Өнөөдөр УЕП-ыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар хэлэлцэнэ. УЕП-ыг томилсны дараа АТГ-ын даргын асуудал ч мөн хэлэлцэгдэх биз. Өмнөх удаа Х.Энхжаргалыг АТГ-аас чөлөөлөх саналаа Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлсэн боловч “бүрэн эрхийн хугацаа дуусаагүй” гэдэг шалтгаанаар хойшилсон байдаг. Харин өнгөрөгч намар УИХ Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулснаар Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусч, чөлөөлөх асуудал нээлттэй болоод байгаа.
АТГ дээр одоо шалгагдаж буй хэргүүдээс нийгэмд хамгийн их дуулиан тарьсан нь УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын оролцсон ЖДҮХС-гийн зээлийн асуудал. АТГ энэ хэрэгт УИХ-ын 49 гишүүн оролцсон гэж зарласнаас хойш хэсэг хугацаа өнгөрлөө. Өнгөрөгч долоо хоногт зээл авсан 49 гишүүнийг “Өдрийн сонин”-д зарласны дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нар энэ мэдээлэлд залруулга хийж, уг зээлийн өөрсдийн болон өөрсдийн хамааралгүй бүхий компани, этгээдэд аваагүй, тойргийнхоо ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор ЖДҮХС-д хүсэлтийг нь уламжилснаас өөр хийсэн зүйлгүй хэмээн бичсэн байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Амгалан өөрийн пэйж хуудсанд “Төмсчин, хүү, ЖДҮ бид гурав” нэртэй мэдээллийг хоёр өдрийн өмнө оруулжээ. Энд ”Миний нэр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төмсчин хүүтэй нэр холбогдсон бололтой. Үнэн нь энэ хүү миний нэр дээр өргөдөл өгч Төмсний үрийн агуулах барих, төмс тариалах төслөө ЖДҮХС-д өгөхөөр шийдсэнээ бичээд, албан бичгээр дэмжихийг хүссэн юм. Би дэмжсэн бичиг явуулсан. Төмсчин хүүгийн төсөл 200 сая төгрөгөөр дэмжигдсэн нь нүдээ олсон. Гэвч дэмжигдсэнийг нь сүүлд мэдсэн. Энэ тухай АТГ-аас надад мэдэгдэж, мэдүүлэг авсан... Хувийн ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхол хоёрын дунд асар том орон зай бий. Түүнийг олж харж чаддаггүй АТГ-д талархал илэрхийлье. Нэр хугарахаар яс хугар...” гэх мэтчилэн бичсэн байна.
Хэрвээ Л.Энх-Амгалан гишүүний бичсэн энэ үнэн бол АТГ-аас зарлаад байгаа УИХ-ын 49 гишүүний ЖДҮ зээлийн хэрэг хэр бодитой, эсвэл хуудуутай байж таарах вэ? Ажил мэргэжлийн алдаа юу, эсвэл улс төрийн “шантааж” уу?
Үүнийг тодруулах үүднээс Л.Энх-Амгалан гишүүнтэй холбоотой дээрх баримтыг сөхөж үзэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нэр дээр бүр 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн М.Мөнхдөлөөс бичгээр хүсэлт ирсэн байдаг юм байна (уг бичгийг УИХ-ын гишүүн өөрийн “Энх-Амгалан Лувсанцэрэн” пэйж хуудастаа тавьсан). Энд М.Мөнхдөл нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрж өссөн, тавдугаар ангиасаа эхлэн өөрийн ээж, ах, эгч нартайгаа сумандаа төмс, хүнсний ногоо тариалж, намар нь борлуулан аж амьдралаа авч явж ирсэн. Одоо энэ ажлаа төрсөн эгч, хадам аав, ээж нар болон нутгийн иргэдтэй хамтран өргөжүүлж, Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумын иргэдийн хүнсний ногооны хэрэглээг дангаар хангах хэмжээнд хүрээд байгааг танилцуулсан байна.
Мөн хүнсний ногоо хадгалах зоорь, байр сав дутагдалтай байгаагаас хураасан төмсөө намартаа ченжүүдэд хямдаар өгч, олсон ашгаа хаврын тариалалтаар тавьсан өр (мэдээж бусад жижиг дунд бизнес эрхлэгчдийн нэг адил ББСБ, хувь зээлээр аргацааж ирсэн), оюутны төлбөр гэх аар саар хэрэглээнд зарцуулаад дуусдаг тул зориулалтын зоорь, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахын тулд ЖДҮХС-гийн зээлд хамрагдах хүсэлтэй байна гээд үүнийг нь тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд дэмжиж, уламжилж өгөхийг хүссэн байдаг.
Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2018 оны дөрөвдүгээр сард Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Буман сор” хоршооны хөргүүртэй агуулах, Тосонцэнгэл сумын “Ардын цэнгэл” хоршооны “Сайн тэмжээл”, Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн М.Мөнхдөлийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд хэрэгжүүлж байгаа “Үрийн төмсний загвар аж ахуй байгуулах” гэсэн гурван төслийг орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт батлагдсан бодлогод нийцэж байгаа тул ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр дэмжиж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү хэмээн сайд Б.Батзориг, сангийн захирал С.Төгсбилэг нарт албан бичгээр хандсан байдаг.
