x

Б.Баярсайхан: Таван толгойн төслүүдийг багцаар нь хэрэгжүүлнэ

​​​​​Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоог хангаж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд төвлөрч ажилладаг гол байгууллага нь Үндэсний хөгжлийн газар. Тус газрын дарга Б.Баярсайхантай Монгол Улсын хөгжлийн бодлогын  зарим асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын ойрын ирээдүйн хөгжлийн гол үндсэн тулгуур, чиг шугамыг тодотговол?  

-УИХ Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах түүхэн ач холбогдол бүхий Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг 2015 онд баталсан. Үүний дараа НҮБ-аас баталсан дэлхийн “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг үндэслээд Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг  2016 оны хоёрдугаар сард мөн баталсан. Эдгээр зорилтын хэрэгжилтийг хангаж ажиллах үүднээс ҮХГ-ыг 2016 оны наймдугаар сард байгуулсныг олон нийт  мэдэх байх. Манай байгууллага 55 албан хаагчтай, Ерөнхий сайдын шууд харьяанд ажилладаг агентлаг. Бидний баримталж ажиллах үндсэн бичиг баримт бол “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”. Энэ баримт бичигт 2020, 2025, 2030 он гэсэн гурван үе шаттайгаар зорилт тавьж  түүндээ  хүрэхээр  заасан. 2020 оны зорилтдоо хүрэхийн тулд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэрэг одоо хэрэгжиж байгаа бодлогын баримт бичгүүдээ нэгтгэж уялдуулан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” боловсруулж, 2020 он хүртэл хэрэгжүүлэх 27 зорилт дэвшүүлсэн. Одоо 2025 он хүртэл дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулаад явж байна. 2019 оны намар бэлэн болно. Хөтөлбөрийн төслийг яамд, орон нутгаар хэлэлцүүлээд явж байна.

Ингээд тав, таван жилийн хугацаатай төлөвлөгөө гаргаж бодлого төлөвлөлттэй, хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй болно. Үүнийг салбарын бүх яам, орон нутаг нь дагаж мөрддөг, хэрэгжүүлдэг систем рүү орж байж хөгжлийн загвар бүрдэнэ. Ингэж л ажиллаж байна.  

-Урт хугацаанд мөрдөх хөгжлийн  бодлогогүйгээс цаг үеийн  бэрхшээл, улс төржсөн шийдвэрт захирагдаад урагшлахгүй нь гэсэн  шүүмжлэлээс салах цаг ойртож байгаа гэж ойлгож болох нь ээ?  

-Урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүд гарч, батлагдсан тохиолдолд намуудын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, мөн шинэ Засгийн газрын бодлого нь 2025 он хүртэлх дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдсан байх шаардлага гарч ирнэ. Ингэж л аль ч нам, ямар ч  Засгийн газар байсан хөгжлийн бодлого төлөвлөлтөө хөгжлийн зорилтуудтайгаа нийцүүлэх шугам үүсч байна.

Зах зээлийн системд шилжсэнээс хойш ийм систем алдагдсан нь эргээд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу сэргэж байна гэсэн үг.

-Энэ бодлогын үндсэн чиг шугамыг тодорхойлж хэлбэл?

-Хамгийн гол зорилго бол ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах. Үүний тулд  томоохон төслүүдээ хөдөлгөж, аж үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалт бий болгох, тэнд ажиллах боловсон хүчний асуудлыг одооноос бодлого төлөвлөлтдөө оруулж бэлтгэх хэрэгтэй болж байна. Мөн дагаад эдийн засгаа олон тулгуурт болгох зорилт бий. Үүнд  сахилга хариуцлагатай, тогтвортой Засгийн газар, улс төрийн тогтвортой байдал маш чухал.

-Монголчуудын олон жил ярьсан томоохон төслүүдээс Оюутолгойн төсөл л хөдөлсөн. Харин өнөөдрийг хүртэл сууринаасаа ховхроогүй Таван толгойн төслийг энэ Засгийн газар  хөдөлгөх боломжтой гэж олон нийт харж, хүлээж байгаа болов уу. Ер нь ойрын ирээдүйд хэрэгжүүлэх ямар томоохон төслүүд байна? 

