x

Ц.Сүхбаатар: Зарчимдаа үнэнч байна гэдэг гадаад бодлогын том үнэлэмж

“Open door” сонины энэ удаагийн VIP зочноор Ардчилсан намын гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, дипломатч, ноён Цэдэнжавын Сүхбаатарыг урьсан юм. Ц.Сүхбаатар 1986-1995 онд ГЯЯ-нд атташе, зөвлөх, хэлтсийн дарга, 1995-1997 онд НҮБ-ын Женев дэх салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх, 1997-2001 онд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2001-2004 онд АН-ын нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2006-2009 онд АН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн 2009 оны 6-10 дугаар сард Монгол Улсын  Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад 2009-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албыг хашсан байна.

-Та сүүлийн 30 гаруй жил Монгол Улсын гадаад бодлоготой ажил амьдралаа холбосон диломатч, хуульч, элчин сайд цолтой хүн. Дэлхийн нөлөө бүхий орнуудад элчин сайдаар улсаа төлөөлөөд сууж байсан. Тиймээс одоо Монгол Улсад тулгараад байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)- д элсэхтэй холбоотой асуудлын талаар Таны санал бодлыг сонсохгүй өнгөрч болохгүй гэж бодлоо. Би хуучин танил хүмүүсийн хувьд “Open door” сонин “VIP” зочноор Таныг хоёр дахиа урьж байгаадаа баяртай байна. Урилгыг хүлээн авсанд баярлалаа.

-Танай хамт олонд ч бас баярлалаа. Сүүлийн үед Шанхайн хамтын ажиллагааны байгууллага тойрсон яриа Монголд их өрнөж байна. Манай улс ажиглагчаасаа бүрэн эрхт гишүүн нь болох уу, үгүй юу гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа билээ. Үндсэндээ энэ асуудал манай гадаад бодлогын тулгуур зарчмын нэг болсон “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хувь заяа хэрхэн шийдэгдэх нь вэ гэсэн асуудалтай шууд холбоотой. 1990-ээд оны эхэн үед улс төр, нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлтөнд орсон Монгол Улсын гадаад бодлого ямар байх вэ гэдэг асуудал хурцаар тавигдаж, тухайн үедээ манайдаа “асс” гэж нэрлэхээр том дипломатууд, төрийн зүтгэлтнүүд оролцож шинэ Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг боловсруулж, шинэ Үндсэн Хууль болон бусад баримт бичгүүдэд түүний тулгуур зарчмуудыг тусгасан байдаг. Үүнийгээ энэ өнгөрсөн 28 жилд дэлхий нийтэд ойлгуулах, мэдрүүлэх гэж тасралтгүй ажиллаж ирсэн. Гадаад улс орнууд ч Монголын гадаад бодлогын талаар одоо л нэг цул нэгдмэл ойлголттой болж байх шиг байна.

-Тэр үед энэ үзэл баримтлал дээр манлайлж гэдэг юм уу, голлож ажилсан хүмүүс бий шүү дээ

-Тэр үеийн төрийн тэргүүн Ерөнхийлөгч П.Очирбат гуай,тухайн үеийн Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн гуай нар голлон зохион байгуулсан нь мэдээж. Гэхдээ маш олон дипломатууд, эрдэмтэн мэргэд, сэхээтнүүд, улс төрийн намын төлөөлөл оролцож байж энэ углуургатай, алсын бодолтой баримт бичгээ хийсэн. ХХ зууны явцад Монгол Улсын олж авсан туршлага бол хоёр хөрштэйгээ найрсаг сайн, тэнцүү харилцаатай байх нь туйлын зөв гэсэн туршлага.  Нөгөө нэг том туршлага бол хоёр хөршөөсөө гадна гуравдагч орнуудтай ойр дотно харилцаатай байх явдал. Өөрөөр хэлбэл хоёр хөрштэйгөө сайн бөгөөд тэнцвэртэй харилцах, гуравдагч орнуудтай өргөн харилцаатай байх, ямарч тохиолдолд аль нэг талыг нь барихгүй байх гэсэн гадаад бодлогын тулгын гурван чулуу шиг зарчмыг тунхаглан зарласан шүү дээ. Энэ нь түүхэн сургамжаараа нотлогдсон зарчим. Барууны өндөр хөгжилтэй орнуудаас хөндийрөх биш ойр харилцаанд байж тусгаар тогтносон байдлаа авч явах нь зүйтэй юм аа гэсэн гол санаа. Ингээд Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Батлан хамгаалах үзэл баримтлалдаа гүн бат шигтгэж өгсөн. Энэ чинь Монгол улсаа авч явах гол номлолууддаа суулгасан гэсэн үг. Олон арван жилээр алсын ирээдүйгээ харж хийсэн зарчмын баримт бичиг. Гуравдагч хөршийн бодлого бол манай их зохиолч Д.Нацагдоржийн зөгнөн бичсэн “Хуучин хүү” өгүүллэгт гардаг шиг шинэ эринтэйгээ зэрэгцэн амьдарцгаая гэсэн хэрэг. Тэр өгүүллэгт Монгол улс хөмөрсөн тогоонд байгаа юм шиг биш “Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв” гэдэг шүү дээ. Энэ 100 жилийн өмнө байсан зарчмын чухал асуудал өнөөдөр амин чухал хэвээрээ л байна. Хоёр хөрштэйгээ сайхан харилцаанд байхын зэрэгцээ бусад улс гүрнүүдтэй үүн шигээ эрх тэгш харилцаж явья. Ингэж байж бид хоёр хөршийнхөө дундаас цөөн хүн амтай хэдий ч товойж харагдана гэсэн санаа юм.

