УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тухай, 2019 оны нэгдсэн төсвийн дагалдах хуулиудын хүрээнд Сангийн сайд болон холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг сонссоны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, гишүүн Б.Пүрэвдорж нарын хамт мэдээлэл хийлээ.
Ханш, шатахууны үнийн өсөлтөөс хамаарч барааны үнэ өсч байхад Засгийн газар хариулт өгч чадахгүй байна
-2019 оны нэгдсэн төсөв Төсвийн тухай хуулийн 22 дугаар заалтыг зөрчиж байна. Гадаадын зээл тусламжийн хөтөлбөр, төслүүд төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжиж хэрэгжих ёстой ганцхан сайдад төвлөрүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл. 2019 оны төсөв орлого талаасаа ч, зарлага талаасаа ч тэр маш өндөр. 2020 оны сонгуульд зориулагдсан хэт хөөсөрсөн төсөв байна. Иймэрхүү нөхцөл байдал 2010-2011 онд эдийн засгийн огцом өсөлтийн үед илэрч, инфляцийн огцом өсөлт, үнийн огцом хөөрөгдөлт бий болсон. Энэ байдал 2019 онд давтагдах нөхцөл үүсч байна. Ялангуяа 11 их наядын зардал улс орны өнөөгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Төсвийн өндөр зардал, орлогын хэмжээгээр өнөөдрийн Монгол Улсын эдийн засаг дахь бүтээгдэхүүний үнэ, инфляцийн өсөлт, ам.долларын ханш сүүлийн ганцхан сарын дотор маш том хэлбэлзэж байгаа нь том жишээ. Ирэх жилийн төсөвт тусгагдах ёстой хэд хэдэн зүйл ойлгомжгүй хэвээр үлдэж байна. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрийн сангаар дамжуулсан ажлын байрыг ямар бодлогоор цаашид нэмэгдүүлэх нь тодорхойгүй. УИХ-ын даргын индэр дээрээс хэлсэн “урсгал зардлыг нийт 10 хувиар багасгах ёстой” гэсэн ч эсрэгээрээ орж байна.
Ханшийн асуудлаар Засгийн газрын гишүүнээс асуусан боловч "Монгол банк үүнийг хариуцна" гэсэн битүү хариулт өгсөн. Засгийн газар, Монголбанкны хооронд уялдаа холбоогүй байгаагаас болж эдийн засагт үл ойлгогдох байдал үүссэн. Ганцхан сарын дотор ам.долларын ханш 22 төгрөгөөр хэлбэлзлээ. Дизель түлшний үнэ нэг сарын өмнө 2125 байсан бол өнөөдөр 2245, АИ92 бензиний үнэ сарын өмнө 1820 байсан бол өнөөдөр 1885 бол 65 төгрөгөөр, АИ95 бензиний үнэ 2160-аас 2215 болж 55 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Үнийн энэ огцом хөөрөгдөлд ард түмний нуруун дээр ачаа болж очиж байна. Үнийг дагаад хэрэглээний үнэ улам бүр өсч байхад Засгийн газар нь үүнд хариулт өгч чадахгүй байна.
С.Эрдэнэ: Сангийн сайдаас яг ямар өрийг дарж, барагдуулныг асуухаар хэлж мэдэхгүй байна
Бүлгийн хурал дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болоод холбогдох газар хэлтсийн дарга нар оролцож, 2019 оны төсөвтэй холбоотой асуудлаар ярилцлаа. Өнөөгийн Засгийн газрын хувьд маш их мөнгөтэй баян Засгийн газар байгаа. Харамсалтай нь Засгийн газар бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байна. Нийгэм эдийн засгийн зөв хуваарилалтуудыг хийж чадахгүй байгаагаас болж өнөөдөр нийгэмд дандаа сөрөг үр дагаврууд гараад байна. 2016 онд 1.2 хувийн инфляцитай эдийн засаг хүлээлгэж өгсөн бол өнөөдөр 9 хувьд хүрчихлээ. Бензин шатахууны үнэ яаж нэмэгдэж байгааг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Өнгөрсөн шөнө гэхэд л 60 төгрөгөөр нэмэгдсэн байна. Монголбанкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаасны өр авлагуудыг харахаар 4 их наяд 554 төгрөг хүрч өссөн дүнтэй байна. Энэ бүгдээс харахад Сангийн сайдын яриад байгаа зүйлд итгэх итгэл туйлын бага байна. 2017 онд Улсын төсвийг 2.8 их наядын алдагдалтай, 2018 онд 2.4 их наядын алдагдалтай баталсан. Харин 2019 оны орж ирсэн төсөл 1.8 их наядын алдагдалтай байхаар орж ирж байна. Гурван жилийн нийлбэр дүнгээр аваад харахаар 7 их наяд төгрөгийн алдагдалтай төсвүүд батлагдсан байна. Төсвийн алдагдал гэдэг бол өр. Гэтэл ийм их өр үйлдвэрлэчихээд, Засгийн газрын үнэт цаас болон Монголбанкны үнэт цаасны 2016 онтой харьцуулсан дүн нь 4 их наяд гаруй төгрөгөөр өссөн дүнтэй байгаа. Гэтэл Сангийн сайд маань бараг өргүй болсон гэдэг худлаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Өнөөдөр бүлгийн хурал дээр өрийн асуудлаар тодруулж асуусан. Та Ардчилсан намын Засгийн газар тавьсан өрийг дарж, барагдуулсан гэж. Сангийн сайд хэлж мэдэхгүй суугаад байна. Ийм хий хоосон улс төржиж асуудалд ханддаг хүн цаашдаа Сангийн сайд байж болохгүй гэж харж байгаа. Тиймээс Сангийн сайдтай тооцох хариуцлагыг бид нэхнэ.
