Тиймээ, 2020 оны улстөрийн сонгуульд бусад нам сонгогчдын саналыг хувааж Ардын нам Нийслэлд үнэмлэхүй яллаа. Үүний эргэн тойронд жоохон эргэцүүлье.
Үүсээд байсан нөхцөл
“Энэ их толгой сайтай хүү” гэсэн даргын тухай монголчуудын үнэлэмж “сэтгэл сайтай”-руу хувирсаар гурван жилийн өмнө бүгдийг санаандаа тааруулж авсан билээ. Тухайлбал 2017 оны хавар эрт Ардчилсан намын даргаар танхай, бүдүүлгээрээ алдаршсан С.Эрдэнэ сонгогдов. Зун нь Ерөнхийлөгчөөр тамирчин Х.Баттулга гарлаа. Залгаад намар нь Ардын намын даргаар хурандаа У.Хүрэлсүх сонгогдож, улмаар Ерөнхий сайд боллоо.
Хаашдаа хүний нүдэн дээр сексдээд байж байдаг амьтны хүрээлэн шиг хамаг юм нь ил Ардчилсан намаас “номтой” гэгдэх лидерүүд нь дайжин одов. Харин гаднаасаа цул мэт харагдавч тос шиг дотроосоо өтөж байсан Ардын намыг У.Хүрэлсүх овоохон бужигнуулаад эв гаванд нь оруулчихлаа. Фракцын дайн дуусч шинэ даргадаа мөргөсөн нь ширээтэй болж шөргөсөн нь шоронд явах шиг болно лээ. За энэ ч энэ өгүүлэлд хамаагүй дээ.
Ардчилсан намын лидерүүд сарнихад гишүүд, дагагчид нь даган санирхгүй гээд яахав. Осолгүй үнэмлэх хармаанд нь байгаа ч өөрөө байгаа байхгүй нь мэдэгдэхгүй болцгоолоо. Зарим нь бүр ичиж, гишүүн нь гэдгээ нуухад хүрч байлаа. Ардчилсан нам хаврын ядарсан борлон шиг болов. Дөрвөн жил лааз өшиглсөн, тан ян гэсэн дуу л гарна.Харин Ардын намынхан төрийн эрхийг түрийвчтэй, ташууртай нь барьж буй шинэ даргыгаа тойрон нягтарч байв. Намрын тарган шар шиг л дүнкийнэ. Хэдэн жил засаг барьчихсан, элбэг дэлбэг гэж тоймгүй. Ингээд 2020 оны УИХ-ын сонгууль боллоо.
УИХ-ын сонгууль
2020 оны УИХ -ын сонгуульд нийгмийн тодорхой хэсэг ХҮН намыг алга ташин угтаж авлаа. 2016 оны хүлээлт сулраагүй гэсэн үг. Хэдэн зуун мянган гишүүдтэй, мөнгөтэй намуудыг айлгана. Заавал нь “ард” нь хэн нэгнийг нэрлэнэ. Нэрлэсэн хүмүүс нь Х.Баттулгаас эхлээд С.Баяр, Ц.Элбэгдорж... гээд ч дуусахгүй. Зугаатай ч юм шиг . Хэдхэн самбар хийлгэх гэж мөнгөний гачаалд орж байсан нам шүү дээ. Мөнгөгүй байхад хайрлана гэдэг бол жинхэнэ хайр мөн. Иргэд алга ташсаар байлаа.
Ерөнхийдөө хоёр том намаас залхсан монголчууд гуравдагч хүчнийг эрэлхийлдэг ч тэнцэх субьект олддоггүй байв. Их л бодож нэг бие даагч сонгогдоно. Улстөрч, намын хүн гэхээрээ л нэг зантайсан толгойтой нөхдүүд болчихоод байсан нийгэмд гэнэт ХҮН намын шав хийсэн залуус гарч ирэн хараа булаасан нь 2016 он. Тэр жил тэд сонгуульд орсон бол өлхөөн бүлэг байгуулах байв. Гэвч мөнөөх зантгарууд мөн л өлхөөн тасдаад хаячихсан юм. Тэрнээс хойш бишгүй бужигнаж, ил далд орсоор дараагийн сонгуулийн жилтэй золгов. Өмнөх хурц агаад соньхон жавхаа нь буурсан ч 2020 онд аанай л “шинэ” хэвээрээ эргэн ирсэн.