-Энийг олон тулгуурт хамтын ажиллагаа гэж тодорхойлдог байх аа

-Дэлхий нийт ерөөсөө олон тулгууртай болж байна. Хуучин ЗХУ, АНУ гээд хоёр тулгуур л байсан бол одоо өөр боллоо. Тэгээд ч ЗХУ задарч оронд нь олон шинэ улс орон бий болов. Тэдний зарим нь ОХУ-ыг тулгуураа болгон хөгжих чиг маягтай байхад нөгөө нэг хэсэг нь Европ болон барууны өндөр хөгжилтэй орнуудыг түшиг тулгуураа болгон бодлогоо тодорхойлж байна. Монгол Улс мөн л социалист системийн нэг салшгүй хэсэг байсныхаа хувьд өөрчлөгдөж байгаа энэ ертөнцөд өөрийн гэсэн гадаад бодлогоо тодорхойлж гаргах зайлшгүй шаардлагатай тулгарсан юм. Чингэхдээ хүн ам цөөтэй, хоёр том хөршийн дунд байдаг жижиг орны хувьд бид төвийг сахих тал руугаа явах нь зөв юм байна аа гэж тогтсон. Хоёр хөршийнхөө аль нэгний тал руу хэт хэлтийх нь буруу юм гэсэн дүгнэлт хийсэн хэрэг л дээ. Бидэнд энэ талын түүхэн сургамж ой санамжид маань үлдсэн байгаа шүү дээ. Мөн энэхүү үйл явцын дунд хэрэв хоёр хөрш маань хоорондоо үгсэх буюу сонирхол нь нэгдсэн тохиолдолд бид яах вэ гэсэн асуудал зүй ёсоор гарч ирнэ биз дээ. Үүнээс улбаалаад хоёр хөршөөсөө гадна гуравдагч хөрштэй байх ёстой юм байна, ингэж гэмээ нь бид бие даасан гадаад бодлоготой байх нь гэсэн үндэслэл гарч ирсэн хэрэг л дээ. Энэ бодлогоо бид “Гуравдагч хөршийн бодлого” гэж маш зөв томьёолсон, энгийн бөгөөд ойлгомжтой. Энэ бодлого олон улсын түвшинд Монгол хэмээх хоёр их гүрний дунд орших жижиг орны онцлогт тохирсон гадаад бодлого гэдэг утгаараа маш гүн ул мөрөө үлдээсэн, одоо ч судлаачдын сонирхлыг татсаар байгаа асуудал. Би өөрөө энэ асуудлаар олон удаа сэтгүүлчид, судлаачдын асуултанд хариулах байдлаар тайлбарлах, зарим тохиолдолд мэтгэлцэх шаардлагатай тулгарч байсан хүний хувьд сайн мэдэрч байдаг. Асуулт хариулт, ярилцлагын байдлаас харахад хоёр маягийн хандлага ажигладдаг: дийлэнхи нь ойлгож талархсан байдлаар хүлээн авдаг бол цөөн хэсэг нь “ёжилсон” байдалтай байгаа нь ажиглагддаг. Ерөнхийдөө манай гуравдагч хөрш хэмээгдэж байгаа гаднын улс гүрнүүд Монгол Улс гуравдагч хөршийн бодлогоо тууштай хэрэгжүүлж тодорхой амжилтанд хүрч байгаа хэмээн үнэлж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.

-Энэ нь бодит амьдрал дээр хэрхэн харагдаж байна вэ? Бид л үнэлдэг гэж бодоод байгаа биш байгаа.

-Харья гэсэн хүнд бол маш олон юман дээрээс алхам тутамд харагдана даа. Захын жишээ гэхэд 1990-ээд оны эхээр нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлтийн улмаас манай улс эдийн засгийн хямралд орсон шүү дээ. Өнөө дагаж явсан социалист систем нь задраад уначихсан. Гол авч явдаг Эдийн  Засгийн Харилцан Туслалцах Зөвлөл  (ЭЗХТЗ-СЭВ) байхгүй болсон. Зээл, тусламж гээд орж ирдэг юм байхгүй болсон үе. Тэгэхэд хандивлагчдын зөвлөлгөөн хэмээх механизм бий болгож барууны өндөр хөгжилтэй орнуудаас их хэмжээний хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авснаар тэр үеийн хямралд нэрвэгдэж, сүйрлийн ирмэг дээр байсан эдийн засгийг аварсан шүү дээ. Энэ бол манай гуравдагч хөршийн бодлогын анхны үр шим байсан гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

-Гуравдагч хөрш гэдэг маань хэдийбээр ганц тоон дээр хэлэгдэж байгаа боловч бусад харилцаатай дэлхийн бүх орон гэсэн үг юм аа даа. Бусад орнуудтай гуравдагч хөрш шигээ харилцана гэсэн санаа хэрэг. Мэдээж хэрэг энэ дундаа арай гүнзгий харилцаатай тэргүүлэх орнууд байх л байх даа

-Ер нь бол тийм. Цаад санаа нь бид гадаад харилцаагаа зөвхөн хоёр хөршөөрөө хязгаарлахгүй ээ. Хэдийгээр Монгол Улс шууд хиллэдэг хоёр хөрштэй ч гуравдагч орнуудын бодит сонирхолыг Монголдоо бий болгоё гэсэн гол санаа. Бид хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, хамгаалах, давхар татвараас чөлөөлөх бодлого гээд бүх л юмаа санал болгож ирсэн. Одоогийн манай нөхцөл байдлаас хамаарч юуны түрүүнд хөгжилтэй орнуудыг аль болох энд татан оролцуулах нь чухал л даа. Хичнээн олон оронтой сайн харилцаатай байж гэмээ нь манай бие даасан байдал улам баттай хадгалагдан үлдэх юм шүү дээ.

-ШХАБ-д элсэх, элсэхгүйн тухай асуудал сүүлийн 4,5 жил хурцаар яригдах болсон. Бүр улс төр, дипломатын хүрээний нөлөө бүхий хүмүүс маань энэ тал дээр хуваагдчихсан ч юм шиг дүр зураг харагдаж байгаа. Яг л өнөө 100 жилийн өмнөх шигээ Оросыг дагах уу, Хятадыг дагах уу гэдэг ч санаанд ормоор юм шиг. Ц.Гомбосүрэн гуай, Л.Эрдэнэчулуун гуай, Р.Болд гуай гээд нэр хүндтэй дипломатууд ч янз янзаар санаа оноогоо илэрхийлсэн байдаг. Яг хэргийн учир юундаа байна гэж Та бодож байна вэ? Зарчмын зөрүү нь юу вэ гэдэг ч юм уу?

-Нэг л зөрөлдөөн байгаа шүү дээ. Элсэнэ, элсэхгүй.

-Одоо тэгвэл дунд нь байгаа биз дээ?

