Одоогоос 30 жилийн өмнө /1990 онд/ түүний Үндэсний телевизийн “Уулзах цаг” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг бид өмнөх дугаартаа нийтэлсэн билээ. Эхлээд энэ ярилцлагад дурьдагдсан нэгэн түүхийг хэлье.
Америкийн нэг фирм Зөвлөлтөөс дүрвэж гарсан хүмүүсийг ажилд оруулдаг байж. Нэг удаа том аж үйлдвэрийн нэгдлийн дарга дүрвэж, түүний оюуны чадавхыг шалгахад маш IQ-тэй гарчээ. “Энэ бол нэг том пүүсийн менежер болох ёстой хүн байна” гээд 4-5 үйлдвэрээр явуултал ажилд авдаггүй. Нөгөө хэд нь сандраад, шалтгааныг нь хайгаад үзтэл мань эр нэг л асуултад буруу хариулсан байв.
-Та Зөвлөлтөд байхдаа хэдэн хүн удирддаг байсан бэ?
-5000 хүн удирддаг байсан...
С.Зориг энэ тухай “Америкийн удирдлагын системийн үүднээс энэ бол байж боломгүй зүйл, 5000 хүнийг хэзээ ч нэг хүн удирдаж чадахгүй. Гэтэл Зөвлөлтөд үнэхээр удирддаг байсан. Америкт бол нэг том үйлдвэрийн дарга дөрвөн хүнийг л удирддаг, дөрвөн орлогч. Нэг хүн дөрвөн хүнийг л сайн удирдаж чадна. Бүгдээрээ яг үүргээ мэддэг, байраа мэддэг. Эсрэгээрээ нэг хүн 5000 хүнийг удирддаг, хамгийн дээд хүн нь бүх асуудлаа шийддэг тогтолцоонд мөн тийм замбараагүй байдал бий болж, тэр эдийн засаг уналтад ордог. Би өөрийнхөө хэдийг болж өгвөл ийм юманд сургах гээд байгаа юм л даа. Хүн болгон үүргээ ойлгоод, түүн дээрээ ажиллаж чадахгүй байгаа учраас дөрөв биш, 20-30 болчих гээд байна” хэмээн ярьжээ.
Амралтын өдрүүдээр Засгийн газрын захиалгатай “Засах цаг” нэврүүлэг телевизүүдээр цацагдав. Засгийн газрын тэргүүн маань төмөр замын бүтээн байгуулалт дээр оччихсон үүрэг даалгавар өгөөд явж байна /танилцах биш шүү/. Хөмсгөө зангидчихсан “Ингэ, тэг” гээд хуруу гараараа дахиод. Иймэрхүү дүр зураг өнгөрсөн гурван жил үргэлжилсэн. Салбарын бүх яамдаараа тойрч аппаратынхныг нь нэг бүрчлэн загнасан. Аймгуудын Засаг дарга нараа загнасан. Ерөөсөө тааралдсан бүх хүнээ загнасан. Дахиад гурван жил өнгөрөхөд загнуулаагүй нэг ч хүн үлдэхгүй.
Уг нь бол Засгийн газрын тэргүүн маань танхимынхаа сайд нарыг л сайхан “базаад”, цаадуул нь доошоогоо бас хэдэн хүн “базаад”, шат шатандаа ажлаа хийгээд явчихвал болчих гээд байгаа юм. Яг үнэндээ танхимынхаа 15 хүнийг шууд удирдах ч гэсэн биологийн хувьд боломж багатай зүйл гэдгийг өмнө хэлсэн. Гэтэл Ерөнхий сайдад мэдэхгүй ажил, асуудал ч гэж алга. Эндээс гарах нэг л дүгнэлт бий. Нэгдүгээрт тэр хүн өөрийнх нь дор ажиллаж байгаа, өөрийнхөө томилсон сайд нарт итгэл хүлээлгэдэггүй байна.
Хоёрдугаарт гэвэл, тэд нь ажлаа тийм ч сайн мэддэггүй юм байна. Шат шатандаа, дор бүрнээ ажлаа яралзтал хийчихдэг яах гээд л камерын өмнө зогсоож байгаад улс даяар нь загнаад байв гэж. Тэрнээс нь болоод одоо хүн болгон нүдээ чилээж байна шүү дээ. “За, нөгөө У.Хүрэлсүхэд загнуулаад байсан хэдэн хулгайч нь хаана юу хийж байгаа бол, юу суйлчих бол?” гэж хялайх маягтай.
Муу дээр муухай гэгчээр дор нь ажиллаж байгаа төрийн байгууллага, аппаратуудаа улам л чадавхигүй харагдуулж байгаа юм л даа. Ажилд авсан хүн нь итгэхгүй байхад ард иргэдэд итгэл төрөх үү?
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (1)