-Таван толгойн төслийг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулахын тулд бид Таван толгойн дэд бүтцийн төслүүдийг багцаар нь хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, экспортын олон гарцыг бий болгох, баяжуулах, угаах үйлдвэр байгуулах гээд Таван толгойн нүүрсийг үнэ хүргэх боломжуудыг бий болгоно. Том төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Жишээ нь, Таван толгойн дэд бүтцийн багц төслүүдээс ҮХГ Таван толгой-Цагаан дэл чиглэлийн хурдны авто зам, Таван толгой-Гашуунсухайтын давхар замыг үргэлжлүүлэх, төмөр замаа барих, Таван толгой-Хангимандал чиглэлд авто замын чиглэл  гаргах зэрэг ажлын уралдаант шалгаруулалтыг хийж, шийдлүүдээ гаргаж байна. Таван толгой-Зүүнбаян-Сайншанд чиглэлийн хөндлөн, хэвтээ төмөр замын концессыг үргэлжлүүлж хийнэ. Удахгүй Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ. Мөн эрчим хүчний эх үүсвэрийн төслүүд, Зүүн, баруун, төвийн гээд эдийн засгийн коридоруудын төслийг  урагшлуулахаар ажиллаж байна.  Замын-Үүд-Алтанбулагийн чиглэлд өндөр хурдны  зам барьснаар транзит тээврийн урсгалаас үр өгөөж хүртэх боломж бий.  

-Нефтийн үйлдвэрийн ажлын явц ямар байна?

-Гарын таван хуруунд багтах томоохон төслүүдийн нэг нь энэ. Эх үүсвэр нь Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжихээр болсон. ТЭЗҮ-ийг нь хийж дууссан. Одоо хөндлөнгийн аудитаар хянуулж байна. Аудитын дүгнэлт гарчихвал санхүүгийн эх үүсвэр нь тодорхой тул хэрэгжээд явна. 

-Эдгээр төслүүдээ бодит ажил болгоход санхүүжилт, хөрөнгө оруулалт чухал. Танай газар “Улсын хөрөнгө оруулалтын  хөтөлбөр”-т үүнийг хэрхэн тусгав?

-2020 он хүртэл хэрэгжүүлэх гурван тулгуурт хөгжлийн бодлогыг энэ оны хоёрдугаар сард баталсан. Тухайн бодлогыг хэрэгжүүлэх салшгүй баримт бичиг бол Монгол Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр. Хуульд заасанчлан Үндэсний хөгжлийн газар үүнийг боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 2018-2021 онд хэрэгжих 30 тэрбумаас дээш төгрөгөөс санхүүжилттэй төслүүдийн жагсаалтыг оруулсан. Үүнийг боловсруулахдаа бүх яамтай гурван удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, сайдуудтай хэд хэдэн удаа уулзаж, орон нутгийн саналыг удаа дараа авсан. Мөн Сангийн яам хамтран ажиллаж боловсруулсан. 

Нийт 38.3 их наяд төгрөгийн санхүүжилтээр хийгдэх 113 төсөл байна. Үүнээс 43 төсөл нь 9 их наяд төгрөгөөр  хэрэгжээд явж байна. Дээр нь шинээр хэрэгжүүлэх 70-аад төсөл бий. Үүнээс хэрэгжих шаардлагатай хэдий ч одоохондоо эх үүсвэр нь шийдвэрлэгдээгүй 11 төсөл бий.  2021 он гэхэд яаж ийгээд энэ төслүүдээ хөдөлгөх зорилттой ажиллана.

Зөвхөн 2018-2021 онд нийт 28.3 их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байна. Нийт хувиар нь тооцвол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2.5 хувь буюу 725 тэрбум, гадаадын зээл тусламжаар  23.4 хувь буюу 6.6 их наяд төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үлдсэнийг нь төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.