-Миний байр суурь бол нэгэнт тогтсон үзэл баримтлалдаа тууштай үнэнч байх нь зүйтэй гэж үзэж байна. Зарчимдаа үнэнч байна гэдэг гадаад бодлогын том үнэлэмж шүү. Улааныг харж урваж, шарыг харж шарваж байна уу гэдгийг хүн хоорондын харилцаа шиг бусад орнууд Монгол Улсыг хараад дүгнэж л байгаа шүү дээ. Тийм учраас нэгэнт гадаад бодлогын үзэл баримтлалаараа олон улсад тунхаглачихсан төвийг сахисан маягийн байр суурин дээрээ баттай ноттой байх нь бидний хэн болохыг бас үзүүлнэ л дээ. Бид цэргийн болон улс төрийн аливаа эвсэлд орохгүй ээ, гаднын цэргийг өөрийн нутаг дэвсгэрт байрлуулахгүй, нутаг дэвсгэр дээгүүрээ дамжуулан өнгөрүүлэхгүй ээ гээд тов тодорхой заачихсан байгаа. Үүний логик үргэлжлэл нь Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс байна аа гээд баталгаажуулчихсан. Хүндээ хөнгөнөөс өгч болохгүй. Дэлхий ертөнцийн байдал чинь бас нэг гүйцэд тодорхой болчихсон юм алга байна шүү дээ. АНУ, ОХУ-ын харилцаа хурцадмал байна. Бүр АНУ, Европын холбооны харилцаанд ч том том өөрчлөлт орж байна. АНУ, БНХАУ-ын харилцаанд ч асуудлууд гарч ирсээр  байна. Ийм үед Ази Европыг холбосон эмзэг гэж хэлж болохоор орон зайд үйл ажиллагаагаа явуулж буй ШХАБ-ын гишүүн болбол бид нэг талыг нь барьж байгаа мэт нөхцөл байдал өөрийн эрхгүй гарч ирнэ.

-Тэгвэл ШХАБ-д орохыг дэмжиж байгаа хүмүүсийн гол аргумент нь юу юм бол оо?

-Холын Америк хаа байгаа юм бэ? Ойрын хөрштэйгээ л сайн байцгаая гэж. Хаа байгаа Европын холбоо ч гэдэг ч юм уу. Хэрэв ШХАБ-т багтах юм бол Монгол, Орос, Хятадын гурван талын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд  амар болно ч гэдэг юм уу. Нэг тийм гадаад харилцаандаа бий болгосон бодлого зарчмаа барихаас бэрхшээсэн  байдал ажиглагдаж байна л даа. Улс орны гадаад, дотоод бодлогоо амарчилж харж болохгүй. Бэрхшээлийг даван туулах ёстой. Салхины урсгалаар яваад байвал жижиг орны хувьд бие даасан бодлого, цаашилбал тусгаар тогтнол гэж ярихад ч утга учир багатай болно биз дээ.

-“Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг” гэж манайхан ярьдаг. Энэ ч нилээн арга ядарсан үедээ хэрэглэдэг үг л дээ. Манайх тийм байдалд орсон уу?

-Ер нь “ШХАБ” гэдэг маань ямар байгууллага юм бэ? Анхлан ерээд оны дунд оны үед “Шанхайн тав” гэж  Хятад, Орос, Казахстан, Тажикстан, Киргизийг хэлдэг байсан. Оросоор бол “Шанхайская пятёрка” гэж нэршсэн. 2001 онд энэ тавын уулзалт Шанхайд болж Узбекстан орсон учраас ШХАБ болсон. 2017 онд Энэтхэг, Пакистан бүрэн эрхт гишүүн нь болсон. Ингээд энд нэгдсэн улс орнуудыг харахаар тэд нар хоорондоо дотоодын гэдэг юм уу, бүс нутгийн асуудалтай орнууд байдаг. Гишүүн найман орон бий. Хятад, Энэтхэг, Пакистан гурваас бусад нь Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс (ЗСБНХУ-СССР. ред)-ын бүрэлдхүүнд байсан улсууд шүү дээ. Монгол Улс бол анхны ажиглагч орон. Ажиглагчаар Монгол, Белорусь, Афганистан, Иран гэсэн дөрвөн орон байдаг. Үүний дараагийн шатны “Партнёры по диалогу” буюу “ Яриа хэлэлцээний түншүүд” гэдэг статустай Азербайжан, Армен, Камбож, Непал,Турк, Шри-Ланк гэсэн зургаан орон байдаг. Энэтхэг, Пакистан хоёр ШХАБ-д гишүүнээр элсэхтэй холбоотойгоор Монгол Улс анхны ажиглагч орны хувьд ШХАБ-ын гишүүнээр элсэн орох эсэх тухай асуудал нилээн нухацтай яригдсан тал бий. Тухайн үед нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол бол төвийг сахихыг эрмэлздэг орон. Ажиглагчийнхаа түвшинд л байгууллагатай хамтарч ажиллая. Энэ нь манай гадаад бодлогын үндсэн зарчимд нийцэж байгаа юм гэсэн утгаар санаа бодлоо илэрхийлж байсан. Энэтхэг, Пакистан бол өөр өөрийн гэсэн он жил дамжсан асуудалтай улс. Иймээс үндэсний эрх ашигт нь тулгарсан элсэх шаардлага байгаа учраас элссэн болов уу. Элсүүлэхдээ хоёуланг нь зэрэг хүлээн авч байгаа нь цаанаа учиртай байх. Нэгийг нь аваад нөгөөг нь орхивол асуудал үүсч болзошгүй шүү дээ. Ер нь бол ШХАБ-ын уг гарал үүсэл нь  өнгөрсөн зууны 60-аад оны үед байсан ЗСБНХУ, БНХАУ хоорондын газар нутгийн маргааныг зохицуулах асуудлаас үүдэлтэй юм билээ.

Ер нь бол ШХАБ-ын уг гарал үүсэл нь  өнгөрсөн зууны 60-аад оны үед байсан ЗСБНХУ, БНХАУ хоорондын газар нутгийн маргааныг зохицуулах асуудлаас үүдэлтэй юм билээ.

-Анхны юм гэдэг маш чухал байдаг л даа. Сансарт ниссэн анхны нисгэгч Гагарин. Хүн төрөлхтөн түүний нэрийг андахгүй. 137 дахь нисгэгч нь хэн бэ? 211 дэх нисгэгч хэн бэ хэн ч дав дээр хариулж чадахгүй. Анхны ШХАБ-ын ажиглагчийн статус гэдэг маш хүндтэй гэж Та ойлгож байна уу? 2001 онд “Шанхайн тав” дээр  Узбекстан нэмж ороод ШХАБ болж. Манайх ажиглагчаар анхалж орсноор энэ байгууллагад ийм статус бий болж.

-Ажиглагчаараа яваад байхад манайх оролцогч л гэсэн үг. Манайхаас хойш Бангладеш, Сири, Египет, Израйль, Мальдив, Украин, Ирак, Вьетнам гээд 10 орон ажиглагчаар орьё гээд санал хүсэлтээ тавьсан байгаа юм билээ.

