Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-д хийж буй айлчлалынхаа хоёр дахь өдөр Оросын парламентын дээд танхим болох Холбооны зөвлөлд үг хэлж, Орос-Беларусийн холбооны улс байгуулах асуудал, хоёр дахь АЦС барих төлөвлөгөө, нэгдсэн валютын боломж зэрэг сэдвүүдийг хөндлөө.
Беларусь, Оросын харилцааны талаар
Лукашенко Беларусь улс Оросыг ямагт сонгоно гэдгийг онцолж, “Орос ч мөн адил манай улсыг ганцааранг нь үлдээхгүй” хэмээн мэдэгдэв.
Беларусь Оросын бүрэлдэхүүнд орох уу?
Оросын бүтцэд нэгдэх эсэх талаар Лукашенко:
- “Беларусь, Орос аль хэдийн бие биетэйгээ уялдаатай. Гэхдээ нэгдэн нийлэх асуудлыг яаруу шийдвэрлэх нь бүх хийсэн ажлыг сүйтгэж болзошгүй” гэжээ.
Нэгдсэн валютын асуудал
Беларусь, Оросын нэгдсэн валютын талаар тэрээр:
- “Бид Төв банк, Үндэсний банкныхаа мэргэжилтнүүдээр энэ асуудлыг судлуулсан. Гэвч хэдэн сарын дараа хэрэггүй гэсэн дүгнэлт гарсан” хэмээн дурдаж, энэ санаачилгыг анх Оросын Төв банк л эсэргүүцсэн гэдгийг тодотголоо.
Беларусь хоёр дахь АЦС барихаар төлөвлөж байна
Лукашенко Беларусийн зүүн бүсэд хоёр дахь АЦС барих хүсэлтээ Оросын талд тавьсан гэдгийг мэдэгдэв. Тэрээр:
- “Бид бүх барилгын ажлыг өөрсдөө хийх бөгөөд зөвхөн цөмийн реактор, турбиныг л Оросоос авах шаардлагатай” гэж онцолсон байна.
- Шинэ АЦС нь шаардлагатай тохиолдолд ОХУ-ын Брянск мужийг цахилгаанаар хангах боломжтой байх аж.
Өндөр технологийн паркийн сургамж
Лукашенко Беларусийн Өндөр технологийн паркийн алдаа, сургамжийн талаар дурдсан бөгөөд тэрээр:
- “Бид сайн нөхцөл бүрдүүлж, Орос болон Европын шилдэг мэргэжилтнүүдийг татсан ч 2020 оны үймээний үед тэд засгийн газрын эсрэг зогссон” гэжээ.
- Энэ байдлыг гадаадын компаниудын нөлөөтэй гэж үзэж байгаа ч "Одоо нөхцөл байдал өөрчлөгдөж байна" хэмээн тодотголоо.
Лукашенкогийн энэ айлчлал нь 2024 оны нэгдүгээр сард хийсэн ОХУ дахь төрийн айлчлалаас хойших анхны гадаад айлчлал болж байна.
Эх сурвалж: Office Life Media