Өнгөрсөн Лхагва гаригийн орой MNB телевизээр үзүүлсэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нарын халз мэтгэлцээн Монголын улс төрд төдийгүй нийгэмд дутагдаад байсан нэгэн чухал зүйлийг эргүүлэн авчирлаа. Мэтгэлцээний сэдэв нь “Хүний нэр төрийг Эрүүгийн хуулиар хамгаалах ёстой юу?”
Сүүлийн гурван сонгуулийн турш улстөрчид болон улс төрийн намуудын дунд мартагдаад байсан бас нэг соёл бол мэтгэлцээн. Орон нутгийн сонгуулийн санал хураах өдөр хаяанд ирчихсэн энэ үед улс төрийн намууд, нэр дэвшигчид маань самбарын улс төрөө түр ч гэсэн хаяад бодлогоо уралдуулсан, гал авалцуулсан сайхан мэтгэлцээн хийвэл үзэгчид үзэх юмтай, сонгогчид нь ч сонголтоо хийхэд дөхөм...
Энэ удаагийн мэтгэлцээнд De Facto Д.Жаргалсайхан хаа очиж мэргэжил, мэдлэг боловсролын хувьд эн тэнцүү, хана чацуу өрсөлдөгчдийг сонгосон нь завшаантай хэрэг болов. Харин үзэл, хандлагын хувьд ялгаа харагдсаныг хэлэх хэрэгтэй байх. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хүний нэр төрийг Эрүүгийн хуулиар хамгаалах нь зөв” гэсэн үндэслэлээ хамгаалж, Х.Тэмүүжин няцааж мэтгэлцлээ.
Хүний нэр төр гэдэг нь үндсэн хуулиар хамгаалагдсан, төрөлхөөс заяасан үнэт зүйл. Энэ бол хүний хэн байх, нийгмийн гарал үүсэл болон зэрэг зиндаа, ажил, мэргэжил албан тушаалаас үл хамаардаг зүйл. Тиймээс хүний нэр төр гутаагдахаас хуулиар хамгаалдаг. Манайд ч мөн адил. Тухайлбал, Иргэний хуулийн 21-р зүйлд,
-Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.
-Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ.
-Хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл иргэн уг гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй.
-Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй... гэсэн байна.
Хүний нэр төрийг Эрүүгийн хуулиар хамгаалах нь зөв үү?
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Сүүлийн үед хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараах явдал ихээр гарах болсон. Ялангуяа олон нийтийн сүлжээгээр нэр хаягаа нуусан хуурамч аккаунтаар бусдын нэр төрийг гутаан доромжилсон агуулгатай худал мэдээлэл маш ихээр тарж байна. Түүнд нь хяналт тавих боломжгзй болсон. 100 сая төгрөгөөр хуурамч аккаунт худалдаж аваад, түүгээрээ даруй таван хүнийг “насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн” гэдэг мэдээлэл тараасны ард төрийн тусгай албан хаагч байсан. Түүнийг цагдаагийн байгууллага илрүүлээд, Зөрчлийн тухай хуулиар 2000.000 төгрөгөөр торгоод явуулсан боловч одоо энэ ажиллагаагаа дахиад үргэлжлүүлж байна. Мөн энэ төрлийн гэмт хэргийн цаана улс үндэстнийг хагалан бутаргах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах сэдэл санаа ч бас нуугдаж байдаг.
Ийм тохиолдолд Иргэний хуулиар зохицуулах боломжгүй. Иргэн хоорондоо нэр төр гутаагдсан асуудлаар маргая гэхэд тэр хуурамч хаягны ардах этгээдийг иргэн, эсвэл шүүх өөрөө олж тогтоох боломжгүй. Цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй болдог учраас Эрүүгийн хуульд оруулсан. Олон жилийн өмнө нэг эмэгтэйг сэтгүүлч “ДОХ-ын халдвар авсан” гэж бичсэний улмаас амиа хорлосон тохиолдол гарсан. Уг эмэгтэй ДОХ-гүй байсан. Хуурамч, худал мэдээллийн улмаас учирч байгаа хохирол дэндүү их, мөнгөөр үнэлэх боломжгүй учраас Эрүүгийн хуульд оруулсан.
