УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас дараах асуултад хариулт авлаа.
-АТГ-аас хоёр ч Ерөнхий сайдыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байна. Цагдан хорьсон өнгөрсөн 43 хоногийн хугацаанд тэднээс ганц, хоёрхон удаа л байцаалт авсан гэдгийг өмгөөлөгчид нь хэлдэг. Ер нь, энэхүү асуудалд та ямар байр суурьтай явдаг юм бэ?
-Мэдээлэл алга байна. Та нартай л ижил мэдээлэлтэй явна. Хуулийн байгууллага нь ажиллаж байгаа юм байна. Хүлээж, харахаас өөр сонголт алга даа.
-Гэхдээ тэд гэм буруутай эсэхээ шалгуулахаар өөрсдөө АТГ-т очсон байдаг. Хууль, хяналтынханд шалгуулахаар өөрсдөө очсон хүмүүсийг цагдан хорьж, шалгаж байгаа нь хэр шударга үйлдэл вэ. Нөгөө талаараа тэд батлан даалтад гарч, шалгуулах өргөдлөө хүртэл өгсөн. Гэвч өргөдлийг нь хүлээж аваагүй. Арай, цаана нь улс төрийн ямар нэгэн эрх ашиг байгаа юм биш биз дээ?
-Үнэхээр мэдэхгүй байна. Хууль, хяналтынхан ажлаа хийж байна. Шаардлага байна гэж үзсэн болохоор л хорих хугацааг нь сунгасан байх. Юм гэдэг чинь хязгаартай шүү дээ. Удахгүй мэдээлэл нь ил болно. Шалгах хугацаатай, тэр хугацаа нь дуусахаар бүх зүйл тодорхой болох байх аа.
-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нь улс төрийн шийдвэр мөн үү?
-Мэдэхгүй байна.
-Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нар улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө хэлмэгдэж байна гэх байр суурийг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, ард түмэнд Оюу толгойн төслийг хөдөлгөх амлалт өгсөн, түүнийгээ л хэрэгжүүлсэн гэдгээ захидалдаа хүртэл дурдсан байдаг шүү дээ?
-Би бусадтай л адилхан мэдээлэлтэй байна. Мэдэхгүй байна.
-МАН-ынхан өнгөрсөн хугацаанд намын даргаараа ажиллаж байсан, Засгийн газраа тэргүүлж байсан С.Баяртай уулзсан уу. Хэр анхаарал тавьж байгаа вэ?
-Уулзалгүй яах вэ. Очиж эргэлгүй яах вэ. Бид бүхэн хараад л сууж байна. Ямар л олиг байх вэ дээ. АН-ын бүлгийн дарга, МАН-ын дарга байсан хоёр хүн хоригдож байна. Энэ чинь Монгол Улсын асуудал шүү дээ. Энэ чинь маш том үйл явц. Юу болох вэ гэж хүн бүр л санаа зовж байна. Хүн болгон л харж байна. Олон хүн эргэлзэж байна. Янз янзаар л тайлбарлаж байна. Гагцхүү хуулийн байгууллагын ажилд хөндлөнгөөс хэн ч оролцож болохгүй. Хурдан шалгаж, шийдвэр нь нэг тийшээ болоосой л гэж бодож сууна даа.
-Гэхдээ Ерөнхий сайд асан С.Баярыг өнгөрсөн шөнө Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлсэн. Ер нь, албан тушаал хашиж байсан нөхдүүд цагдан хоригдоод ирэхээрээ ямар нэгэн өвчин, эмгэг хэлэх юм. Ганц С.Баяр дээр ч биш бүх хэрэг дээр харагддаг үйл явц л даа. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Ганц дарга нар биш л дээ. Хүний л асуудал. Анх би УИХ-ын гишүүн асан Х.Тэмшүүжинтэй 2008 онд бүх хорих ангиар явж үзсэн, ажилласан. Гэм буруутай нь тогтоогдоогүй, шүүхээр эцэслээгүй байхад цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан нөхөд бүгд л ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид очдог. Орчин нь маш хүнд шүү дээ. Үндсэндээ 9-10 ам.метр талбайд хоригддог. Дотроо бие засдаг. Маш чийглэг орчинтой.
Эх сурвалж: NEWSPRESS.MN
Сэтгэгдэл (3)