x

Үхэл гэж юу вэ?

Иеллийн их сургуулийн профессор Shelly Kagan

Хэрхэн яаж амьдрах ёстой вэ? “Хэн бүхэн эцэстээ үхнэ” гэдгээ мэдсэн л бол энэ асуултын талаар нухацтай бодохоос өөр аргагүй. Ямар зорилго тавих вэ? Хэрхэн яаж түүндээ хүрэх вэ? Хичээнгүйлэн байж нухацтайгаар шийдэх асуудал. Хэрвээ, үнэхээр үхэл гэдэг “төгсгөлийн цэг” мөн юм бол, бид бүхэн нүдээ том гэгч нээгээд тэр бодит үнэнээс дальдчилгүй эгц нүүрэлдвээс зохино. Би ингэхэд хэн болох, амь заяагдсан энэ богинохон хормыг хэрхэн ашиглаж буйгаа анзааран байж нүүрэлдвээс зохих биз ээ.

“Үхэл гэж юу вэ?” Иеллийн их сургуульд 23 жилийн турш олны таашаалыг хүртсэн алдарт лекц

I лекц: “Үхэл”-ийн тухай тунгаах нь

Энэ бол “үхэл”-ийн тухай ном, миний Иеллийн их сургуульд тавьдаг лекцийн агуулгыг эмхэтгэсэн бүтээл юм. Энэ лекцээр тунгаан ярилцах янз бүрийн сэдвүүд бол философилог эргэцүүлэл дээр суурилсан бөгөөд, минийхээр бол бусад ном бүтээлд гардаг үхлийн талаарх агуулгаас эрс ялгаатай гэж бодно.

Тиймээс, үхлийн тухай ном юм бол гарцаагүй өгүүлэх учиртай гэж уншигч таны тааварлан буй зүйлс, өгүүлээсэй гэж хүсэж буй зүйлсээс зарим нь байхгүй байж ч мэднэ. Иймд юуны өмнө уг номд яригдахгүй сэдвүүдийн тухай товчхон тоочоод орхиё. Тэгвэл энэ ном уншигч таны хайн эрэлхийлж буй тэр ном биш байвал эртхэн анзаарч чадах биз ээ.

Үүнээс цааш миний голлон ярих сэдэв бол “үхлийн мөн чанар” эсвэл “үхэл гэдэг үзэгдэлтэй холбоотой сэтгэл судлал талын эргэлзээнүүд болон нийгэм судлал талын эргэлзээнүүд” юм.

Үхэлтэй холбоотой ердийн ном бүтээлд лавтайяа нас барах процесс ч юм уу, би үхнэ гэх бодит үнэнийг эерэгээр хүлээн зөвшөөрөх хүртлэх сэтгэлийн процесс зэргийг нарийвчлан өгүүлдэг байх. Харин энэ номд тийм юм ярихгүй.

Мөн үхэл хагацлаас үүдэн шаналал төрөх процессийн талаар ч огт хөндөхгүй. Дээр нь оршуулгын тухай ч ярихгүй, бас бид бүхний үхэж буй нэгэнтэй харьцахдаа гаргадаг түгээмэл хандлага дахь асуудалтай тал болон үхэж буй нэгнээ бусдын нүднээс далдуур байлгахыг хичээдэг хандлагын тухай ч ярихгүй. Эдгээр нь бүгд гарцаа байхгүй чухал сэдвүүд мөн боловч, сая өгүүлсэн ёсоор энэ номд авч үзэхгүй.

Тэгвэл чухам юуны тухай ярих вэ? Энэ номд, үхлийн мөн чанарын талаар эргэцүүлж эхлэх үед төрөн гардаг олон тооны философилог эргэлзээнүүдийг тойруулан ярилцана. Гэхдээ, үнэндээ тэдгээр эргэлзээнүүдтэй нүүр тулахын тулд, нэн тэргүүнд дараах эргэлзээний тухай бодож үзэх шаардлагатай.

Бид ингэхэд юу юм бэ?

Хүн гэдэг ямар учиртай оршихуй юм бэ?

Үүн дээр нэн ялангуяа онцгойлон тавигдах эргэлзээ бол, бидэнд сүнс гэж бий юу?

