Монголын мөсөн сурын холбооноос 100 сая төгрөгийн шагналын сантай “ЛИГ” харваа зохион байгуулахаар болжээ.
21 аймаг, Улаанбаатар хот болон дөрвөн улсад салбар зөвлөлтэй тус холбоонд бүртгэлтэй 300 орчим тамирчин мөсөн сурын тэмцээнд тогтмол оролцож бөгөөд үүнийг 2013 оноос спортын төрөлж хамааруулж, өдгөө 250 гаруй харваа цол зэрэгтэй болсон байна.
“Лиг” харвааг зохион байгуулах талаар тэмцээний ерөнхий шүүгч Н.Буяннэмэх ярихдаа “Бид жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг. Өнгөрсөн жилийн УАШТ-д шилдэг 16-д шалгарсан багийг лигийн зарчимд оруулж байгаа юм. Лиг зохион байгуулснаар алсдаа өвлийн олимпын хөтөлбөрт оруулах зорилготой. Тэмцээнд оролцох 16 багийг хоёр ангилсан. Дээд болон “Магнай” лиг гэж зохион байгуулна. Лигийн гуравдугаар тойргийг УАШТ гэж ойлгож болно. Хөдөө мөсөн дээр идэр есийн хүйтэнд харвадаг учраас үзэгч хомс. Тиймээс орчин үеийн техник, технологи ашиглаад телевиз, цахимаар шууд дамжуулах юм.
Энэ спортыг хөгжүүлэхээс гадна өв тээж яваа тамирчдад үр өгөөжөө өгөөсэй, харваачдын аж амьдрал нь дээшлээсэй гэж бид маш их сэтгэл гарган ажиллаж байгаа. 2023-2050 он хүртэл Монгол Улсын Засгийн газраас өвлийн аялал жуулчлалыг дэмжихтэй холбогдуулан маш олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь мөсөн сурын тэмцээн юм” гэв.