Би бол ХҮН. Намайг төрөхийн “гажиг” эсвэл синдром биш зүгээр л хүн гэж хараач гэж та бүхнээс хүсч байна. Намайг нийгмээс алга болгох гээд эсвэл эмчлэх гэж оролдоод хэрэггүй. Би зүгээр л та нараар хайрлуулж, үнэ цэнээ мэдэрч, боловсрол эзэмшмээр байна. Хааяадаа л та нарын тусламжийг авахыг хүсдэг. Ямар тусламж вэ гэвэл эцэг эхчүүд, хүүхдүүдэд аль болох хурдан сургалт хийгээсэй, тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээ, тэр дундаа харааг нь шалган нүдний шил тааруулж өгөөсэй, бусад хүүхдүүдтэй адилхан сургуульд явуулаасай гэж хүсдэг.
Биднийг өөрсдөө суртал нь ажлын байран дээр дадлагажуулж, ур чадвар эзэмшихэд туслан бие даан ажиллаж амьдрахыг маань дэмжээч. Биднээс алдаа, бүтэлгүй үйлдэл биш харин ур чадвар, авъяас билигийг олж хараач гэж хүсч байна. Энэ бүх тусламжйг үзүүлэхэд та нараас гарах зардал бол сардаа авч уудаг ганц аяга кофений үнэтэй тэнцүү шүү.
Хүртээмжтэй, бие биенээ хүлээн зөвшөөрсөн нийгэм, эрт оношилгоо гэж юу юм бэ? Боломж олговол бид юу чаддаг гэдгийг өөрөөрөө жишээ аван тайлбарлая. Намайг онгирч байна гэж та бүхэн бодож магадгүй. Үнэндээ би онгирч байна аа. Би хөршийнхөө хүүхэдтэй хамт энгийн сургуульд суралцсан. Сургууль дээрээ энгийн хүүхдүүд бид бие биенээсээ олон зүйлийг сурсан. Сургуульд байхдаа би өөрийнхөө эрхийг хамгаалахын тулд зөв зүйлийн төлөө тэмцэх ёстой гэдгийг ойлгосон.
Би Цагаан ордны хашааг нь давалгүйгээр, албан ёсоор уригдан хоёр ч удаа орж үзсэн. Би киноны голд дүрд тоглож, бас алдартай ТВ шоунд тогтмол оролцоод явж байна. Миний бичсэн зохиол дэлхийн олон хэлээр хэвлэгдсэн гарсан. Өнгөрсөн 10 дугаар сард АНУ-ын сенатад хэлсэн миний үг вайрал болж, сошиал дээр тренд болж чадсан. 160 сая хүн миний бичлэгийг үзсэн.
Би яагаад ингээд онгироод байгаа юм бэ? Яагаад гэвэл энэ бол даун синдромтой хүний амьдралын түүх юм. Даунтай хүн бусдын адил амьдралыг бүрэн мэдэрч, бүтэн таашаал авч чаддаг юм шүү. Бид бас ийм ЭРХТЭЙ.
John Franklin Stephens
В.Ганзориг /baabar.mn/
Сэтгэгдэл (1)