Яриандаа орохоос өмнө шалавхан тайлбарлаад орхиход, энэ номд “сүнс” гэдэг үгийг философилог утгаар ашиглаж, логик сэтгэлгээнд тулгуурлан авч үзэх болно. Намайг “сүнс” гэж хэлэх үед, тэр нь махан биенээс тусдаа биет бус (матери бус) зүйлийг заах болно. Тиймд үүнээс цааш дараах эргэлзээний талаар ярилцана гэсэн үг.

Бидний махан бие үхэж устсан хойно ч үргэлжлэн амьдрах биет бус сүнс болохуйц зүйл гэж бий юу?

Тэгээд, хэрвээ сүнс байхгүй юм гэвэл тэр нь үхлийн мөн чанар талаасаа ямар утгыг илэрхийлэх вэ?

Хүн үхэхээрээ юу болдог вэ?

Уг номд дараах эргэлзээний талаар ч авч үзэх болно.

Би үхлийн дараа ч оршин үргэлжлэхийн тулд юу шаардлагатай вэ? Үгүй ээ, энэ асуултыг илүү ерөнхийд нь авч үзэх ёстой байх.

Ерөөс оршин үргэлжилнэ гэж юу гэсэн үг вэ?

Жишээ нь, би маргааш ч амьд байх гэдэг юу гэсэн үг вэ? Миний тавьж буй асуудлыг хялбархан тайлбарлавал ийм учиртай. Маргаашийн үдээс хойш аль нэг цагт хэн нэгэн энд миний компьютерийн өмнө суугаад, энэ номын бичвэр дээр ажиллаж байх болов уу. Би түүнийг “Тэр бол би” гэдэгт огт эргэлзэхгүй байна (мөнхүү тийм байгаасай гэж хүсэж ч байна).

Гэвч, маргааш энд суугаад кийборд тоншин суух тэр хүн, өнөөдөр энд өгүүлбэр холбон сууж буй хүнтэй төгс нэгэн ижил хүн болохыг яг ямар шинжээр нь тогтоох вэ? Энэ бол цагийн урсгал дундах бие хүний нэгэн ижил шинжийн мөн чанартай холбоотой эргэлзээ юм. Үхэл ба оршин үргэлжлэх, тэгээд би үхсэн хойноо ч цааш оршин үргэлжлэх боломжийн талаар тултал эргэцүүлье гэвэл, юун түрүүнд бие хүний нэгэн ижил шинжийн мөн чанар нь юу болохыг тов тодорхой болгох зайлшгүй шаардлагатай нь ойлгомжтой болов уу.

Дээрх эргэлзээнүүд (сүнс байдаг эсэх, үхлийн мөн чанар, үхлийн дараа ч үргэлжлэн орших боломжийн талаарх эргэлзээнүүд)-ийн талаар дурьдсаны дараа, үнэ цэнийн талаарх эргэлзээнд харцаа хандуулах болно.

Үхэл гэдэг үнэхээр төгсгөлийн цэг юм гэвэл, үхэл нь гарцаагүй муу зүйл юм гэж үү?

Мэдээж дийлэнх хүмүүс үхэл бол муу зүйл гэж эргэлзэх ч сөхөөгүйгээр үзэх хандлагатай байдаг. Гэвч, хэрхэн яаж үхэл муу зүйл байж болох вэ гэх эргэлзээ өөрөө философилог хүнд асуудлуудыг дагуулдаг.

Үүн дээр тэдгээр хүнд асуудлуудаас нэгийг танилцуулж, тэр нь ямархуу зүйл болох талаар хөнгөхөн баримжаа өгөөд орхиё. Жишээлбэл, би үхлийн дараа оршин байхаа больдог гэе. Энэ тохиолдолд, сайн бодож үзвэл үхэл миний хувьд хэрхэн муу зүйл байж болох нь ойлгомжгүй болж хувирна. Яадаг ч бай нэгэнт үхээд өгсөн (оршин байхгүй) миний хувьд үхэл муу зүйл байх ямар ч боломжгүй гэж санагдана.