-Сая Дорноговь аймагт ажиллах үеэр “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор хөтөлбөр” хэрэгжихээргүй болсон ч тэнд тэртээ тэргүй үйлдвэрлэлийн нэг төв  бий болох нь тодорхой болсон нь  ажиглагдлаа. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө энэ бүсэд төмөр зам, уул уурхайгаа дагуулаад үйлдвэрээ явуулаад эхэлчихсэн байна. Тэгэхээр энэ бүс нутгийн хөгжлийг хэрхэн төлөвлөж байна?

-Говийн бүсийг хөгжүүлэхийн тулд усны бэрхшээлийг шийдэх шаардлага тулгарч байгаа. Ингэж байж тухайн бүсэд ашигт малтмалдаа тулгуурласан том үйлдвэрүүдийг байгуулах боломж бүрдэнэ.  Юуны өмнө  говийн гүний усыг уурхайн төслүүдэд шууд  ашиглахыг зогсоож, усны хуримтлалыг бий болгож хуваарилах нь чухал.  Тиймээс ч “Хэрлэн говь”, “Орхон говь” зэрэг төсөл нэлээн яригддаг. Эдгээрээс  гарц шийдэл олох гэж Засгийн газар удаа дараа хуралдаж, асуудлыг хэлэлцэж байна. Мөн төв цэвэрлэх байгууламжаас ойрын хугацаанд 160 000-180 000 м.куб  саарал, цэвэршүүлсэн ус гарна гэсэн тооцоо бий. Үүнийг говийн бүс рүү татаж технологийн ус болгон ашиглах боломжтой гэж үзээд тооцоо судалгаа хийж байна. Төслийг концессын гэрээний барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээр хувийн хэвшлүүдтэй санал солилцож байгаа.

-Гадаад зах зээл, Монголын улс төр, хууль эрх зүйн орчноос болж дайжаад байсан хөрөнгө оруулагчид  эдгээр төсөл хөтөлбөр дээр ажиллах сонирхол хэр байгаа бол?

-Гадаадын хөрөнгө оруулалт ерөнхийдөө өсч байна. Үндэсний хөгжлийн газар хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулах тал дээр Дэлхийн банктай хамтран ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын орчин нөхцөл ямар байгаа талаар шинэтгэлийн зураглал гаргахаар ажиллаж байна. Манай хууль эрх зүй гаднынханд таалагдаж байгаа эсэх талаар судалгаа явуулаад дуусч байна. Судалгааны дүнд үндэслээд шинэтгэлийн зураг гаргана. Үүнийгээ тавдугаар сарын 21, 22-нд болж байгаа “Эдийн засгийн форум 2018”-аар олон нийтэд танилцуулна. Судалгааны урьдчилсан дүнгээс  харахад манай орчин нөхцөл бусад орныхтой харьцуулахад дундаж  түвшинд байна. Цаашид энэ байдлыг  өөрчилж сайжруулахын тулд шаардлагатай ажлуудыг шат дараатай хийхээр төлөвлөж байна.

-Нэг хэсэг төр хувийн хэвшлээр барих, шилжүүлэх хэлбэрээр ажил гүйцэтгүүлж байсан. Одоо энэ арга хэлбэрээс татгалзаж  байгаа гэсэн. Ямар шалтгаантай юм бол?

