Улаанбаатар хотод шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.
Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Архангай, Баянхонгорын нутаг, маргааш өдөр Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар их хэмжээний бороо орох талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, өнөө шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18, 20-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 17, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
ХҮЛЭЭ, БҮҮ ГАТАЛ, ӨНДӨРЛӨГ ГАЗАР ОЧ, ТЕХНИКТ БҮҮ НАЙД, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ҮНЭЛ!!
Улсын Онцгой Комиссоос гаргасан зөвлөмжийг хүргүүлж байна.
- Гүехэн ус ч урсгал хурдтай, бодсоноос аюултайг анхаар
- Таны амь наснаас илүү үнэтэй зүйл, яаралтай ажил байхгүй
- Хэт халалт, халалтын дараах хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голуудын усны түвшин огцом нэмэгдэх, хуурай сайр, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдээд байна.
- Тиймээс амарч зугаалж байгаа аялагчид, жижиг гол, хуурай сайрын сав газар хийгээд татам, эрэг хөвөө дагуу суурьшсан ард иргэдийг гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.