АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 69 дүгээр чуулганд Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Чуулганд 180 гаруй орны 12 мянга гаруй төлөөлөгч оролцож, Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийн өнгөрсөн 30 жилийн хэрэгжилтийг хэлэлцэн, цаашид баримтлах улс төрийн тунхаглалыг баталсан байна. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлууд, технологийн хөгжил, цахим бэлгийн мөлжлөгтэй тэмцэх, улс төрийн оролцоо, манлайлал, эдийн засгийн оролцоо, бизнес эрхлэлтийг дэмжих зэрэг өргөн хүрээний сэдвээр хэлэлцүүлэг өрнөв.
Мөн энэ үеэр Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг бүлгээс зохион байгуулсан өндөр түвшний дугуй ширээний уулзалтад Монголын төлөөлөгчид үг хэлж, байр сууриа илэрхийллээ.