-Концесс дотор барих шилжүүлэх төрлийн хэлбэрийг төрийн үйлчилгээний түншлэлийн загвар биш гэж үзээд цаашид хэрэгжүүлэхгүй байхаар  тогтсон. Энэ бол маш их асуудал үүсдэг концессын төрөл. ОУВС-аас ч энэ хэлбэрийг хориглож байгаа. Мөн барих шилжүүлэх төрлийн концессыг өнгөрсөн оноос УИХ-аар шийдвэрлэдэг болсон. Цаашид томоохон төсөл хөтөлбөрүүдийг барих, ашиглах, шилжүүлэх  төрлөөр хэрэгжүүлнэ. Үүний тулд  тарифын зохицуулалт хийх, Тарифын хуультай болох зайлшгүй шаардлага тулгарч байна. Мэдээж зам тавлаа гэхэд төлбөртэй зам болно. Төлбөр нь Тарифын хуулиар зохицуулагдах ёстой. Тухайлбал, өнгөрсөн жил төв цэвэрлэх байгууламжийг ийм хэлбэрээр хэрэгжүүлэх гэж үзсэн.  Гэсэн ч манайд бохир усны тариф чөлөөлөгдөөгүйгээс болоогүй. Үнийг шат дараатай нэмж байгаа ч м.куб нь 400 төгрөг гээд маш хямд байх жишээтэй. Хэрэв концессын хуулийн  барих, ашиглах, шилжүүлэхээр хэрэгжүүлсэн тохиолдолд м.куб нь 7 дахин өндөр буюу 3000 төг байхаар судалгаагаар гарч байсан. Тиймээс үүнийг концессоор бариулах боломжгүй гэж дүгнээд Сангийн яам, БХБЯ-нд шилжүүлсэн. Ингээд Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах үеэрээ төв цэвэрлэх байгууламжийг тус улсын зээл тусламжаар хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулсан.

Одоогоор Таван толгойн дэд бүтцийн багц төсөл, Замын-Үүд, Алтанбулагийн гэх мэт хэд хэдэн төслийг барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэхээр ярьж байна.

-ҮХГ эдийн засгийн бүсчлэлийг шинээр гаргахаар ажиллаж байна. Өмнөх бүсчилсэн хөгжлийн бодлогоос юугаараа ялгаатай,  давуу талтай юм бэ?

-Үндэсний хөгжлийн газар чиг үүргийнхээ дагуу бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинээр гаргахаар  ажиллаж байна. Энэ асуудлаар жилийн өмнө ажлын хэсэг байгуулж, 60 орчим эрдэмтнийг хамруулсан 10 гаруй дэд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Бид календарьчилсан төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж ирэх онд бодлогын баримт бичгээ батлуулна. Энэ бол богинохон хугацаанд хийчихдэг ажил биш. 

Дэлхийн эдийн засгийн томоохон өөрчлөлтүүд, мөн Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-д тусгасан зорилтууд, орон зайн төлөвлөлт, дэд бүтцийн онцлог зэргээс шалтгаалан бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинэчлэн зохион байгуулах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл, 15 жилийн өмнөх нөхцөл байдал өнөөдөр өөрчлөгдсөн учраас 2000 онд гаргасан бодлогыг шинэчлэх шаардлага үүссэн. Энд нэмж хэлэхэд, сумын хөгжлийн индексийг тооцдог болоод байна. 330 суманд хэрэгжүүлж байгаа орон нутгийн хөгжлийн индекс дээр тулгуурлаж аль суманд ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг тооцоолж гаргадаг болсон гэсэн үг. Үүн дээр үндэслээд хөрөнгө оруулалтын матрицыг ҮХГ гаргаж,  мөрдөн ажиллаж байна.  

-Бас бүх ААН-үүдийн мэдээллийг цахимаар нэгтгэж байгаа гэж байсан?  

-Манай улсад 6000 гаруй жижиг, дунд үйлдвэр бий. “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал”-ийн хүрээнд тэдний мэдээллийн баазыг үүсгэлээ.  Монгол Улсын аж  ахуйн нэгж, үйлдвэрүүд хаана хаана байрладаг, ямар бүтээгдэхүүнийг хэчнээн хэмжээгээр үйлдвэрлэдэг, гарал үүсэл гээд бүтээгдэхүүний мэдээллийг дэлхийн стандартад нийцүүлж гаргахыг зорьж буй хэрэг. Энэ системд компанийн засаглал, санхүүгийн тайлан зэргийг тусгахыг хичээж байна. Энэ оны эхээр 21 аймаг, 9 дүүрэгт ажлын хэсэг байгуулсан. Өнгөрсөн сарын мэдээгээр 3600 гаруй аж ахуйн нэгжийг бүртгэсэн, ажлын явц 60 хувьтай байна.  Гэхдээ аж ахуйн нэгжүүдийг шахаагүй, тэд сонирхлынхоо дагуу бүртгүүлж байгаа. 

