ГБХНХЯ салбарт ажиллагсдын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулах төлөвлөгөөг батлан, дорвитой ахиц гаргахыг зорьж байна.
Байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төвүүдийг төв, орон нутагт байгуулж, дэмжихээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийн талаар улсын үзлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн, Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар бэлтгэхээс гадна үйлдлийн олон улсын ангиллыг зарим үйлчилгээнд нэвтрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх статистик маягт, аргачлалыг энэ онд шинэчлэн батлуулах аж.
Манай улсад өнгөрсөн оны байдлаар 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 80 гаруй хувь нь хөдөлмөрийн насныхан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлөөс өнгөрсөн онд 28 ажил төлөвлөснөөс арвыг нь бүрэн гүйцэтгэж, үлдсэнийг нь хэрэгжүүлж байна. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн барихаар ажлаа шуурхайлж байгааг тус яам мэдээллээ.