-ШХАБ-д элслээ гэхэд манай сул тал юу болж хувирах вэ?

-Орлоо гэхэд бүх юмнаас хаагдаад сүйд болохгүй байх. Гэхдээ Монгол Улсын бие даасан гадаад бодлоготой гэсэн итгэл үнэмшил, гадаад ертөнцөд гялалзуулж харагдуулж байгаа тэр өнгөт од маань бүдгэрэх болов уу. Манай улс нэг тийм Казахстан, Узбекстан, Киргизстан, Тажикстан гэсэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үнэлэмжээр тааруухан улсуудтай нэг зиндаанд л очих байх даа.

-АНУ, Европын холбооны зүгээс ОХУ-тай харилцах харилцаа нилээн түвэгтэй байгаа эвгүй үе байх тийм үү?

-Монгол Улсыг ШХАБ-ын гишүүн биш бусад орон “Энэ чинь ШХАБ-ын гишүүн орон шүү дээ” гэж л харна. ОХУ бол энэ байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг гол орон нь шүү дээ

-Хошигнож хэлэхэд еэвэнгийн нөгөө тал тэгж харах нь байна шүү дээ. ЕХ, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Англи улсууд ч гэдэг юм уу?

-Ер нь бол АНУ, ЕХ болон ОХУ-ын харилцаа ийм байхад бид нэг талд нь гарч байна шүү дээ. ЕХ жишээ нь манайд 7000 нэр төрлийн бараа бүтээгдхүүнийг татваргүй оруулах квот өгсөн шүү дээ. Бид л олигтой ашиглаж чадахгүй байгаа болохоос энэ чинь асар том дэмжлэг шүү дээ.

-Элсэхийг урьж, ятгаж байгаа хүмүүс бол бусад орон Монголыг элсэхийг дэмжиж байгаа л гэх байх. Нөгөөдүүл нь ч бүү элс гэж хэлэхгүй шүү дээ. Гэхдээ гуравдагч хөршийн бодлого нь өөрчлөгдөж байгаа юм байна гэж шууд ойлгоно. Ялангуяа өнөөгийн нөхцөлд Оюутолгойн гэрээ муу болсон, колончлолын маягийн гэрээ болчихлоо гээд энэ том хөрөнгө оруулалтын эсрэг уур амьсгал бодитой бий болчихсон. Гадна дотно энэ нь яригдчихсан. Тэр ч байтугай уг гэрээтэй холбогдуулаад хоёрын хоёр Ерөнхий сайд байсан хүнээ барьж хорьсон. Дээр нь цаазаар авах ялыг сэргээх асуудал хүчтэй яригдсан ийм үе. Цаазаар авах ял байна гэдэг хүний эрхийн асуудалд хэрхэн ханддаг улс вэ гэдгийг харуулдаг маш эмзэг үзүүлэлт. Ийм цаг нөхцөлд манайх ШХАБ-д элслээ гэвэл АНУ болон бусад ардчилсан орнууд Монголын гадаад, дотоод бодлогод үндсэн өөрчлөлт гарч байгаа юм байна л гэж ойлгоно. Ингэж ойлговол тэд өөрсдөө манайтай харьцах байр сууриа өөрчлөнө. Илэн далангүй, дотно харьцаатай байдаг, тусламж дэмжлэг үзүүлдэг байдал хумигдана.

-АНУ, Европын холбооноос ОХУ-д санкци тавьчихсан үед түүний хаялга орж ирэх болов уу гэсэн болгоомжлолын үүднээс дээрхийг ярьж байна уу?

-Ер нь бол АНУ, ЕХ болон ОХУ-ын харилцаа ийм байхад бид нэг талд нь гарч байна шүү дээ. ЕХ жишээ нь манайд 7000 нэр төрлийн бараа бүтээгдхүүнийг татваргүй оруулах квот өгсөн шүү дээ. Бид л олигтой ашиглаж чадахгүй байгаа болохоос энэ чинь асар том дэмжлэг шүү дээ. Бүх хөгжиж байгаа орнууд өндөр хөгжилтэй орнуудад залуучуудаа илгээж сургадаг. Хятад л гэхэд өөрчлөлт шинэчлэлийн бодлогоо эхэлмэгц бодлогоор залуучуудаа барууны хөгжилтэй орнуудад сургаад  эргээд улс орныхоо хөгжилд ашиглаж байна. Барууны хөгжилтэй орнуудаас манайд маш их тэтгэлэг олгож байгаа. Энэ бол өндөр хөгжилтэй орнуудын хамгийн чухал дэмжлэг шүү дээ. Дундаж болон ядуувтар давхаргын хөрөнгө мөнгөний бололцоо муутай боловч  толгойтой залуучууд шалгалт өгөөд хөгжингүй орнуудад сурах бололцоог олгож байна гэдэг том боломж. Боломжтой нэг нь мөнгөөр зодоод хүүхдүүдээ дуртай сургуульд нь, гэхдээ дандаа хөгжингүй орнууд руу явуулж байгаа биз дээ Иймэрхүү боломжуудад бэрхшээл учирвал яах вэ ? Гэхмэтчилэн олон шалтаг шалтгааныг дурдаж болно.

-Бид 1990 оноос өмнө эдийн засгийн гадаад харилцааны 86 хувь нь ЗХУ-аас хамааралтай байсан. Таны ярианы өнгийг ажиглахад БНХАУ, ОХУ хоёроос л хамааралтай болчих вий гэсэн болгоомжлол байх шиг. Би зөв ажиглаж уу?

-Тэр үе шиг болно гэж шууд ойлгож болохгүй байх л даа. Гишүүнд элслээ гэхэд геополитикийн газрын зураг дээр манай өнгө бол бусдын адил л ШХАБ-ын өнгөтэй л байна гэсэн үг. Одоо бол ажиглагчийн статустай өөр өнгөтэй байна. Энэ өнгө маань байхгүй болно л гэсэн хэрэг. Ийм л имиж бий болох гээд байгаа юм.

-Миний түүхийн мэдлэг сайнгүй. Гэхдээ 1911, 1921 онд Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө явахдаа төвийг сахихыг зорьж байсан гэдэг. Жинхэнэ төрийн хар хүн гэгддэг Ерөнхий сайд асан Б. Цэрэндорж гуай байна. Тухайн цагт: “Швейцари лүгээ улс больё” гэсэн эрмэлзлэл, мөрөөдөл манай дээдэст байсан гэдэг. Хэрэв энэ үнэн бол төвийг сахих санаа 100 жилийн өмнөх зарим дээдсийн маань хүсэл мөрөөдөл байжээ. Та 1990-ээд оноос гадаад бодлогын баримт бичиг боловсруулахад гар бие оролцож байсан хүний хувьд дээрх санааг үргэлжлүүсэн гэж үзэх үндэслэлтэй юу, юу гэж бодож байна?

