Өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Баярмаа, А.Ундраа нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Хуулийн төслийн гол зорилго нь гүйцэтгэх ажлыг хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны хүрээнд хянах парламентын механизмыг бүрдүүлэх явдал гэж хууль санаачлагчид тайлбарлав.
Х.Тэмүүжингийн хэлснээр, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах, мөрдөн шалгах, ял эдлүүлэх байгууллагууд гүйцэтгэх ажил (мөрдөн шалгах нууц ажиллагаа) явуулдаг. Энэ үйл ажиллагаа өндөр түвшний нууцлал шаарддаг тул нээлттэй тайлагнах боломжгүй байдаг ч хүний эрхийг хамгаалах зохицуулалттай байх ёстой гэж үзжээ.
Хуулийн төсөлд:
- Гүйцэтгэх ажлын (мөрдөн шалгах нууц ажиллагааны) хуулийн биелэлтэд хяналт тавих асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах
- Парламентын хяналтын тусгай чиг үүрэг бүхий дэд хороо байгуулах
зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар УИХ Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэх ажилд парламентын хяналт тавих боломжтой болж, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах механизм бий болно гэж хууль санаачлагчид үзэж байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар