Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж өнгөрлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв. Хэвлэлийн хурлаар Монгол улсын нийгэм эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт болон засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцууллаа. Энэ оны эхний хагас жилийн байдлаар засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 47.2 хувьтай байна.
Тухайлбал :
- Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 55 хувь
- Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 39.8 хувь
- Нийгмийн бодлого 46.5 хувь
- Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 44.1 хувь
- Засаглалын бодлого 49.7 хувьтай байна.
Удаашралтай байгаа зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэн, 2018 оны эцсийн зорилтот түвшинд хүргэхийг бүх сайд болон холбогдох агентлагийн дарга нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Санхүү, хөрөнгө оруулалтаас шалтгаалан удааширч байгаа ажлыг улсын төсөвт тусгах, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар санхүүжүүлэх боломжийг судлах зэрэг арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Товч мэдээ
- “Олон улсын төмөр замын тээврийн зорчигч, тээш, ачаа тээшийг хилийн боомтоор нэвтрүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах тухай конвенци”-ийн төслийн талаар хэлэлцээ хийхийг сайд Я.Содбаатарт зөвшөөрөв.
- ”Үндэсний давхар даатгалын тогтолцоо бүрдүүлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компанийн нэрийг “Үндэсний давхар даатгал” компани болгон өөрчлөв. Гадаадын давхар даатгалд шилжүүлж байгаа эрсдэлийн тодорхой хувийг дотооддоо хариуцсанаар даатгалын зах зээлийн хэмжээ 3.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэх юм.
- Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 1938 ажил хийхээр төлөвлөснөөс хэрэгжилт 94 орчим хувьтай байна. Нүүрс нийлүүлэгч “Багануур”, “Шивээ-Овоо”, “Шарын гол” компанийн бэлтгэл ажлын явц дунджаар 76 хувьд хүрчээ. Өвлийн улиралд гэр хорооллын 154 мянган хэрэглэгч орой, шөнийн цагийн хөнгөлөлтөд хамрагдахаар байна. Нийслэлд халаалтын 68 уурын зуухыг буулгаж, улс, нийслэл, аж ахуйн нэгж, орон сууцны 139 барилгыг төвлөрсөн дулаанд холбож дуусгах юм. Ингэснээр энэ өвөл халаалтын 68 уурын зуух утаа ялгаруулахгүй болж байна.