-100 жилийн өмнө дэлхийн газрын зураг дээр тусгаар тогтносон Монгол Улс гэж байгаагүй. 100 жил гэдэг бол хүний гурван үетэй тэнцэх хугацаа. Тэр үед Монгол Улсаа тусгаар тогтнуулахын тулд Хаант Оросоос дэмжлэг авахаар явж байсан Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэн , Гадаад хэргийн сайд Чин ван Ханддорж нар шөнө дөлөөр Питербургийн гудамжаар явж Англи, Францын элчин сайдын яаманд хандаж байж. Тэд: “Биднийг хүлээн авч уулзаач ээ. Монгол гэдэг ийм улс байна аа. Биднийг мэдээч ээ” гээд явж байсан түүхтэй. Бүр “Эрдэнийн очир” одонгоо өгье өө гээд хүртэл явж байсан шүү дээ. Тэгж явж байсныг нь бид мартах ёсгүй. Хөөрхийс яагаад ингэж явсан бэ гэвэл бас учиртай.  Орос, Хятад хоёроор тусгаар тогтнол, бие даасан байдлаа зөвшөөрүүлэхэд дорой буурай орны хувьд гуравдагч, хүчирхэг гүрнүүдийн дэмжлэг нэн чухал гэдгийг тэд  сайн ойлгож байсны илрэл юм даа. Харин манай улс өнгөрсөн 100-аад жилийн энэ хугацаанд олон юм туулж байж, зарим талдаа азаар өөрийн бие даасан байдал, онцлог байр сууриа олчихсон улс шүү.

-Монголын хор хөнөөл байхгүй нь ойлгомжтой.Тэгвэл элсэхгүй байлаа гэхэд ШХАБ-ын зүгээс Монгол улсад хандах хандлага ямар байх бол?  Газар зүйн байрлалийн хувьд Монгол улс, Мексик шиг ч юм уу, Аргентин шиг биш шүү дээ.

-Бид чинь өдий хүртэл ажиглагчийн байр суурин дээрээ байсаар ирсэн шүү дээ. Эдийн засгийн хамтын ажиллагаанд бид идэвхтэй оролцьё. Бид дэд бүтэц, байгалийн баялаг ашиглах зэргээрээ оролцьё гээд байхад буруу юу байна. Улс төрийн чанартай шийдвэрт нь оролцохгүй явж байгаад ирсэн шүү дээ. Одоо орох нь цаг үеэ олоогүй алхам. Дэлхийн олон улсын байдал тодорхойгүй байна. Трамп жишээ нь мөнхөд АНУ-ын Ерөнхийлөгч байхгүй шүү дээ. Нарийндаа Путин, Си Жиньпин нарын дараагийн улс төрчдийн бодлого ямар байх юм. Тааварлах аргагүй. Монгол, Орос, Хятад мөнхийн хөршөөрөө байж л байна. Ийм учраас ийм эгзэгтэй үед ямар нэгэн алхам хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын олсон амжилтаасаа ухарсан алхам болж магадгүй. Энэ талаар Гадаад харилцааны сайдын албыг эгзэгтэй, ээдрээтэй амаргүй үед хашиж байсан Ц.Гомбосүрэн сайд маш зөвөөр бодол санаагаа илэрхийлсэн байна билээ.  Энэ бол цөөн дэмжигчдийн хүрээнд яриад шийдэх асуудал биш. Өмнө нь бас  манай гадаад бодлогод ноцтой ухралт гарч байсан муу туршлага бий. Тухайлбал, Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад болсон хэрэг. Энхбаярыг Японы парламентэд үг хэлүүлэхийн тулд Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын бус гишүүнээр сонгогдох алтан боломжоосоо сайн дураараа татгалзаж байсан. Японы талд байраа тавьж өгсөн байгаа юм. Энэ бол маш том ухралт байсан. Монголын үе үеийн дипломатуудын олон жилийн ажлын үр дүнг үгүйсгэсэн алхам. Энэ чинь тухайн улсын жин банг харуулдаг нэн чухал үзүүлэлт шүү дээ. Тэгвэл манайх 60-аад жил НҮБ-ын гишүүн явчихаад одоо болтол нэг ч удаа  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд сонгогдоогүй л байна. Монгол Улсыг НҮБ-ын гишүүн болж байхад тэнд сураг нь ч сонсогдож байгаагүй Казахстан, Латви, Литва зэрэг орнууд хоёр гурван ч удаа сонгогдсон байх жишээтэй.

-Дэлхийн олон улсын байдал тодорхойгүй байна. Трамп жишээ нь мөнхөд АНУ-ын Ерөнхийлөгч байхгүй шүү дээ. Нарийндаа Путин, Си Жиньпин нарын дараагийн улс төрчдийн бодлого ямар байх юм. Тааварлах аргагүй. Монгол, Орос, Хятад мөнхийн хөршөөрөө байж л байна. Ийм учраас ийм эгзэгтэй үед ямар нэгэн алхам хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй.

-ШХАБ-д элсэх нь зөв, элсэх нь буруу гэсэн хоёр ойлголт байна. Таны ярианаас миний ойлгосноор одоо ажиглагчаар байгаа нь энэ хоёр ойлголтын алтан дундаж юм аа даа. Тийм учраас энэ хоёр ойлголтыг яаж нэгтгэх вэ? Манайд өрнөсөн аливаа хувьсгал, үндэсний хөдөлгөөн  бусдаас хамааралгүй бие даахыг эрмэлзэж ирсэн. ШХАБ-д элссэнээр бие даасан байдалд сөрөг нөлөө үзүүлэх нь гэж ойлгож болох уу?

