Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Азийн хамгийн хүчирхэг сагсан бөмбөгийн лигүүдийг нэгтгэдэг East Asian Super League (EASL)-ийн 2025-2026 оны улиралд Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн аварга багийг оролцуулахаар болсныг зохион байгуулагчид өнөөдөр албан ёсоор зарлалаа.
Энэхүү нэр хүндтэй лигт Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Филиппин, Макао, Хонконгийн лигийн аварга багууд оролцдог бөгөөд Монголын 2024-2025 оны улирлын аварга баг ирэх есдүгээр сард эхлэх Зүүн Азийн супер лигт өрсөлдөхөөр тодорсон байна.
EASL нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ноос хүлээн зөвшөөрөгдсөн, бизнес загварт суурилсан мэргэжлийн лиг юм. Тэмцээний хэсгийн шатанд багууд зургаан тоглолт хийх бөгөөд гурвыг нь өөрийн талбайд, гурвыг нь зочлон тоглоно. Шагналын сан нь 2.5 сая ам.доллар бөгөөд багууд хожлын бонус зэрэг санхүүгийн нэмэлт боломжийг ч хүртэх юм. Монголын Үндэсний дээд лигийн аварга багт энэ тэмцээнд оролцсоноор Азийн шилдэг багуудтай өрсөлдөхөөс гадна санхүүгийн хувьд ч нэмэлт орлого олох өргөн боломж нээгдэж байна.
Зүүн Азийн супер лиг нь 18 улсад шууд дамжуулагддаг бөгөөд нэг тоглолтыг дунджаар найман сая үзэгч үздэг байна. Энэ нь Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд том түлхэц болж, эх орноо олон улсад сурталчлах чухал платформ болох юм.
Тэмцээний албан ёсны хуваарь энэ оны зургаадугаар сард тодорхой болох бөгөөд есдүгээр сараас урьдчилсан шатны тоглолтууд эхэлнэ. Монголын багууд олон улсын түвшинд өрсөлдөх нь спортын салбарт шинэ хуудсыг нээж, хөгжлийн шинэ боломжуудыг авчрах ач холбогдолтой юм.