Гэвч Электорат эвсэлд нэгдэн сонгуульд орсон нь намын брэндингд сайнаар нөлөөлсөнгүй. Сонгогчид төөрч, эрхбиш Доржханд ганцаараа ялсан. Нэлээн дөхсөн улсууд ч бас бий. Мөнөөх алга ташигчид гүнзгий харуусалтай үлдлээ. “Гэхдээ яах аргагүй гуравдагч хүчинтэй болжээ”, “Сүлжээтэй бол алах нь байна шүү”, “За яах вэ, юм нэгээр дуусахгүй” гэцгээж байлаа. Өөрөөр хэлбэл нийгэм ХҮН-ийг хүсэмжилж байгаа нь илэрхий болов. Өөрөөр хэлбэл ХҮН тамгаа цүнхэлсэн бусад намууд шиг биш жинхэнэ гуравдагч хүчин болох нөөцтэй нь харагдав. Өөрөөр хэлбэл Монголын улстөрийн тавцанд ХҮН дүүлэн гарч ирлээ. Тодорхой хэлбэл 2020 оны 6-р сард.
Өмнө нь тэмдгэрч байсан МАН ба АН биш, харин МАН бусад нь гэх Монголын улстөрийн хуваагдал энэ сонгуулиар батжиж Ардчилсан нам төрийн нөгөө багана болох нь байтугай бусад жижиг намуудаасаа төдийлөн өндөр торойж чадахгүй болсон нь харагдлаа. Энэ бол аймшиг.
Орон нутгийн сонгууль
Хойтон ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байдаг. Парламентад суудалтай дөрвөн нам Ерөнхийлөгчид хүн дэвшүүлэн гаргана. Гэхдээ монголчуудын тал нь МАН, тал нь МАН биш болох нь ялангуяа ерөнхийлөгчийн сонгуулиар тодорхой харагддаг. Ийм нөхцөлд ерөнхийлөгч Х.Баттулга холдоо бүх намаа нэгтгэж авах, ойрдоо ирэх сонгуульд шаврын хаалтгүй орох гэж зорих нь зүйн хэрэг. Намууд гараа барин хамтрахаар болсны хамгийн том ёслол бол Орон нутгийн сонгууль байлаа. Ерөнхийлөгч МАХН-ыг хүртэл өөртөө нааж байхад харин ХҮН татгалзлаа. Учир нь хүчээ мэдэрсэн залуу нам бусдын гэрт орж адислууулах хэрэгцээгүй юм. Иймээс ч улстөрийнхөө замналын дараагийн алхмыг бахархалтайгаар хийж орон нутгийн сонгуульд дангаараа орохоор бэлтгэж эхлэв.
МАХН анх байгуулагдаад эхний нэг хоёр жилдээ л МАН-ын саналыг хуваагч байлаа. 2012 оны сонгуулийн дараа төд удалгүй тамгаа кармаалаад явдгуудын эгнээнд шилжин орж 2016 онд гэхэд шинэхэн ХҮН намын дайтай ч хүн айлгахаа больсон байв.
Эл сонгуулийн өмнө эрх мэдэл бүхий ямар нэг субьектээс ХҮН-ийг 2016 оныг санагдуулам нударч эхэлсэн юм. Намаас алин хэзээ гарч явсан хэсэг улсууд намын тамгыг хуурамчаар үйлдэн элдэв бичиг гаргаж хуурамч хурал хүртэл хийв. Ерөнхийлөгчөөр хаяглагддаг пиарчид үүнд нэлээн улайран “галын дэмжлэг үзүүлж” байсан нь субьектийг тодорхой таамаглах боломжтой болголоо. Хуурамч явдлыг дор нь өлгөн авсан нэгэн шүүгч яг сонгууль эхлэхийн өмнөх өдөр ХҮН-ийг түдгэлзүүлж орхив. Шүүгч нар хэнээс хамааралтай билээ дээ.Ингээд заргатай өдрүүд эхэлж, хуульчид ажилласаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгоход сурталчилгааны хугацаа талаасаа өнгөрсөн байв. Түрүүлээд гүйсэн тамирчдын араас гүйлээ...
