Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ) нь Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвтэй хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тогооч нарт зориулсан "Хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх хөтөлбөр"-ийн хоёрдугаар ээлжийн сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн нийт 110 тогооч хамрагдаж байгаа бөгөөд сургалт 2025 оны 1-р сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Сургалтын хөтөлбөр нь Монгол, Солонгосын мэргэжлийн багш нарын хамтран боловсруулсан 120 цагийн онол, дадлага хосолсон агуулгатай бөгөөд дараах сэдвүүдийг хамарна:
-
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааны төлөвлөлт, менежмент
-
Бага насны хүүхдийн өсөлт хөгжлийн онцлог, хооллолтын байдал, шим тэжээл, эрүүл мэндийн асуудлууд
-
Эрүүл ахуй, аюулгүй байдлын менежмент (хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ)
-
Хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн хяналт
-
Хоолны газрын менежмент (тоног төхөөрөмжийн төлөвлөлт)
-
Хоол үйлдвэрлэлийн үндсэн ойлголт, технологийн боловсруулалт
-
Шим тэжээлийн үндсэн ойлголт
Сургалтыг амжилттай төгссөн тогооч нарт ирцийн үнэлгээ, шалгалтын онооны нэгдсэн дүнгээр гэрчилгээ олгох юм.
Энэхүү мэргэшүүлэх сургалт нь хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх, тогооч нарын ур чадварыг сайжруулахад чухал ач холбогдолтой бөгөөд цаашид үе шаттайгаар зохион байгуулагдах төлөвтэй байна.