Уг хэргийг маш нууцын зэрэглэлээс гаргах хүсэлтийг ҮАБЗ-д хоёр удаа тавиад байна.
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч дарга асан Г.Эрдэнэбат нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал хоёр өдөр үргэлжилж 2020 оны аравдугаар сарын 29-нд дууссан. Шүүхийн шийдвэр хачин жигтэй гарсан. Өөрөөр хэлбэл, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан ч тэднийг сулласангүй.
Шүүх хурлын үр дүнд анхан шатны шүүхийн шийдвэр буюу Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсныг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл бие нь шоронд байх “ёстой” аж.
Шүүгчдийн энэ шийдвэрт хэн баярлах ёстой юм бол. “Шүүхийн магадлал бичгээр гарсны дараа 461-р ангид очих нь” гэж шүүгдэгчид, тэдний ар гэрийнхэн баярлах ёстой юу. Яагаад тэднээс бусад шүүгдэгчийн ар гэрийнхнээс саяын шүүх хуралд очоогүй юм бол. Энэ шийдвэр гарснаас хойш долоо хонож байна.
Хуулиараа бол нийт есөн шүүгдэгч, 14 өмгөөлөгч, дээр нь хохирогчдын өмгөөлөгчид шүүхийн шийдвэр 14 хоногийн дотор эсэргүүцэл бичвэл энэ хэргээр Дээд шүүхэд хандаж болох юм. Гэвч хуулийн хугацаагаар сунжирсаар энэ онд лав асуудал шийдэгдэхгүй, шүүгдэгчид цагдан хоригдсоор байна гэсэн үг. Тиймээс эсэргүүцэл бичсэн тал одоогоор алга. Асуудал энд хүрээд гацлаа. Одоогоор шүүгдэгч Г.Эрдэнэбат 461 дүгээр ангид, Б.Хурц 409 дүгээр ангид хоригдож байгаа бөгөөд дээрх шүүх хурлын магадлан гарсны дараа түүнийг 461 дүгээр ангид шилжүүлэх юм байна.
Яагаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон мөртлөө шүүгдэгч нарыг батлан даалтад гаргасангүй вэ гэдгийн цаана мөн л улс төрийн утга агуулга харагдаж байна. Учир нь, олон нийт энэ ойлгомжгүй шийдвэрийн дараа Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юу, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал яах бол гэлцсээр тэдгээртэй холбоотой байх гэж таамаглаад үлдэв.
Эдүгээ Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж буй ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж сайдын тамгаа авсныхаа дараа тухайн үед “С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлана” гэсэн нь худлаа болсон. Засгийн газрын гишүүн, хууль зүйн салбарт удаа дараа сайдаар ажилласан хүн нь олон нийтийн өмнө гарч ирснээ “Би энэ хэргийг ингэж шийднэ” гэж амлаж байгаа нь шүүх эрх мэдэл рүү халдаад зогсохгүй, нөгөө “Төр бол би” гэдэг шиг “Шүүх эрх мэдэл бол би” гэж байгаатай адил сонсогдсоныг мэргэжилтнүүд ч шүүмжилж байв.
Г.Эрдэнэбат, Б.Хурц нарт холбогдох энэ хэрэг бол төрийн маш нууц зэрэглэлтэй. Тиймээс ч өмгөөлөгчдөөс нууцын баталгаа авчихсан. Зөрчвөл Эрүүгийн хуульд заасан ял оногдуулна гэдгийг анхааруулдаг.
Одоо уг хэргийг эцэслэн шийдвэрлэх ганцхан арга бий. Энэ нь ҮАБЗ-ийн нууцаас гаргах явдал юм. Эс тэгвээс тодорхойгүй байдлаар мэдээлэлтэй болчихоод, үнэн худал нь мэдэгдэхгүй иргэдийн толгойг эргүүлж, шүүхэд нөлөөлсөөр удлаа. Үүнийг өмгөөлөгчид залруулах гэхээр төрийн нууц гэсэн шахалтад орчихоод, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй, харилцан тэнцвэргүй нөхцөл байдал бий болсон. Тиймээс аль аль хэргийг нь нээлттэй болгож байгаад хэргийг шийдүүлэх зорилгоор ҮАБЗ-д хоёр удаа хандсан боловч одоо болтол хариу өгөөгүй өдий хүрэв.
Аливаа мэдээллийг тодорхой зорилготойгоор л төрийн нууцад хамааруулдаг. Өөрөөр хэлбэл, улс төрийн хэрэг учраас хөндлөнгийн нөлөөлөл орох болон бусад шалтгаанаар хэргийг илрүүлэхэд саад болохоос сэргийлж, С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг төрийн маш нууцад хамааруулсан. Эсрэгээрээ зорилго нь биелж, нөхцөл байдал өөрчлөгдсөний дараа төрийн нууцыг ил болгодог хуультай. Онолын хувьд ч тийм. С.Зоригийн хэргийн хувьд гурван шатны шүүхээр эцэслэн шийдэж, гэм буруутай этгээдүүд ялаа эдэлж байна. Өөрөөр хэлбэл, төрийн нууцад хамааруулсан зорилгодоо хүрчихсэн гэсэн үг. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн хугацаанд эрх мэдэл бүхий улстөрчид л тэрхүү маш нууцаас задалж олон нийтэд яриад байсан. Харин өмгөөлөгч олон нийтэд мэдээлэл өгөхөөр ямар нэг эрх, боломжийг хасдаг, анхааруулга өгдөг. Энэ бол тэнцвэртэй бус байдал үүсгэсэн гэсэн үг.
Хэрэв энэ хэрэгтэй холбоотой асуудлуудыг төрийн нууцаас гаргачихвал шүүх хуралдаанаа ч нээлттэй хийх боломж нээгдэж, улстөрчийн амиар 20 гаруй жил шоудсан бохир ажиллагаа төгсгөл болно. Тэгээд ч энэ тохиолдолд шүүгдэгчид, хохирогчид хэн, хэн нь маргаангүй, сэтгэл хангалуун үлдэж болох хамгийн зөв хувилбар болно гэдэгтэй санал нийлэх хүн олон. Учир нь, Монгол Улсад хүний эрх ба “Б.Хурцын эрх” гэж тусдаа байх боломжгүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүй буюу хэрэгсэхгүй болгосон шийдвэртэйгээр биеийг нь шоронд хорих нь тэдгээр иргэний эрхийг зөрчиж байгаа хэрэг биш гэж үү.
У.Оргилмаа
Сэтгэгдэл (1)