-Элсье гэж байгаа тал нь ШХАБ-д элссэнээр Монгол Улсын бие даасан байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж байгаа. Тэр байж болно оо. Бид одоо ч нэг их шахагдаад, хавчигдаад байгаа юм алга. Гэхдээ нөгөө ШХАБ-ын гадуурх, энэ байгууллагад сэрэмжтэй ханддаг тал маань биднийг хэрхэн хүлээж авах вэ гэдэг л байгаа юм. Монголын гадаад бодлого нэг тал руугаа явлаа гэдэг дүгнэлт тэд хийх юм бол Монголын талаарх бодлогоо өөрчлөх л болно. Манайтай харилцах харилцаандаа эргэж дүгнэлт хийнэ. Монгол Улсын геополитикийн байршлаас болоод аргагүйдэж гадаад бодлогынхоо бие даасан байдалдаа ухралт хийж байна гэж тэд хүлээж авч болно. Энэ бол тэдний зүгээс бидний талаар хийж болох хамгийн нааштай дүгнэлт байж магадгүй. Гадаад бодлого одоо маш прагматик болж байгаа. Манай алхмыг бидний үгээр биш үйлдлээр маань л дүгнэнэ. Улс орны гадаад бодлогыг дүгнэдэг бас нэг гол үзүүлэлт нь залгамж чанараа хэрхэн хадгалж байна вэ гэдгээр дүгнэдэг. Нэг зарчим тохирчихоод л маргааш нь өөрчилж байвал барьцгүй, тогтворгүй улс гэж дүгнэгдэнэ. Тухайн үеийн төр засгийн эрх мэдэлтний сэтгэлийн хөдлөлөөр асуудлаа шийддэг улс юм байна гэж үзнэ.

-Таныг Элчин сайдаар ажиллаж байхад манайхны эрх мэдэлтнүүдийн , гэнэт бодлого шийдвэрээ өөрчилдөг, урд талын хүний тохирсон яриа хэлцэлийг өөрчилдөг зэрэг хүндрэл бэрхшээл аль зэрэг их тохиолдож байв. Энэ тал дээр гадна, дотны шүүмжлэл  чамгүй дуулддаг л даа

-Энэ бол үнэхээр ярвигтай асуудал. Манайд ардчилсан сонгуулийн үр дүнгээр ялсан улс төрийн хүчин нь төр, засгийн эрх мэдлээ барьдаг. Хэдий төр засгийн түвшинд өөрчлөлт орсон ч үндсэн зарчмын тохиролцоонууд бол залгамжлан хадгалагдаж байх ёстой. Хэний Засгийн газар гэдгээрээ бус Монгол Улсын Засгийн газар гэдэг утгаараа аливаа урдахынхаа тохиролцоог хойдохь нь заавал биелүүлж байх ёстой. Ийм залгамж чанараасаа гажсан алхамыг манайхан хийх гээд байдаг. Ялангуяа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаан дээр бол бүр эх захаа алдсан шүү дээ. Жишээ нь, гүүр барина аа гээд тохирчихсон юман дээр дараагийн сайд нь ирээд гүүр барихгүй зам барина ч гэдэг юм уу. Иймээс ШХАБ-д элсэхтэй холбоотой асуудал дээр бид нам эвсэл харгалзахгүйгээр дотроо сайн тохирсон байх ёстой. Энэ салбарт ажиллаж туршлага хуримтлуулсан хүмүүсээ цуглуулж сонсох ёстой шүү дээ. Гадаад бодлогын зарчмыг хөндсөн  ийм том асуудлыг консенсусын зарчмаар л шийдэх ёстой.  

-Саяхан болсон “Монголын эдийн засгийн чуулган-2018” “Хүчээ Нэгтгэе” дээр Ерөнхийлөгч Х.Баттулга: “...бүс нутгийн интеграцид нэгдэн орох замаар хөрш гүрнүүдтэйгээ ашиг сонирхлоо нэгтгэхгүйгээр Монголын хөгжлийн талаарх элдэв сайхан төсөөлөл, хөтөлбөр, төслүүд тодорхойгүй төлөвт орно гэдгийг л хэлэх гээд байгаа юм” гэж хэлсэн. ШХАБ-д элсэх явдал нь интеграцид нэгдэх нэг алхам юм биш үү?

-Иймээс ШХАБ-д элсэхтэй холбоотой асуудал дээр бид нам эвсэл харгалзахгүйгээр дотроо сайн тохирсон байх ёстой. Энэ салбарт ажиллаж туршлага хуримтлуулсан хүмүүсээ цуглуулж сонсох ёстой шүү дээ. Гадаад бодлогын зарчмыг хөндсөн  ийм том асуудлыг консенсусын зарчмаар л шийдэх ёстой.  

-Эдийн засгийн интеграцчлал бол өөр тусдаа асуудал. Интеграцид идэвхитэй хамрагдахын тулд манай дотоод эдийн засгийн бодлого зохицуулалт л хэрэгтэй байгаа болохоос манай хөршүүдийн байр суурь хэвээрээ л байгаа шүү дээ. ОХУ, БНХАУ-ын зарчмын байр суурь олон арван жилээр хадгалагддаг. Үүнд бид яаж зохицож, бие даасан байдлаа хадгалах вэ гэдэг л асуудал.

-Гуравдагч хөрш гэдэгт голлож Америк, Англи, Герман, Франц цаашилбал  Япон, БНСУ хэрхэн харах вэ гэсэн л үг шүү дээ, тийм үү?

-Ялангуяа манайтай өргөн харилцаатай, тус дэм өгдөг, хөрөнгө оруулалт хийдэг өндөр хөгжилтэй орнууд.

-Та хоёрхон жилийн өмнө ШХАБ-ын гол гишүүн орон БНХАУ-д Элчин сайдын хариуцлагатай албыг хашиж байсан. Элчин сайд гэдэг Төрийн тэргүүнийг төлөөлж үг хэлдэг өндөр хариуцлагатай хүн. Энэ утгаараа Таныг тэнд байх хугацаанд Монгол Улсыг ШХАБ-д элсэхийг урих,санал болгох, зөвлөх зэрэг процесс аль зэрэг хүчтэй болж байв. Нууц биш бол энэ талаар ярьж болох уу?

-Бид өдий болтол 10 гаруй жил ажиглагч гэдгээрээ явж ирсэн. Танай улс анхны ажиглагчийн хувьд бүрэн эрхт гишүүн болох тухай асуудал тавибал ямарч хүндрэлгүй шийдэгдэх боломжтой гэсэн санаа тодорхой түвшинд яригдаж байсан. Манай бодлого ийм учиртай гээд нээлттэй ярилцаад ойлголцоод явж ирсэн. Монгол гишүүнээр орлоо, орохгүй байлаа гээд энэ байгууллагад ямар ч нөлөө үзүүлэхгүй нь тодорхой. Харин энэ удаа манай тал өөрөө санаачлаад байгаа юм уу гэсэн сэтгэгдэл төрж байгаа шүү. Манайхны зарим нөхөд саяхан Монгол Улс төвийг сахих нь зүйтэй гээд хуулийн төсөл хийгээд л давхиад байснаа одоо ШХАБ-д элсэх нь зөв гээд байх болж. Ер нь зарим нэг ойр зуурын богино хэмжээний эрсдэл гарлаа гэхэд өөрийн бие даасан гадаад бодлогоо хамгаалах үүднээс давах даваагаа давах л хэрэгтэй. Ингэж байж л энэ Монгол чинь өөрийнхөө зарчим дээрээ байдаг улс гэдгээ олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ шүү дээ.

