайн эрэг рүү аваачсан юм билээ.
-Сонирхож асуухад Лениний хөшөөг буулгасан нь зөв үү гэж боддог уу? Эсвэл...
-Буруу л байхгүй юу. Лениний бил үү, Сталины нэг хөшөөг германчууд хотынхоо нэг газар босгочихсон гэсэн шдээ. Түүхийг засварласан байна. Тэр байтугай Улаанбаатар зочид буудлын урд хэсэг сайн, муугаараа алдартай ч гэсэн гоё талбайтай байлаа шүү дээ. “Энэ хүүхнүүд үү” киноноос эхлээд домог болчихсон. Одоо юу болсон байна. Доогуур нь зогсоол хийгээд амьд биш болгосон. Тэнд Лениний хөшөө байж яагаад болохгүй байсан гэж. Муу хүн байх аа. Гэхдээ хөшөө шдээ. Юу нь саад болчихсон юм. Европын улс орон хөшөө дурсгалаа маш сайн хадгалдаг. Тэнд байгаа хөшөө, дурсгалыг бүртгээд судлах юм бол тал нь алуурчид, аян дайн өдөөсөн дарангуйлагч, клончлогчид байгаа шдээ.
-“Улаанбаатарын иргэний форум” ТББ-аас гаргасан санаачилгын хүрээнд үр дүнд хүрсэн ажил байгаа юу?
-Битлзийн хөшөөтэй Цэрэндоржийн гудамжинд шугам сүлжээний ажил хийх нэрээр барилга барих зөвшөөрөл өгчихсөн байсныг эсэргүүцэж, шүүхэд өгсөн. Сүүлд засаг солигдсоны дараа зөвшөөрлийг нь цуцалж хуучин төрхөөр нь үлдээсэн. Үүнийг манай ТББ дангаараа хийсэн юм биш. Иргэдийн оролцоотойгоор хийсэн.
Эх сурвалж: newspress.mn