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин:
-Иргэний нэр төр гутаагдсан асуудлыг иргэд хоорондоо маргаж, үндэслэл нотолгоогоо гаргаж шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. Төр дундаас нь “Чи гүтгэсэн байна” гэж тогтоогоод, торгууль төлүүлээд, төр өөртөө ашиг хүртсэнээр иргэнд учирсан хохирол арилахгүй.
Худал мэдээлэл тараах, гүтгэх гэдэг хоёр ондоо зүйл. Үүний ард иргэний нэр төр, алдар хүндээс гадна хүний үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө хөндөгддөг. Тиймээс ардчилал хөгжсөн орнуудад “худал мэдээлэл тараах” гэдгийг “олон нийтийг хагаралдуулах, бухимдуулах, нийтийн эмх замбараагүй байдал үүсгэх зорилгоор худал мэдээлэл тараах” гэж гэмт хэргийн сэдлийг нь тодорхойлж өгсөн байдаг. Энэ тохиолдолд эрүүгийн ялтай. Харин манай Эрүүгийн хуульд өмнө нь Эрүүгийн хуульд байсан “Гүтгэх” заалтыг яг тэр хэвээр нь (Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах) бичээд “худал мэдээлэл тараах” гээд нэрлэчихсэн. Энэ бол Иргэний хуулиар зохицуулагдах ёстой харилцаа.
Ийм хоёр үндэслэлээр хоёр зочин “Хүний нэр төрийг Эрүүгийн хуулиар хамгаалах ёстой” гэдэг сэдвээр нэг нь нотолж, нөгөө нь няцааж мэтгэлцэв.
Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Эрүүгийн хуулийн 13-ын 14-т заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэргийн заалтад өөрчлөлт оруулахаар хууль тогтоогчид ажиллаж байгаа. “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрийн эрхэлж буй ажил, албан тушаалтай нь холбоотой мэдээллийн эсрэг гомдол гаргах эрхгүй. Төрийн байгууллага нэр төр гутаагдсан асуудлаар гомдол гаргахгүй” гэдэг заалтыг нэмж оруулна. Үүгээр олон нийтийн хардах эрх, иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгаажуулж байгаа" гэв.
Улстөрч Х.Тэмүүжин энэ тухай “Бусад улс оронд паблик фигур буюу улс төрд нөлөө бүхий этгээд, урлаг соёлын одод нь өөрийнх нь нэр төр гутаагдсан асуудлаар эхлээд өөрсдөө тайлбар, няцаалт хийх үүрэг хүлээдэг. Үүний дараа ч гэсэн нэр төрд халдсан үйл ажиллагаа үргэлжилсээр байх тохиолдолд шүүхийн маргаан үүсгэдэг. Үүний улмаас учирсан хохирлоо шүүхээр нэхэмжилж хохироосон этгээдээс гаргуулж авдаг. Энэ нь эрүүгийн ял шийтгэлээс илүү үр ашигтай тогтолцоо юм. Хүний нэр төр гутаагдсан асуудлаар төр шийтгэл оногдуулах нь хохирсон этгээдийн хохирлыг арилгахад тусалдаггүй. Шударга ёсыг тогтоож чаддаггүй” гэв.
Мэтгэлцээний үр дүнд үзэгч, олон нийт ямар ч байсан “худал мэдээлэл” гэж юу болох, бусад улс орон болон манай хууль тогтоомжид ямар зохицуулалт байдаг, мөн хүний нэр төрд халдах болон гутаан доромжлох гэгч юу болох, хуулийн ямар зохицуулалт үйлчилдэг, тэр нь хэр зэрэг үр ашигтай байсан талаар нэлээд гүнзгий мэдээлэлтэй болсон байх. Ямар нэг улс төргүй, үзэн ядалтгүй, цэвэр мэргэжлийн түвшинд болсон энэ удаагийн мэтгэлцээний дэлгэрэнгүйг үзнэ үү.
Сэтгэгдэл (2)