Оршин байх ч үгүй зүйлийн хувьд, муу гээч юм хэрхэн яаж байх боломжтой вэ? Цаашлаад хэлбэл, үхсэний дараах миний хувьд үхэл муу зүйл байх боломжгүй юм бол, үхсэний дараа ч гэлгүй, ерөөс миний хувьд үхэл хэрхэн яаж муу зүйл болох билээ? Нэг ёсондоо, хараахан амьд байгаа одоогийн энэ миний хувьд үхэл муу зүйл байж болно гэж яагаад ч санагдахгүй гэсэн үг.

Гэхдээ бүү санаа зовогтун. Би огтоос үхэл бол муу зүйл биш гэж та нарт санагдтал чинь ухуулах санаа агуулаагүй юм шүү. Харин үхлийн хувьд юу нь муу болохыг нарийвчлан харж, яагаад үхэл муу байж болохыг ойлгохын тулд үнэндээ нилээд ажиллагаа шаардлагатай гэдгийг цаашдын лекцүүдээс харах буй за (үхэл муу гэж санагдах шалтгаан цор ганц эсэхийг ч эргэцүүлж үзэх үнэ цэн бий).

Цааш нь, хэрвээ үхэл үнэхээр муу юм гэвэл, үхэлгүй мөнх тэгвэл сайн зүйл үү гэх эргэлзээ төрөн гарч таарах болов уу. Үүний талаар ч бас цаашдын лекцээр авч үзнэ.

Тэгээд бүр ерөнхий байдлаар дараах эргэлзээг ч ярилцах шаардлага гарна.

“Хэзээ нэгэн цагт үхнэ” гэх тэр фактыг би амьдралдаа хэрхэн тусгаж амьдарвал зохих вэ?

Гарцаагүй үхэх тавиланд хандаж, би ямар хандлага (буюу байр байдал) гаргах ёстой вэ?

Жишээ нь, үхлээс айх ёстой юу? Тэртэй тэргүй үхнэ гэсэн фактад цөхрөх ёстой юу?

Төгсгөлд нь, амиа хорлохтой холбоотой эргэлзээнүүдэд анхаарлаа хандуулна. Амь нас гэдэг эрхэм бөгөөд үнэ цэнтэй зүйл юм хойно, амиа хорлоно гэдэг хэрхэвч эрүүл ухаанд нийцэхгүй гэж бидний олонх бодоцгоодог. Яадаг ч бай, амиа хорлох гэдэг бол цор ганц заяагдсан тэр амь насаа тасалж буй үйлдэл шүү дээ.

Тиймээс амиа хорлохын рационаллаг шинж (оновчтой, ухаалаг эсэх) болон ёс суртахуунлаг шинж (эсвэл иррационаллаг шинж болон ёс суртахуунгүй шинж гэх үү)-ийн талаар эргэцүүлснээр энэ ном маань төгсөх болно.

За ингээд дээрх сэдвүүдийн яриа руугаа оръё. Эдгээр яриатай холбоотой философийн мэргэжлийн үгстэй танил хүнд зориулж хэлбэл, номын эхний хагасыг метафизик, сүүлийн хагасыг үнэ цэнийн асуудал гэж тодорхойлж болох юм (цаасны боломжоос шалтгаалан уг орчуулгад эхний хагасын метафизикийн хэсгээс ихэнхийг нь товчилсон болно).

“Амьдрал ба үхлийн мөн чанар” юу вэ?

Дашрамд хэлэхэд, философийн ном, ялангуяа уг ном шиг анхан шатны сурах бичгийн номыг бичих 2 янзын хэлбэр байдаг.

Нэг дэхь хэлбэр бол дэмжсэн үгүйсгэсэн хоёр талын байр сууриудыг зүгээр л тоочиж бичээд, өөрөө аль болох дундыг баримтлах. Өөрийн байр суурийг улаан цайм ил гаргалгүй, аль талын саналыг дэмжин зөвшөөрдөгөө хэлэхээс зайлсхийх. Энэ бол нэг дэхь хэлбэр.

