Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 712 тохиолдол 2024 онд бүртгэгдэж, 87 хүн нас барсан нь өмнөх оныхтой харьцуулахад 49 хувиар нэмэгдсэн байна.
Осолд өртөгсдийн 71.6 хувь нь эрчүүд бөгөөд дийлэнх осол нь уул уурхай, батлан хамгаалах, барилга, тээвэр, агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд хамаарч байгаа аж. Манай улсад сүүлийн 5 жилд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 2124 тохиолдол бүртгэгджээ.
Иймээс ГБХНХЯ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт тогтолцооны зургаан шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний зөвлөл тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх 2025-2028 оны төлөвлөгөөгөө гаргаж, эн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг тавьж, эрүүл, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Тодруулбал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулиа шинэчилж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын тогтолцоог сайжруулан, хөдөлмөрийн эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмж, цахим шилжилт, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийг сайжруулж, эрдэм шинжилгээ судалгаа, статистикийг хөгжүүлэх, салбар бүрд мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх үндэсний тогтолцоогоо шинэчлэхийг ГБХНХЯ мэдээллээ.