Өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Өмгөөллийн тухай хуулийн 8.6.3 дахь заалт нь хуульчийг өмгөөлөгчийн шалгалтад оруулахаас татгалзах нөхцөлд “өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа” гэж заасан байдаг.
Хуулийн төслийг санаачлагч Г.Уянгахишиг:
- Энэ зохицуулалт нь хуульчийн эрхийг зөрчиж, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлаж байгаа тул уг заалтыг хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байна.
Хуулийн төсөл батлагдсанаар хуульчид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн шалгалтад ямар нэгэн хууль бус хязгаарлалтгүйгээр хамрагдах боломжтой болно гэж хууль санаачлагчид үзэж байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар