Өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
УИХ нь хянан шалгах бүрэн эрхээ хараат бус, бодитой, иж бүрэн мэдээлэлд тулгуурлах, ард түмний нийтлэг ашиг сонирхлыг дээдлэх, ил тод байх зарчимд үндэслэн хэрэгжүүлэх ёстой. Үүний дагуу 2024 оны арванхоёрдугаар сард баталсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд хянан шалгах түр хороог байгуулах зохицуулалт тусгагдсан.
Гэвч хууль санаачлагчдын үзэж буйгаар УИХ-ын олонхыг бүрдүүлж буй улс төрийн хүчин хянан шалгах түр хорооны олонхыг бүрдүүлэхийн зэрэгцээ түр хорооны даргыг мөн олонхоос сонгож байгаа нь түр хороо байгуулсан ач холбогдлыг бууруулж байна гэжээ.
Хуулийн төслийн гол өөрчлөлтүүд
- Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар цөөнхийн бүлгийн төлөөллөөс сонгох.
- Цөөнхийн бүлэг байхгүй бол цөөнхийн төлөөллөөс сонгох зохицуулалт оруулах.
Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын хянан шалгах чиг үүрэг бүхий түр хорооны үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох ач холбогдолтой гэж хууль санаачлагчид онцолсон байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар