УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар "Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль"-ийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-"Газар чөлөөлөлтийн асуудал чухал. Гэхдээ хүний эрх зөрчигддөг. Газар чөлөөлөлтөд өртөөд газраа өгсөн иргэд олон жил нөхөн олговор аваагүй, орон сууцандаа орж чадахгүй тохиолдол байсан. Зарим нь өнөөдрийг хүртэл энэ хохирлоо барагдуулж чадаагүй. Газраа чөлөөлж байгаа иргэдийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг үндэслэх нь чухал.
Чөлөөлөлтөд өртөж байгаа иргэдийн 70 хувийн саналыг авна гэсэн дэвшилттэй заалт энэ хуулийн төсөлд байна. Газар чөлөөлөлтийн нөхөн олговрыг зөвхөн журмаар зохицуулж байгаа нь учир дутагдалтай. Иргэн хувийн компанитай учраа олж, өөрөө нөхөн олговор олж авдаг. Энэ нь асуудал болдог. Орон байргүй болсон иргэдийн жишээ давтагдах вий гэсэн болгоомжлол байна"гэв.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг:
-"Хуулиар эрх олгогдоогүй байхад хүний эрхэд халддаг байдал манай улсад маш их бий. Гэр хорооллыг дахин төлөвлөх асуудал хууль эрх зүйн хүрээнд орж ирсэн. Гэхдээ төр оролцохгүй иргэдийг аж ахуйн нэгжтэй шууд харьцаарай гэхээр олон айл хохирч байна.
Ямар хэмжээний нөхөн олговрыг хэн хэзээ олгох вэ гэдэг асуудал бий. Хүний эрхийг хангасан журмуудыг батална" гэв.