x

Бямба гаригт хүндэтгэлийн чуулган хуралдана

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой 2023 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, хүндэтгэлийн чуулганыг арванхоёрдугаар сарын 9-ний өдөр зарлан хуралдуулахаар болсон байна.

Хүндэтгэлийн хуралдаан бямба гаригт Төрийн ордны "Их Хуралдай" танхимд 11:40 цагт эхэлна.

ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалжээ.

1 дүгээр зүйл

Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой.

2 дугаар зүйл

Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой. Мөн түүнчлэн тухайн хүнийг харьяалдаг улс буюу нутаг дэвсгэрийн улс төр, эрх зүй болон олон улсын статус ямар ч байлаа гэсэн, тухайлбал, тусгаар тогтносон буюу асрамжинд байгаа, өөрөө эс удирдах зэрэг бүрэн эрхт байдал нь ямар ч байдлаар хязгаарлагдмал байсан тэр нь ялгаварлах үндэс болох ёсгүй.

3 дугаар зүйл

Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй.

4 дүгээр зүйл

Хэнийг ч боолчлох буюу бусдын эрхшээлд байлгах ёсгүй. Аливаа төрлийн боолчлол болон боолын худалдааг хориглоно.

5 дугаар зүйл

Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй.

6 дугаар зүйл

Хүн бүр хаана ч байсан эрх зүйн чадвартай байх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй.

7 дугаар зүйл

Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчилалаас болон тийнхүү алагчилахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй.

8 дугаар зүйл

Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй.

9 дүгээр зүйл

Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй.

10 дугаар зүйл

Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй.

11 дүгээр зүйл

1. Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй.

2. Тухайн үед үндэсний буюу олон улсын хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл буюу эс үйлдлийг үндэслэж, хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй.

12 дугаар зүйл

Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй.

13 дугаар зүйл

1. Хэн боловч улсынхаа дотор чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй.

2. Хэн боловч аливаа улс орныг, түүний дотроо эх орноо орхин явах, эх орондоо эргэж очих эрхтэй.

14 дүгээр зүйл

1. Хэн боловч мөрдөлт мөшгөлтөөс зугтаж, өөр улсад орогнох боломжийг эрэлхийлэх болон орогнох эрхтэй.

2. Улс төрийн бус гэмт хэргийн улмаас буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилго, зарчимд харш хэрэг үйлдсэний улмаас зайлшгүй мөрдөгдөж буй тохиолдолд дээрх эрхийг эдлэж үл болно.

15 дугаар зүйл

1. Хүн бүр иргэний харьяалалтай байх эрхтэй.

2. Аливаа хүний иргэний харьяалал болон харьяаллаа өөрчлөх эрхийг дур мэдэн цуцлах ёсгүй.

16 дугаар зүйл

1. Насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс арьс үндэс, яс үндэс, шашин шүтлэгтэй холбогдсон аливаа хязгаарлалтгүйгээр гэрлэх, өрх тусгаарлах эрхтэй. Тэд гэрлэхдээ, гэрлэсний дараа болон гэрлэлтээ цуцлуулах үед тэгш эрх эдлэнэ.

2. Нөхөр, эхнэр болох хоёр хүн чөлөөтэй, харилцан бүрэн зөвшөөрсөн нөхцөлд гэрлэж болно.

3. Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж мөн бөгөөд нийгэм, төрөөр хамгаалуулах эрхтэй.

17 дугаар зүйл

1. Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй.

2. Хэний ч өмч хөрөнгийг дураар хураан авч болохгүй.

18 дугаар зүйл

Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэнд шашин буюу шүтлэгээ өөрчлөх эрх чөлөө, бие даан буюу бусадтай хамтран нийтийн өмнө болон хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны хийгээд зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөө багтана.

19 дүгээр зүйл

Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана.

20 дугаар зүйл

1. Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй.

2. Хэнийг ч аливаа эвлэл холбоонд албадан оруулах ёсгүй.

21 дүгээр зүйл

1. Хүн бүр улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй.

2. Хүн бүр улсдаа төрийн алба хаших тэгш эрхтэй.

3. Ард түмний хүсэл зориг бол засгийн эрх мэдлийн үндэс байх ёстой. Энэ хүсэл зориг нь сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хураах буюу саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр адил чанартай хэлбэрийг ашиглах замаар явуулж байвал зохих тогтмол, хуурамч бус сонгуулиар илрэлээ олно.