Тэгтэл үүнээс тэс өөр хэлбэрийг барин бичих ч боломжтой. Тэгээд энд сануулаад орхисон нь дээр байх, энэ ном бол хоёр дахь хэлбэрийг баримтлан бичигдсэн. Энэ хэлбэрийн номонд, бичигч нь өөрийн дэмжин зөвшөөрдөг үзэл санаагаа шууд уншигчдад өгүүлж, тухайн үзэл санааг дэмжих болсон хувийн саналаа хэлээд, хамаг сайнаараа түүнийгээ хамгаалах болно. Миний үүнээс хойш хийх ажил энэ хэлбэрт илүү дөхнө.

Би тухайн нэг үзлийн үндсэн логикийг гаргаад, түүнийхээ үнэн зөвийг тодотгоод явна. Өөрөөр хэлбэл, үүнээс цааш эргэцүүлэн ярилцах төрөл бүрийн асуудлуудын тухайд, би тодорхой байр суурь баримталдаг ба энэ номдоо тэрхүү байр сууриа зөв болохыг та бүхэнд итгүүлэхийг зорих болно.

Үхлийн талаарх ердийн байр суурь

Үхлийн талаарх миний хувийн байр суурь ямархуу зүйл болохыг шалавхан ойлгуулахын тулд, эхлээд олны дунд яригддаг нийтлэг үзлийг тайлбарлая.

Юун түрүүнд, бидэнд сүнс байдаг. Өөрөөр хэлбэл, бид зөвхөн махан бие төдий биш. Зүгээр л яс махны бөөгнөрөл биш. Бидний нэг хэсэг, заримынх нь итгэдгээр бол мөн чанарлаг хэсэг нь физикээс дээд түвшний оршихуй бөгөөд сүнслэг хэсэг буюу биет бус хэсэг гэдэг. Бидний ихэнх маань ямар нэгэн биет бус сүнс оршин байдагт итгэдэг нь гарцаагүй факт юм.

Тэгээд биет бус сүнс оршин байдаг юм болохоор, энэхүү нийтлэг ойлголтоор хөөн тунгаавал бид бүхэн үхлийн дараа ч амьдран үргэлжлэх боломж байхад хүрдэг. Үгүй ээ, тэр боломж маш өндөрсөхөд хүрдэг. Үхэл бие махбодыг үгүй болгодог ч, сүнс биет бус учир үхлийн дараа ч оршин үргэлжлэх боломжтой.

Мэдээж, үхлийн талаар мэдэхийн аргагүй зүйл олон бий. Үхэл бол туйлын оньсого. Гэсэн ч, сүнс байдагт итгэдэг ч бай үгүй ч бай, та бүхэн үгүйдээ л сүнс байдаг байгаасай гэж битүүхэн хүсдэг биз. Сүнс байвал үхсэн хойноо ч оршин үргэлжлэх боломж эрс нэмэгдэх болохоор шүү дээ. Ямартай ч үхэл бол гарцаагүй муу зүйл мөнөөр тогтохгүй, дотор арзайм аймшигт зүйл учир бид бүхэн үүрд мөнх амьдран үргэлжлэхийг мөрөөсдөг. Гээд бодвол үхэлгүй мөнх гэдэг гайхамшигтай зүйл биз.

Хэрвээ сүнс оршин байдаггүй бөгөөд үхэл үнэхээр төгсгөлийн цэг бол, түүн шиг муу мэдээ үгүй болж, хэтдээ үхнэ гэх тавилантайгаа айдас цөхрөл тээн байж нүүрэлдэх нь дэндүү ойлгомжтой реакц, зохистой реакц, гарцаагүй реакц болж таарна.

Эцэст нь, үхэл гэдэг дотор арзайм аймшигтай, амьдрал гайхамшигтай юм гэвэл өөрийн амь насаа тасдан хаях нь хэрхэвч эрүүл ухаанд нийцэх учир үгүй. Ийм шалтгаанаар амиа хорлох нь нэг талаар ямагт рационаллаг бус (ухаалаг бус) бөгөөд нөгөө талаар ямагт ёс суртахуунлаг бус гэгддэг.

Үхлийн мөн чанарын талаарх нийтлэг үзэл (гэж би бодож буй)-ийг эмхэтгэвэл нэг иймэрхүү болно.