Санал хуваасан нь
Ардчилсан намын зүгээс ХҮН-ийг “санал хуваасан”, “МАН-тай хуйвалдсан” хэмээн зүхэж байна. Хэн нэгний уурлах ёстой газар, хэлэх л ёстой үг. За одоо энийг тойрон харцгаая.
Сонгуульд санал худалдан авах, машинаар сонгогчдыг ачиж ирэх, гишүүдээ тоолон бүртгэж санал өгүүлэх, байхгүй хүмүүсийг хийсвэрээр үүсгэн санал өгүүлэх гэдэг үндсэн луйврын аргуудыг монголчууд эцэг эхийнхээ нэр шиг л мэддэг, тоодог ч гүй билээ. Манай хоёр том нам эртхэн хөөцөлдөж үүнийхээ зохиогчийн эрхийг авмаар юм. Харин ХҮН-д эдгээрийн аль нь ч байхгүй. Байх сачий ч хүрэхгүй. Ийм нөхцлөөс сонгуульдаа орцгоолоо. Тэгэхэд яасан гээч.
Орон сууцтай хэсгүүд дээр ХҮН-ийнхэн энд тэндгүй АН-ыг ялж, МАН-тай эн зэрэгцэж байлаа. Харин гэр хороололтой хэсгүүдэд аргагүй хол хаягдсанаас болж ихэнх газар хамрынхаа өмнүүр тасдуулж, бусдад нь хоёр намын ард орлоо. Өмнөх догол мөрийг санана уу. Хэрэв сонгууль гэнэт шударгаар явбал ХҮН үнэмлэхүй ялалт авахаар байна. Үүнийг нийгмийн захиалга гэдэг юм. Энэ талаас нь харвал, шулуухан хэлэхэд АН өөрөө ХҮН-ийн саналыг хуваагч юм. Ахиад шулуухан хэлэхэд, 90 оны ардчилсан хөдөлгөөний үзэл санааг өнөөдөр Ардчилсан нам гэсэн нэр нь л адилхан тэр субьект биш харин ХҮН нам тээж явааг бас зөвшөөрөх хэрэгтэй байх.
Мөн дээр хэлсэнчлэн, ХҮН хуваагдлын наад талдаа багтана. Цаанаа МАН ганцаараа. Иймээс ХҮН-д хамгийн их хорсох нь АН. Цагаан дээр хараар бичсэн юм шиг ойлгомжтой зүйл. Арга ядахдаа МАН-тай хуйвалдсан гэсэн нэр хоч зааж эхэллээ. Ингэж хэлж байгаа хүн нэг бол хорсогчдын нэг. Хорсогчдын нэг биш бол улстөрийн ямар ч мэдрэмжгүй хүн. АН-ын саналыг хуваачих вий дээ гээд өөрийн зорилгоос ухарч байдаг нам гэж байхгүй.
Гэрлийн хурдаар рэйтинг нь өсч, цаашдаа ч улстөрийн замнал нь тун ч гэгээтэй харагдаж буй ХҮН өнөөдөр бохирдсон цаас хийсч ирээд наалдчих вий гэж цэрвэж яваа болохоос хэн нэгний түшиг тулгуур болон санхүүг хайж яваа биш юм. Гэхдээ л эцсийн дүндээ ХҮН шинэхэн, турьхан учраас гэр хороололд арай л хүрч амжсангүй дээрх сонгуулиуд болоод өнгөрсөн. Гэхдээ л дараагийн наадам болтол чилийсэн гурван жил хагас. Цэл залуу нам ердөө хоёр алхаад буй...
Артаньян /baabar.mn/
Сэтгэгдэл (1)