-Таныг БНХАУ-д ажиллаж байх үед Монгол улс, БНХАУ-ын хооронд стартегийн иж бүрэн түншлэлийн харилцаа гэдэг бий болсон. Энэ нь ямар учиртай эд вэ? Тактикийн иж бүрэн түншлэл гэж жишээ нь тийм нэр томьёо байдаггүй байлгүй.

-(инээв.) Энэ бол сүүлийн үед зарим улс орны хооронд хэрэгжиж байгаа  хоёр талын харилцаагаа тодорхойлох нэг хэлбэр. Хятадын гадаад бодлогын онцлог нь эргэн тойрны хил залгаа бүх улс оронтой хамгийн ойр дотно түншийн харилцаатай байхыг эрмэлздэг. Хятадтай хуурай газраар шууд хиллэдэг 14 улс байна. Стратеги гэхээр манайхны зарим нь цэрэг стратегийн утгаар нь ойлгох гээд байдаг. Урт хугацаанд харилцаагаа эрсдэлд оруулахгүй тогтвортой хөгжүүлье л гэсэн санаа. БНХАУ Латин Америк, Европын зарим улстай ч ийм харилцаа тогтоогоод л явж байгаа. Энэ бол бүх асуудал дээр нэг саналтай байна гэсэн үг бас биш. Олон улсын тавцан дээр өөрсдийн байр сууриа хамгаалаад явна. Хоёр улсын харилцааны хувьд урт удаан, тогтвортой харилцааг хангана л гэсэн үг. Жишээ нь, Шивээ-Овоогийн цахилгаан станцын төсөл байлаа шүү дээ. Тэрний үйлдвэрлэх цахилгаан манай хэрэгцээнээс хэдэн 10 дахин том эд. Энийг барья гэвэл Хятад өөрсдөө дотоод бодлогодоо зохицуулалт хийх шаардлагатай болно. Таван жилийнхээ төлөвлөгөөнд оруулаад аль нутгийнхаа эрчим хүчийг хангах юм гэхчилэн төлөвлөгөө, зохицуулалтаа хийх ёстой. Тэдний хэрэгцээ чинь юун МВт, ГВт-аар яригдана шүү дээ. Ингэж урт хугацааны хөгжлийн бодлогоо хүртэл зохицуулахыг хэлээд байгаа юм. Иж бүрэн түншлэл гэдэг нь зөвхөн эдийн засаг биш соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт болон бусад салбарт харилцаагаа өргөн хүрээтэй хөгжүүлнэ л гэсэн үг.

-Та ИБУИНВУ, НҮБ-ын Женев дэх салбарт ч ажиллаж байсан. Европын холбоо сайхан эхэлж нэгдсэн. Гэтэл Их Британи 2019 оны гуравдугаар “Brexit” болно гэж байгаа. Сая Испанид Каталони асуудал ЕХ-той холбоотой  асуудал үүссэн.  Франц, Герман болон бусад улсад ЕХ-нд шүүмжлэлтэй хандах нь их болж. Энэ талаар уншигч түмэндээ таны тайлбарыг хүргэхгүй бол боломгүй санагдлаа.

-Европын холбоо түүхэн шаардлагаар гарч ирсэн. 1990-ээд онд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тогтсон системд асар их  өөрчлөлт гарч маш олон орон социалист системээс тасарч ЕХ-д нэгдсэн. Тэгээд хөгжлийн явцад бас жаахан бэрхшээлд орж байна л даа. НАТО гэж АНУ орсон эвсэл байдаг. Гэтэл АНУ, ЕХ-ны хооронд асуудал гарч ирж байна. Гэхдээ баруун Европын нэгдсэн цөм бол хэзээд хэвээрээ хадгалагдаж үлдэнэ. Жишээ нь Хятад шиг том зах зээлтэй харилцахын тулд ганц Швед гэрээ хийх үү, ЕХ тэр чигээрээ гэрээ хийх үү гээд тэдэнд наад захын нэгдмэл сонирхол бий.

-Гэхдээ Болгарт хүн 1000 хүрэхгүй евро авч байхад Германд хүн 3000-г авч байх жишээтэй. Ядуу бүс нутаг, баян бүс нутгийн зөрчил явагдаж байгаа юм биш үү?

-Сүүлд орж ирсэн улс орнууд л асуудал үүсгээд байгаа юм биш үү. Менталитетийн хувьд өөр улсууд нийлсэн учраас бэрхшээл үүсч байгаа байх аа.

-ЕХ-ны Баруун Европын орнуудын нэгдмэл байдал удаан хугацаатай гэлээ. “Brexit” дээр ямар тайлбар хэлэх вэ? НАТО-ын хамгийн хүчирхэг орны нэг. Байлдааны хүч бололцоогоороо АНУ-ын дараа ордог шүү дээ.

-Их Британийн хувьд зүүн Европын олон орон орж ирээд хүндрэл үүсэхээр гарч байна уу гэж харж байгаа. Тэд чинь аралын орон учраас түүхээс нь хараад байхад  “хувиа хичээсэн” авиртай улс гэх үү дээ, дандаа тусдаа байсан онцлогтой. Сүүлийн үед дэлхий нийтээрээ популизм гэдэг юманд их идэгдэж байна. Энэ ч бас нөлөөлж байгаа тал бий. Англи, Америк, Герман, Испанигүй.  Каталонийн хямралын талаар улс төрчид, эрдэмтдийн дүгнэлтийг харахад популистууд гарч ирээд л зүгээр байсан ард олныг өдөөн хатгасан гэсэн санаа ноёлж байна билээ.

-Испанидаа хамгийн баян бүс нутаг нь юм билээ л дээ.

