x

ХЗБХ: Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжив

Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019.04.17-ны өдрийн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Болд нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад ирүүлсэн шийдвэрийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий Түр хороог Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулан нарийн судлан, үзэх шаардлагатай гэж үзэн УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тодруулга хийсний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явууллаа. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ нар ажиллахаар төсөлд тусгасан байна. Тус түр хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хасч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нарыг дэмжихийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэн, батлуулахыг дэмжлээ

Дараа нь Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. 

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтээр Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3 14 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн холбогдох заалт, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Уг дүгнэлтийг УИХ хүлээн авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна. 

Төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн юм. Иймд төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих томъёоллоор санал хураахад гишүүд 90 хувийн саналаар дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. 

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн юм. Төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Батнасан, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, ажлын хэсгээс тодруулга хийв. УИХ-аас 2017 онд баталсан хуулиуд хэргийг шүүх шатнаас буцаахгүй байх концепцтой гэдгийг О.Батнасан гишүүн онцолж байв. Үндсэн хуулийн цэц холбогдох маргааныг хэлэлцээд дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан бөгөөд энэ дагуу “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсвэл зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг прокурор руу, эсвэл дахин хэлэлцүүлэхээр шүүх рүү буцаах” хэмээн өөрчилж буй шалтгааныг тэрбээр тодрууллаа. УИХ-аас баталж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлалд хэргийг прокурорт буцаахгүй гэсэн заалт бий. Энэ хуулийг нарийн судалж үзэх юм бол хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан тохиолдолд хэргийг буцаах хэд хэдэн тохиолдол бий. Тухайлбал, анхан шатны урьдчилсан хэлэлцүүлгээс буцаах, эсвэл прокурор энэ талаар дүгнэлт хэлсэн тохиолдолд хэргийг буцаах зохицуулалтууд бий. Хууль хэрэгжсэн өнгөрсөн хоёр жилийн туршлагаас харахад шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдалд хэргийг зайлшгүй буцаах шаардлагууд үүсдэг. Тиймээс энэ 34.7 дугаар заалт бол угаасаа прокурор буцаах шаардлагатай гэж үзсэн саналынх нь дагуу шүүх буцааж шийдвэрлэдэг тул үүнийг нь шүүхийн шийдвэрт нэг үндэслэл болгон оруулсан. 33 дугаар зүйлийн 33.3-т заасан буцаах үндэслэл бол анхан шатны шүүхээс хэргийг буцаадаг үндэслэлүүд юм хэмээн Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн тайлбарлав.