Эндээс харагдаж буйчлан, дээрх нийтлэг үзэлд логикоос тэс хөндлөн санаанууд ч агуулагдсан бий. Тиймээс логикоор тунгаавал, дээрхийн зарим хэсэгт итгэдэг ч бүхэлд нь итгэдэггүй гэх хүн ч байх боломжтой. Тэгтэл үнэндээ маш олон хүн дээрх үзэлд бүхэлд нь итгэдэг агаад, лавтайяа та бүгд ч бас дээрхийн ядаж зарим хэсэгт нь итгэдэг байх магадлал хангалттай өндөр болов уу.

Үхлийн талаарх Шелли багшийн үзэл

За тэгвэл үүнээс цааш би уг номд юуг өгүүлэх вэ гэвэл, дээрх нийтлэг үзлийг эхнээсээ эцсээ хүртэл бараг бүхэлдээ буруу болохыг заан үзүүлэхийг зорино.

Би сүнс оршин байдаггүй болохыг та бүхэнд итгүүлэхийг оролдоно.

Үхэлгүй мөнхийг сайн зүйл биш болохыг үнэмшүүлэхийг оролдоно.

Тэгээд үхлээс айх нь үнэндээ тийм ч зохистой реакц биш болох, үхэл гэдэг тийм ч далд нууцлаг зүйл биш болох, амиа хорлох нь тодорхой нөхцөл байдлын дор рационаллаг талаасаа ч ёс суртахуунлаг талаасаа ч зөвшөөрөгдөж болох талаар өгүүлнэ.

Давтан хэлэхэд, би ердийн нийтлэг гэж санагдах үзлийг эхнээсээ дуустал бараг бүхлээрээ буруу гэж үзэж буй тул, түүнийг та бүхэнд үнэмшүүлэхийг зорино. Тэр бол дор хаяж миний зорилт бөгөөд мөнхүү санаархал ч гэж хэлж болно.

Тийм бол гайхаад байх зүйл биш боловч, энэ номыг уншиж дуусах үед дээрх асуудлуудын тухайд та бүхэн намайг зөвшөөрч, бүрэн дүүрэн санал нийлсэн байгаасай гэж хүснэ. Яадаг ч бай, би өөрийн хамгаалан тайлбарлах санаануудаа бүгд зөв гэж бодож байгаа хойно, түүнийг маань зөв гэж та бүхэн ч бас итгээсэй гэж сэтгэлийн угаас горьдож байна.

Гэвч, яг үнэндээ, хамгийн чухал нь та бүхэн эцсийн бүлэгт надтай санал нийлэх явдал биш гэдгийг ч бас хэлэх нь зүйтэй байх. Чухал нь юу гэвэл та бүхэн өөрийн толгойгоор тунгаах явдал. Мөшгөн харвал миний хийх гэж буй зүйлийн хамгийн чухал нь, үхлийг сайтар эргэцүүлж, бидний ихэнх маань хэзээ ч хийе гэдэггүй тийм хэлбэрээр үхэлтэй нүүр тулж, үхлийн тухай бодохыг өдөөн түлхэх явдал юм.

Хэрвээ та бүгд уг номын төгсгөлд ирсэн үедээ энээ тэрээ олон асуудлууд дээр надтай санал нийлэхгүй байлаа гээд ердөө ч сонин биш. Би тэгэхэд л сэтгэл ханана. Үгүй ээ яахав, бүрэн гүйцэд сэтгэл ханахгүй байж болох ч, үндсэндээ бол сэтгэл хангалуун байх болов уу. Та бүхэн төрөл бүрийн асуудлуудын тухайд дэмжиж үгүйсгэсэн аль ч талаас нь тууштайгаар эргэцүүлэн тунгаасан бол шүү дээ.

ТОМё БОДё /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 32 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 54 мин 1924 оны Үндсэн хууль 2 цаг 35 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2 цаг 46 мин Энгийнийг ухаалгаар 2 цаг 52 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 4 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 5 цаг 33 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 5 цаг 47 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 5 цаг 54 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 7 цаг 0 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 7 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 20 цаг 23 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top