-Монголын онцлогтой популизм манайд сэрэх гээд л байгаа юм. Популизмыг өдөөж байгаа гол хүмүүсийг нь харахад их төлөв системтэй боловсрол эзэмшээгүй хүмүүс байх шиг байдаг. Системтэй боловсролтой хүн гэдэг багаасаа зүг чигтэй явж тодорхой мэргэжил эзэмшсэн, уг мэргэжлээрээ нилээдгүй ажиллачихсан, багагүй туршлага хуримтлуулсан хүмүүсийг хэлдэг биз дээ.

-Тэгээд л бид баян байж бусад ядуусаа чирж явах гэж юу байдаг юм. Тусгаарлья гэж популистууд л өдөөн хатгасан. Испани хэлтэй, ёс заншил адил хүмүүсийг л тэр популизм салгах гэж сандчаагаад байх жишээтэй.

-Монголд популизм аль зэрэг хөгжиж байна вэ? Нүүрс гаргадаг хэсэг нь ч гэдэг юм уу? Баруун зүүн ч гэх шиг

-(инээв.)  Монголын онцлогтой популизм манайд сэрэх гээд л байгаа юм. Популизмыг өдөөж байгаа гол хүмүүсийг нь харахад их төлөв системтэй боловсрол эзэмшээгүй хүмүүс байх шиг байдаг. Системтэй боловсролтой хүн гэдэг багаасаа зүг чигтэй явж тодорхой мэргэжил эзэмшсэн, уг мэргэжлээрээ нилээдгүй ажиллачихсан, багагүй туршлага хуримтлуулсан хүмүүсийг хэлдэг биз дээ. Ийм хүмүүс чинь юм юм руу савлаж гүйгээд байдаггүй. Харин популистууд бол хаана л хүнд таалагдаж байгаа сэдэв байна түүнийг шүүрч аваад, бүгдийг мэддэг юм шиг царай гаргаад л асуудлыг хялбарчлаад л давхидаг хүмүүс шүү дээ. Ийм давалгаа яваад байвал нийгэмд ихээхэн хортой л байх даа.

-Хятад эдийн засгаараа Америкийн дээр байна уу? Доор байна уу?

-Одоо яг тэнцэж очиж байна шүү дээ. Тоон үзүүлэлтээр шүү дээ. Чанараар бол болоогүй.

-Тийм байх. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдхүүнээр гэхэд 325 сая, нэг тэрбум 430 сая хоёр маш зөрөөтэй л дээ.

-Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдхүүн байна. Төмөр замын уртаар, хар замын уртаар, боловсролын түвшин гээд түмэн юмаар тооцвол өөр л дөө.

-Бидний дээд доодгүй ярьдаг нэг сэдэв бол Хятад. Бээжинд Хятадын тэтгэвэрийн хүн 5000 юань авч байх жишээтэй. Ингээд ирэхээр энэ чигээрээ байвал манайхан Өмнөд Солонгост ажилдаг шиг Хятад руу явдаг болох вий гэж бодогдмоор. Тэгвэл энд цөөн хүн үлдэх байх шүү.1990 ээд онд Монголчуудыг Хятадад доншуур наймаа хийж эхлэхэд Их сургуулийн багш 90 юань авч байсан. Одоо тэр 90 юань авч байсан хүн 9000-ыг авч байгаа.

-Тэр талын аюул байхгүй гэж би хэлнэ. Тэрбум хэдэн зуун сая хүнийг ажлаар хангана гэдэг Хятадын өөрийнх нь дотоодын том асуудал. Зарим тохиолдолд хиймлээр ажлын байр бий болгож байгаа тохиолдолд гадны хүн ажиллуулах уу тэд нар. Үнэхээр шинжлэх ухааны чиглэлээр Хятадуудаас давчихсан алтан тархинуудыг бол ажиллуулна аа. Өмнөд Солонгост бол манайхан мэргэжил хамаарахгүй, нутгийн хүмүүс тэр болгон хийгээд байдаггүй ажлыг л хийж байгаа шүү дээ. Бизнес хийгээд Монголын бүтээгдхүүнийг тэнд зарах энэ тэр бол өөр асуудал. Харин бүтээн байгуулалтын томоохон ажлыг Монголд эхлүүлэхэд Хятадаас зайлшгүй ажиллах хүчин авах шаардлага гарна. Тэднээр юмаа хийлгээд авах хэрэгтэй. Манайхан болохоор бид ажилгүй байхад хятад ажилчид авлаа гээд хий гомдоллоод байдаг. Тэр ажлыг нь хийж чадах хүн манайд хэд байна вэ гэдэг асуудал. Хэдэн ГВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихад бид зайлшгүй гаднаас хүн авч ажиллуулна шүү дээ. Харин бид өөрсдөө хүнээ сургаж авах, мөн сайн хяналт тавих ёстой. Орж ирсэн ажиллах хүчин тоо ёсоороо, цаг хугацаандаа гарах нөхцлийг хангах ёстой. Хоёр хөрш орны нэг нь баахан хөдөлмөрийн нөөцтэй байхад бид түүнийг нь ашиглахгүй гэвэл жаахан тиймэрхүү л асуудал байгаа юм. Ийм юм ярихаар энэ хятадын талыг баримтлагч гэдэг байхгүй юу (инээв). Манайхан иймэрхүү чухал асуудлаа одоо болтол хөндөж ярихгүй байгаа. БНХАУ-аас мэргэжилтэй ажилчин авч ажиллуулах тухай гэрээ байгуулья гэж хэдэн жил ярьж байна.

-Тэрийг байгуулсан хүн Хятадын талыг баримтлагч болчих байх л даа.

Харин тийм (инээлдэв). Уг нь тэр гэрээгээр оруулж ирсэн байгууллага нь буцааж хүнээ авдаг хариуцлагын тогтолцоо бий болох ёстой юм л даа. Одоо хэн дуртай нь хувиараа ярьж авчираад, эндээс үүдээд янз бүрийн асуудал, хүндрэл гараад байгаа юм.

Эх сурвалж: “Open door” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.26.194.93)
    Нээрээ Ц Элбэгдоржид унэнч байсан нь том унэлэмж шуу
    2018 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.194.93)
    ЭСЯ -г мерийтэй тоглоомын газар болгосон этгээд
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
  • Z (66.181.179.153)
    Saihan yariltslaga bn
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 18 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 40 мин 1924 оны Үндсэн хууль 2 цаг 21 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2 цаг 32 мин Энгийнийг ухаалгаар 2 цаг 39 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 4 цаг 7 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 5 цаг 19 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 5 цаг 33 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 5 цаг 40 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 6 цаг 46 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 7 цаг 7 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 20 цаг 9 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top