Үргэлжлүүлэн тэрбээр "Дээрх хуульд бас хүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах, ийн цагаатгагдсан хүний хэргийг прокурор буюу мөрдөн байцаалтад буцаах тухай агуулга бүхий заалт бий. Хууль хэрэгжсэн өнгөрсөн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч шүүхийн шийдвэр гаргахад үндэслэл болгох баримт нь хуульд заасан журмыг зөрчсөн тохиолдлууд байдаг. Ийм тохиолдолд тухайн хүний хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгадаг. Үүний дараа дахиад энэ хэргийг нотлоод ир хэмээн явуулах нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн “Хүний гэмт хэргийг нэг л удаа шүүхээр шийдвэрлэх зарчим”-д нийцдэггүй" гэлээ. 2018 онд хуулийн байгууллагад “Шүүх миний хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан атлаа дахин шалгаад байна” гэдэг үндэслэлээр олон гомдол ирсэн болохыг Б.Батцэрэн шүүгч хэлж байв. Тодруулбал, шүүх нэг хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа “Шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтууд нь шаардлага хангахгүй байна. Мэдүүлэх авахдаа, шинжээчийн дүгнэлт гаргахдаа тус бүрт холбогдох журмыг зөрчсөн учир хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа” гээд шийдвэр гаргачихдаг. Үүнээс хуулийн гажуудал үүсээд байгаа гэлээ. Үнэндээ гэмт хэрэг үйлдсэнийг нь нотолж чадаагүй, эсвэл нотолсон гэж үзэж буй баримтууд нь хуульд заасан журмыг зөрчиж бэхжүүлэгдсэн тохиолдлуудад хэргийг буцаах заалт байхгүйгээс шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж байна. Гэтэл нөгөө талд хэрэгсэхгүй болсон хэргээр цагаатгагдсан хүнийг дахин шалгаад, гэм бурууг нь дахин шүүхээр хэлэлцэх нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн “Хүний гэмт хэргийг нэг л удаа шүүхээр шийдвэрлэх зарчим”-д нийцдэггүй. Тиймээс шүүхийн практикаас харахад зайлшгүй энэ асуудлыг зохицуулах шаардлага үүсээд байгааг тайлбарлаж байлаа. 2018 оны судалгаагаар зөвхөн нийслэлд дээрх үндэлэл буюу процессын алдаатай учир 60 гаруй хэргийг хэрэгсэхгүй болгож, дахин шалгуулахаар цагаатгасан. Цагаатгагдсан хүмүүсийн хэргийг дахин нотол гээд хуульд заасан заалтынхаа дагуу буцаадаг. Энэ хооронд хэргийн зүйлчлэл хүндрэх нөхцөл үүсвэл хэрхэх талаар асуудал яригдана. Давж заалдах болон хяналтын шатны шүүх нь доод шатны шүүхэд хууль зүйн дүгнэлт хийх, ямар хууль хэрэглэхийг, хэргийг хэрхэн зүйлчлэхийг, ямар ял оногдуулахыг заах, чиглэл өгөх эрхгүй бөгөөд энэ нь холбогдох хуулиар маш тодорхой зохицуулсан байдгийг Б.Батцэрэн шүүгч тайлбарлалаа. Харин тухайн хэргийн үйл баримтыг тогтоох, нотлох баримтыг үнэлэх, хууль зүйн дүгнэлт хийхдээ хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, ямар нотлох баримтыг орхигдуулсан, ямар нотлох баримтын талаар няцаасан дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлж болох ямар нөхцөл байдал байгааг харах ёстой зэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүх шийдвэртээ тусгаж өгдөг байна. Ингээд нэмэлт мөрдөх ажиллагаа хийснийхээ үр дүнд зүйлчлэл хүндрэх асуудал гарвал ялыг өөрчлөн сонсгоход процессын ажиллагааг энгийн журмаар явуулдаг гэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь бүхэлдээ хүний эрхийг дээдлэх үзэл баримтлалтай. Үндсэн хуулийн цэц хүний эрх зүйн байдлыг хүндрүүлж, гэнэт шийдвэр гаргаж болохгүй гэдэг үндэслэлээр дүгнэлт гаргасныг УИХ үүнийг хүлээн авсан. Тиймээс шүүгдэгч буюу яллагдагчид процессын явцад олгогдсон эрхүүдээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нөхцөлийг олгох нь зүйтэй хэмээн Улсын дээд шүүх үзэж байгаа аж. Тийм учраас ялыг хүндрүүлж шийдвэр гаргахгүйгээр дээрх нөхцөл байдал үүсвэл дахин шалгаад, шүүгдэгчид процессын эрхийг нь бүрэн дүүрэн эдлүүлсний дараа тухайн иргэний гэм бурууг хэлэлцэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүний эрхийг дээдлэх үзэл баримтлалд бүрэн нийцнэ гэж үзэж байна гэв.  

Харин Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Бат-орших “Улсын ерөнхий прокурорын байр суурь тодорхой байгаа. Нэмэлт мөрдөн байцаалтад буцаана гэдэг нэрээр хэрэг шийдэгдэхгүй удах, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад нотлох баримтыг хангалтгүй цуглуулж, шүүхэд шилжүүлэх, тэр хэмжээгээрээ хүний эрх зөрчигдөх, чирэгдэл үүсэх, цаг хугацаа алдах зэрэг асуудлууд өмнөх хуулийн хэрэгжилтийн үед гарч байсан. Хэрэг шүүх, прокуророос удаа дараа буцдаг байв. Харин 2017 онд эрх зүйн орчин шинэчлэгдсэнээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу нэг мөр цуглуулах, хууль зөрчихгүй байх зэрэг шаардлагуудыг прокуророос хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад тавьж байна. Одоо энэхүү өөрчлөлт бүхий төсөл дэмжигдэх юм бол УИХ-ын гишүүдийн болон Улсын дээд шүүхээс тайлбарлаад буй зүйлчлэл хүндрүүлэх тохиолдол огт хөндөгдөхгүй. Тухайлбал, болгоомжгүйн хэрэг шүүх мэтгэлцээний явцад хүн амины хэрэг байх магадлалтай гэж тогтоогдох үед хэргийг дээрх заалтаар шүүхээс буцаах боломжгүй. Шүүхийн практикт одоо байгаа ганц бэрхшээлтэй асуудал бол буруу зүйлчилсэнтэй холбоотойгоор шударга ёсыг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэн нэг бүрт эрүүгийн хариуцлага оногдуулах зарчим хэрэгжихгүй байх магадлал үүссэн. Тийм учраас Монгол Улсын Ерөнхий прокурор “Гэмт хэргийн зүйлчлэл нь буруу болсон тохиолдолд л (ял завшуулах нөхцөл үүссэн) зүйлчлэлийг нь зөвтгөхөөр хэргийг шүүх шатнаас буцааж болох юм. Бусад тохиолдолд буцаах нь эргээд хэрэг шийдэгдэхгүй уддаг өмнөх буруу жишиг, нөхцөл байдал руу орох эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Нөгөө талаас хохирогчийн эрх ашгийг тооцох нь зүйтэй. Хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх нөхцөл хангагдахгүй байх магадлалтай учраас Үндсэн хуулийн цэцийн холбогдох дүгнэлтийг үндэслээд зөвхөн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх тохиолдолд л хэргийг прокуророт буцаадаг зохицуулалтыг оруулах саналтай байгаа" гэв. 

