Сербийн алдарт теннисчин, “Их дуулга”-ын 24 удаагийн аварга Новак Жоковичоос Австралийн телевизийн нэгэн хөтлөгч уучлал гуйсан байна.
Телевизийн “Channel Nine” сувгийн хөтлөгч Тони Жонс баасан гарагт Австралийн нээлттэй тэмцээнийг шууд дамжуулж байхдаа “Новакийг хэт өндрөөр үнэлж ирсэн, түүнийг хөөж явуул” хэмээн хэлсэн нь шүүмжлэл дагуулжээ.
Н.Жокович ням гарагт Иржи Легечкаг хожиж, дөрөвдүгээр тойрогт ялалт байгуулсны дараа талбай дээрх ярилцлагад оролцохоос татгалзсан. Энэ нь тус сувгийн тэмцээнийг албан ёсоор дамжуулж байгаатай холбоотой гэж тайлбарласан байна.
Сербийн теннисчин хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ, Т.Жонс өөрийн тайлбараар Сербийн шүтэн бишрэгчдийг тохуурхаж, өөрийг нь доромжилсон гэжээ. “Энэ бол миний хувьд маш таагүй байсан” хэмээн 37 настай теннисчин онцолсон байна.
Т.Жонс даваа гарагт “Channel Nine” сувгаар мэдэгдэл хийж, хошигнож хэлсэн үгнээс нь үүдэн ийм нөхцөл байдал үүссэнд урам хугарч байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр Н.Жокович болон түүний багийнхан хэлсэн үгэнд нь сэтгэл дундуур байгааг мэдсэн даруйдаа уучлал гуйсан гэжээ. Мөн “Channel Nine” нийтэд хандан хүлцэл өчиж, хэлсэн зүйлс нь ямар нэгэн байдлаар хохироох зорилгогүй байсан гэдгийг мэдэгдсэн байна.
Австралийн нээлттэй тэмцээний 10 удаагийн аварга Н.Жокович мягмар гарагт шөвгийн наймд дэлхийн чансааны гуравт бичигдэж буй Карлос Алкарастай өрсөлдөнө.
Энэ асуудалтай холбоотойгоор Австрали дахь Сербийн зөвлөлөөс Т.Жонсын хэлсэн үгийг “доромж утгатай, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, серб гаралтай австраличуудыг ялгаварлан гадуурхахыг өдөөн хатгасан” гэж мэдэгдэн, түүнийг ажлаас нь халахыг уриалжээ.