Өнгөрсөн онд банкуудын зээл олголт 37 хувиар нэмэгдэж, банкны салбарын актив 23 хувийн өсөлттэй байжээ. Энэ нь банкууд бизнесийг дэмжих бодлого баримталсны үр дүн гэж Монголын банкны холбоо мэдээлэв. Зээлийн өсөлттэй холбоотойгоор банкуудын чанаргүй зээлийн харьцаа сүүлийн 15 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн байна. Түүнчлэн, системийн таван банк 2024 онд нийт 530 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах төлөвтэй байна.
Гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл
Гадаад худалдааны тэнцэл өмнөх оноос 30 хувиар багассан бөгөөд үүнд нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч үнийн уналт нөлөөлжээ. Нөгөөтэйгүүр, машин тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүний импорт өссөн нь гадаад худалдааны алдагдлыг нэмэгдүүлсэн байна. Гэсэн ч нийслэл, банкуудын босгосон бонд, зээлийн эх үүсвэр нөлөөлснөөр төлбөрийн тэнцэл 622 сая ам.долларын ашигтай гарсан байна.
Төсвийн алдагдал нэмэгдэв
Хоёр сонгуулийн нөлөө, улсын төсвийн тодотголтой холбоотойгоор төсвийн зарлага өмнөх оноос 35 хувиар нэмэгдэж, ДНБ-ийн 38 хувьд хүрсэн байна. Үүний улмаас төсвийн тэнцэл 776 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар:
- "Улсын төсөв, урсгал дансны хос алдагдал эдийн засгийн тогтвортой байдалд сорилт учруулж байна."
- "Инфляц оны сүүлийн хагаст огцом нэмэгдэж, бодлогын хүүг нэмэхээс өөр аргагүй болсон."
Эдийн засгийн сорилтууд ба шаардлагатай арга хэмжээ
Цаашид уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хэт найдсан төсвийн төлөвлөлт хийх нь эрсдэлтэй гэж эдийн засагчид үзэж байна.
Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг:
- "Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт шалгалтыг сайжруулж, урт хугацааны төлөвлөгөөтэй уялдуулах шаардлагатай."
- "Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын төсвийг нэгтгэн, мега төслүүдийн нөлөөллийг тооцон уялдуулах хэрэгтэй."