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүн хэлэхдээ “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9, 40.8 дугаар зүйл нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон учир түдгэлзүүлэхээр Үндсэн хуулийн цэц шийдвэрлэсэн юм. Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаад давах болон хяналтын шатны шүүх дээр ял хүндрүүлж шийдвэр гаргаж болохгүй байгаа учраас хэргийн бодит үнэнийг тогтоож, шүүх шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шударга ёсны зарчимд нийцүүлж хэргийг шийдэхийн тулд тодорхой тохиолдолд хэргийг прокурор болон мөрдөн байцаалтад буцааж байж шүүхийн шатанд нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд нөхөн гүйцэлдүүлж хийлгэж эргээд хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ хэмээн үзсэн. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхийн алдааг засахын тулд давж заалдах, хяналтын гэсэн хоёр шатны шүүх байдаг. Давах болон хяналтын шатны шүүх бол хэргийг хянан шийдвэрлэхээсээ илүүтэй эрх зүйн дүгнэлт өгөх чиг үүрэг бүхий шүүхийн байгууллага юм” хэмээн тайлбарлалаа. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, холбогдох санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хуулийг бүх шатандаа нэг мөр ойлгох шаардлагын үүднээс Улсын дээд шүүхээс тайлбар хийдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Хууль зүйн байнгын хороо санаачилга гарган ажиллах нь зүйтэй гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “УИХ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг батлахдаа прокурорын болон мөрдөн байцаах үйл ажиллагаа, прокуророос мөрдөн байцаах үйл ажиллагаанд тавьж буй хяналтыг сайжруулах, сахилгажуулахаар зарчмын том өөрчлөлт хийсэн. Үндсэн хуулийн цэц холбогдох маргааныг хэлэлцээд “Давж заалдах шатны шүүх ялыг хүндрүүлж, хөнгөрүүлж болоод байна. Ингэхээр яллагдагч буюу шүүгдэгчийн давж заалдах эрхэд нь бодитойгоор халдаад байна. Шүүгдэгч шүүхийн шийдвэрт давж заалдах эрхээ хэрэгжүүлэх бололцоогүй болоод байна, энэ нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдөж байна” хэмээн дүгнэсэн. Үүнийг УИХ, Байнгын хороогоор хэлэлцэх үедээ “Хохирогч, прокурор давж заалдах шатан дээр гомдол гаргасан бол ялыг нь хүндрүүлдэг байж болох юм. Харин шүүгдэгч өөрөө гомдол гаргасан бол ялыг нь хүндрүүлж болохгүй юм” гээд 2003 оны Улсын дээд шүүхийн тайлбарын хэмжээнд нь хуулиа өөрчлөхөөр шийдсэн. Гэтэл одоо хэлэлцүүлж буй төслөөр хэргийг шүүх шатнаас буцаах, ингэхдээ ямар үндэслэлүүдээр буцаах тухай зохицуулалтуудыг тусгасан байна. Хуулийг практикт хэрэглэж буй Улсын дээд шүүх болон Улсын Ерөнхий прокурорын байр суурь зөрүүтэй байгаа энэ тохиолдолд асуудлыг сайтар нягтлан, зөв шийдлийг олох шаардлагатай" хэмээгээд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүд 60 хувийн саналаар дэмжсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 2 цаг 6 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 2 цаг 19 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 2 цаг 21 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 2 цаг 22 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 2 цаг 23 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 2 цаг 24 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 2 цаг 25 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 2 цаг 28 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 20 цаг 14 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 20 цаг 20 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 20 цаг 21 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 20 цаг 23 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 20 цаг 24 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 20 цаг 26 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 20 цаг 28 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 20 цаг 30 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 20 цаг 31 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 20 цаг 34 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 20 цаг 42 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жагсагчид өлсгөлөн зарлана Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Д.Сүхбаатар: Турк үндэстэн
Top