-Эдгээр ажлын эцэст 2020 он гэхэд хичнээн ажлын байр бий болох, үүнээс үндэслэн ядуурал хэрхэн буурах тооцоо гарч байгаа бол?

-2020 он гэхэд Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр нийт 230-аад мянган ажлын байрыг бий болгох зорилт тавьж байна. Үүнийг математик аргачлалаар гаргасан. Өсөж яваа эдийн засагтай, залуу хүн амтай улсын хувьд ажлын байр массаараа  нэмэгддэг  тогтолцоо бий. Тиймээс ч дээрх төсөл хөтөлбөрөөс гадна эдийн засгийн массаараа 140.000, дээр нь төсвийн хөрөнгө оруулалтаар 40-50 мянган ажлын байр бий болох тооцоо бий. Гурван тулгуурт хөгжлийн бодлого буюу улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт суусан төслүүд нэмж хэрэгжсэнээр нийтдээ 230.000-250 000 ажлын байр бий болно гэж тооцсон. Өнөөдөр монголчуудын гуравны нэг нь буюу нийт хүн амын 29.7 хувь нь ядуу байна. Хөдөө орон нутагт бүр ч өндөр 35 хувьд хүрсэн судалгаа бий. Тэгэхээр ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах  зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ХНХЯ  ҮХГ-тай хамтран ажиллаж, 2020 он гэхэд ядуурлыг бүрэн хянадаг болно. Манай улсын хөгжлийн бодлого цэгцтэй, төлөвлөгөөтэй болсноор зорилтод бүлгийн иргэддээ чиглэсэн арга хэмжээг авч чадна. Улмаар 2030 он гэхэд манай улс ядуурлаас гарах боломжтой болно гэж тооцож байна.

-Бодлого, хөтөлбөр гэхээр тооцоо судалгаагүй том том тоо тавьчихаад эцэст нь хэрэгждэггүй гэх шүүмжлэл бий. Дээр хэлсэн  тооцооллыг хэр сайн судалж байж гаргав? 

-Гадаад, дотоодын судалгаа, мөн төсөл хөтөлбөрүүдийн судалгаа, тоо баримтыг харьцуулж, нарийн тооцоолж байж гаргахыг зорьсон. Үндэсний хөгжлийн газар дэргэдээ Монгол Улсад салбартаа тэргүүлсэн доктор, профессоруудаас бүрдсэн шинжлэх ухааны зөвлөлийг байгуулан ажиллаж байгааг зарим нь мэдэх байх. Тус зөвлөлийн санал зөвлөмжийг цаг ямагт сонсож, хөгжлийн бодлого төлөвлөлтдөө тусган ажиллаж байна.

-Өнөөдөр нэг хэсгээс улсынхаа хөгжилд эргэлзсэн өнгө аяс цухалздаг. Та хөгжлийн бодлогыг зангидаж, хэрэгжүүлдэг байгууллагыг удирдаж, энэ ажлыг гардан хэрэгжүүлж яваа хүний хувьд тэдэнд юу гэж хэлэх бол? 

-Бидний хөгжил бидний дэргэд байна. Бид урдах ажлаа, төлөвлөснөө  сайн хийдэг байх хэрэгтэй. Сайн ажиллахын тулд эрүүл мэнд, боловсрол, ур чадвараараа тэнцэхүйц бэлтгэлтэй байх нь чухал. Төр засгаас юу хийх бол гэж хараад суухдаа биш өөрсдөө судалгаа тооцоотой байж, эрэлт хэрэгцээгээ мэдрэх нь бас чухал. Бид бүгдээрээ хүчээ нэгтгэж байж хөгжлийг авчирна. Боломж ч их бий. Бүгдэд  нь амжилт хүсье. 

-Танд баярлалаа.

Эх сурвалж: MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 38 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 1 цаг 0 мин 1924 оны Үндсэн хууль 2 цаг 41 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2 цаг 52 мин Энгийнийг ухаалгаар 2 цаг 58 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 4 цаг 27 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 5 цаг 39 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 5 цаг 53 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 6 цаг 0 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 7 цаг 6 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 7 цаг 27 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 20 цаг 29 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top