Гэвч Л.Энх-Амгалан гишүүний уламжилсан гурван төслөөс эхний хоёр нь төслийн шаардлага хангаагүй, материалын бүрдэлд дутуу хэмээн хасагдсан тухай ЖДҮХС-гаас тухайн үед нь хариу ирүүлжээ. Харин Тосонцэнгэл суманд “Үрийн төмсний жишиг аж ахуй байгуулах” төсөл дэмжигдэж 2018 оны зургадугаар сард 240 сая төгрөгийн санхүүжилт авсан байна.
Энэ тухай төсөл хэрэгжүүлэгч 2018 оны зардлын тайландаа:
-ОХУ-д үйлдвэрлэсэн Беларус 80.1 трактор 52.350 сая төгрөг
-Газар хагалагч ОХУ-д үйлдвэрлэсэн 5.400 сая төгрөг
-5 тонны хуучин чиргүүл /ОХУ-д үйлдвэрлэсэн/ 8 сая төгрөг
-50 тоннын нүхэн зоорь /блокоор өрж шилэн хөвөнгөөр доторлосон/ 15 сая төгрөг
-Ажилчдын цалин 17,6 сая төгрөг... гэх мэтчилэн тусгажээ. Төслийн үр дүнд арав гаруй хүн байнгын ажлын байртай болсон байна.
Харин УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой ЖДҮ зээлийн хэрэг мандсаны дараа буюу 2018 оны арванхоёрдугаар сард АТГ-аас ирж Л.Энх-Амгалан гишүүнээс мэдүүлэг авсан байна. Энэ дагуу нь АТГ-ын дарга Х.Энхжаргалын нэр дээр хүргүүлсэн хариу тайлбартаа,
“...Иргэн М.Мөнхдөлийн төсөл шийдвэрлэгдсэн эсэх талаар ЖДҮХС-гаас миний нэр дээр хариу ирүүлээгүй бөгөөд тус иргэнтэй миний зүгээс өөрийн болон өөрийн хамаарал бүхий компани, хамаатан садан, ах дүүсийн ямар нэгэн холбоогүй болно. Иргэд сонгогчдын хүслийг үндэслэн дээрх сангуудад хүргүүлсэн миний албан бичгүүдэд ”иргэд, аж ахуй нэгжийн тавьсан хүсэлтийг судлан үзэж, холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэх” гэдэг үгийг байнга тодотгодог бөгөөд энэ нь ирсэн хүсэлтийг УИХ-ын гишүүнээс хараат бус, бие даан шийдвэрлэх боломжийг хангаж өгсөн гэж үзэж байна” гэжээ.
Энэ бол 2018 оны арванхоёрдугаар сарын 26-нд явсан албан бичиг. Үүнээс хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад АТГ энэ асуудлыг хаагаагүй байна гэдэг бас л сонин хэрэг. УИХ-ын гишүүн тойргийнхоо иргэний хүсэлтийг хүлээж аваад цааш нь уламжлах бол зүй ёсны асуудал. Тийм ч үүрэгтэй. Харин өөрийнхөө болон хамаарал бүхий компанидаа давуу байдал олгож, бусдын боломжийг хулгайлна гэдэг бол гэмт хэрэг. Үүнийг АТГ мэдэхгүй байсан ч (мэдэх л ёстой л доо, нохойтож байхгүй юу) бусад нь мэднэ.
Намрын чуулган завсарлах, хаврын чуулган эхлэх хугацаанд ЖДҮ зээл авсан албан тушаалтнуудыг эсэргүүцэх иргэдийн хөдөлгөөн идэвхижиж, хөдөө орон нутагт ажиллаж, сүүлийн гурав хоног нийслэлийн төв талбай, төрийн ордонг тойрон жагсаж цуглалаа. Өнөөдөр АН-аас мөн ЖДҮ, 60 тэрбумыг эсэргүүцсэн эсэргүүцлийн цуглааныг Эрх чөлөөний талбайд зохион байгуулж байна.
ЖДҮ-г эсэргүүцэх иргэдийн эсэргүүцэлтэй хамт түүнийг шалгаж байгаа хуулийн байгууллагуудын ажиллагаа, ажлын үр дүн олон нийтийн сонирхол татаж, хүлээлт үүсгээд байгаа. Гэтэл үүн дээр таван сар гаруй ажилласан АТГ нь “УИХ-ын тэдэн гишүүн чинь зээлтэй шүү” гэж том дуугарчихаад хавтаст хэргээ ардаа нуугаад, хий хоосон сенсаациар хүмүүсийг төөрөгдүүлээд байж болох уу?
Ядаж л яг хэдэн ЖДҮ-чинтэй болсон, хэн нь хэдийг идэж уусан бэ? гэдгийг ил тод хэлэх цаг аль хэдийн болсон байна. Ялангуяа АТГ-ын дарга ажлаа өгөхөөсөө өмнө үүнд хариулт хэлээд явах ёстой болов уу. Адгийн наад зах нь ЖДҮ, ЖДҮ-чин хоёроо эртхэн ялгаж, салгахгүй бол удахгүй бүгдээрээ, дараачийн дарга нь ирэхээр "Би ч гэсэн тойрогтоо хөрөнгө оруулсан" гээд далимдуулаад гараад явахыг хэн мэдлээ.
Б.ЗАЯА