22 дугаар зүйл

Хүн бүр нийгмийн гишүүний хувьд нийгмийн хангамж эдлэх, түүнчлэн нэр төрөө хадгалах, биеэ боловсруулж хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ улс бүрийн бүтэц, нөөц бололцоотой уялдуулан үндэсний хүч чармайлт хийгээд олон улсын хамтын ажиллагааны замаар хэрэгжүүлэх эрхтэй.

23 дугаар зүйл

1. Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, аятай нөхцлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй.

2. Хүн бүр ямар ч алагчилалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах эрхтэй.

3. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч явахад хүрэлцэхүйц бөгөөд зайлшгүй тохиолдолд нийгмийн хангамжийн эх үүсвэрээр нэмэн арвижуулсан, хийсэндээ таарсан, хүртээмжтэй шан хөлс авах эрхтэй.

4. Хүн бүр эрх ашгаа хамгаалах зорилгоор үйлдвэрчний эвлэл байгуулах буюу үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхтэй.

24 дүгээр зүйл

Хүн бүр ажлын цагаа зохистойгоор хязгаарлуулах, цалинтай ээлжийн амралт эдлэх эрхийг оролцуулан амрах, зав чөлөөтэй байх эрхтэй.

25 дугаар зүйл

1. Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй. Ажилгүйдэх, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх, эсхүл өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй.

2. Эх нялхас онцгой асрамж, туслалцаа авах эрхтэй. Баталгаатай гэр бүлээс гарсан буюу бутач гэдгээс үл хамааран бүх хүүхэд нийгмээс адилхан хамгаалалт эдлэх ёстой.

26 дугаар зүйл

1. Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Наад зах нь анхан шатны болон ерөнхий боловсрол үнэ төлбөргүй байвал зохино. Анхан шатны боловсролыг заавал эзэмшүүлэх ёстой. Техникийн болон тусгай мэргэжлийн боловсрол нийтэд хүртээлтэй байх ёстой. Авъяас чадвартай нь уялдан хүн бүрт дээд боловсрол эзэмших боломж адилхан хүртээлтэй олгох ёстой.

2. Боловсрол нь бие хүнийг өв тэгш хөгжүүлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг улам бүр хүндэтгэдэг болоход чиглэх ёстой. Боловсрол нь аливаа улс түмэн, янз бүрийн арьстан хийгээд шашны бүлгүүд бие биеэ харилцан ойлгох, хүлцэн тэвчих, эвсэн найрамдах, мөн түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас энх тайвныг сахиулах талаар явуулж буй үйл ажиллагаанд дөхөм үзүүлэх ёстой.

3. Хүүхэддээ олгох боловсролын чиглэлийг сонгоход эцэг эх давуу эрх эдлэнэ.

27 дугаар зүйл

1. Хүн бүр нийгмийнхээ соёлын амьдралд чөлөөтэй оролцох, урлагийн цэнгэлийг эдлэх, шинжлэх ухааны дэвшилд оролцож үр шимийг нь хүртэх эрхтэй.

2. Хүн бүр өөрийн туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны бүтээлийн материаллаг болон ёс суртахууны эрх ашгаа хамгаалуулах эрхтэй.

28 дугаар зүйл

Хүн бүр энэхүү Тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг бүрэн эдлэж болохуйц нийгмийн болон олон улсын дэг журамд аж төрөх эрхтэй.

29 дүгээр зүйл

1. Хүн бүр нийгмийнхээ өмнө тодорхой үүрэг хүлээх бөгөөд гагцхүү нийгэм л бие хүний чөлөөтэй, өв тэгш хөгжлийг хангана.

2. Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй.

3. Эдгээр эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилго, зарчимтай хэрхэвч зөрчилдүүлж болохгүй.

30 дугаар зүйл

Энэхүү Тунхаглалын ямар ч зүйлийг аль нэг улс, бүлэг буюу бие хүний зүгээс энд тунхагласан эрх, эрх чөлөөг устгахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа явуулах буюу тийм үйлдэл хийх эрх олгож байгаа мэтээр мушгин тайлбарлаж болохгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 1 цаг 7 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 18 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 22 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 27 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 34 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 40 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 52 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 54 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 58 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 2 цаг 1 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 2 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 11 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 33 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 17 цаг 7 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 55 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 19 цаг 11 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 24 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 40 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 53 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 36 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top