Б.Пүрэвдорж: 80 сая ам.доллараар махны үйлдвэр шахах гэж байна
-2019 оны төсөв дээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тал дээр нэг ч төгрөгийн төсөв суулгаагүй байна. Үе үеийн Засгийн газар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмждэг байсан. Гэтэл төсвийн орлогын 82 хувийг татвараар бүрдүүлнэ гэж байгаа юм. НӨАТ-ын систем ажилд орсоноор далд орлого ил болсон. Үүнтэй холбоотойгоор жижиг дунд үйлдвэрээсээ татвар хураалт сайн байгаа. Тэгвэл ажил нь явахгүй байгаа нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж татварын бааз суурийг нэмэгдүүлэх тал дээр ажиллах ёстой. Харамсалтай нь энэ ажлаа Засгийн газар, Сангийн яам хийж чадсангүй. Одоо гайгүй үйл ажиллагаатай байгаа аж ахуйн нэгжүүдийг харахаар Чингис бонд, Хөгжлийн банкнаас зээл авсан л газрууд байгаа. 750 мянган иргэн малынхаа үр шимээр амьдарч байгаа. Тиймээс ч махны үйлдвэрлэлийг дэмжих тал дээр ямар бодлого байгаа эсэхийг тодруултал энэ талын бодлого огт алга. Харин Хятадын зээлээр дөрвөн үйлдвэр барьж байна гэж хариулсан. Гэтэл нэг үйлдвэрийг нь 18.9 сая ам.доллар буюу нийтдээ 40 тэрбум төгрөгөөр нэг үйлдвэр барина гэсэн үг. Энэ хэмжээний үйлдвэрийг 4.8 тэрбум төгрөгөөр буюу 10 дахин бага төсвөөр барина. 80 сая ам.доллараар дөрөвхөн үйлдвэр барьж шахах биш зөрүү мөнгөөр нь махны үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулах боломжтой асуудал.
-Шатахууны үнэ нэмэгдсээр байна. Ямар арга хэмжээ авах ёстой вэ?
Д.Эрдэнэбат: Шатахууны үнэ өөрөө валютын ханштай холбоотой зүйл. Тиймээс бид Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Энэ долоо хоногт УИХ-аар асуулгыг оруулж хэлэлцүүлэх гэтэл Монголбанк, Сангийн яам хоёр асуулгын хариу мэдээллийг бэлтгэж өгөөгүй байна. Ирэх долоо хоногт (энэ долоо хоногт) гол сэдэв байх болно. Хэрвээ Засгийн газар болон Монголбанк тодорхой хариу өгч чадахгүй валютын ханшийн хэлбэлзэл өсөөд байх юм бол бид Засгийн газрыг огцруулах асуудлыг дахин тавихаас өөр арга байхгүй. Монголбанкны бодлогын алдаатай зүйлийг хэлэхээс өөр арга байхгүй. Бид энэ сэдвээр бүх байгууллагатай харилцан ойлголцож ажиллаж, энэ төлөв байдлыг зөв зохистой зүйл руу оруулахад хамтарч ажиллах болно.
С.Эрдэнэ: Шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бүгд өсч байгаа. Гэтэл иргэдийн бодит орлого огт өсөхгүй, амьжиргааны өртөг өдөр ирэх тусам муудаж байна. Энэ нөхцөл байдлыг бид зүгээр хараад суухгүй. Эрх баригчдаас шаардах зүйлээ шаардаад явна. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл төрийн болон төрийн бус байгууллагууд, бусад улс төрийн намуудтай зөвшилцөөд, дараагийн улс төрийн шийдвэртэй алхмыг хийх болно.
"Ардчилал таймс" сонин