Өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг АТГ-аас баривчилан саатуулжээ. Түүнийг сургуульд хүүхэд элсүүлэхдээ, өөр сургуулиас хүүхэд шилжүүлж авахдаа бусдаас хахууль авсан гэдэг үндэслэлээр саатуулсан байна. Г.Бум-Эрдэнэ нь баривчлагдах үедээ бусдаас хахууль авч байсан, хахууль өгсөн хүнийх нь хамт баривчилсан гэв.
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг ч мөн өнгөрөгч долоо хоногт шүүхийн шийдвэрээр 30 хоногийн хугацаатай баривчлан саатуулсан боловч чухам ямар үндэслэлээр саатуулсан нь тодорхойгүй, энэ талаар мэдээлэл хийгээгүй байна. Олон нийтийн таамаглаж байгаачлан “Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд тавьсан өр буюу “Жаст групп”-д баталгаа гаргасан асуудалтай холбоотой байх магадлалтай. Гэсэн ч манай АТГ-ынхан улс төрийнхний оролцоотой хэрэг дээр “хэлээ залгичихдаг” нь гэм биш зан. Хэдийд, ямар шалтгаанаар дуугарч эхэлдэг нь ч бас ойлгомжгүй.
ТӨХ-ны дарга асан Д.Сугарыг Цэцийн гишүүн байхад нь нэг удаа уг хэрэгт холбогдуулан мэдүүлэг авахаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавьж байсан ч Цэц “Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй” хэмээн хамгаалж үлдсэн. Зургадугаар сард Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусч, Цэцийн гишүүнээс чөлөөлөгдсөн ч АТГ дахин тэр хүний араас яваагүй.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард АТГ-ынхан Монгол Улсын сайд асан, Ерөнхий сайд асан гурван эрхмийг “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайханы хамтаар ээлж дараалан, ар араас нь баривчилгаа явуулсан. Тэднийг Оюутолгойн гэрээг байгуулах явцдаа “албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон, улсад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт буруутгасан билээ. “Их хэмжээний” гэдэг нь хэдий хэмжээний байж болох вэ гэдгийг хэлээгүй ч “Швейцарийн прокурорын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр” гэдэг үгийг байнга хэлж байсныг уншигчид санах байх.
Түүнээс хойш зургаар сарын хугацаа өнгөрч, хорионд байсан хүмүүс хугацаагаа дуусгаад “наранд” гарсан ч хэргийн шалгалтын явц юу болсон талаар АТГ нэг удаа ам нээсэнгүй. Нөгөө л сургуулийн захирал, эмнэлгийн дарга гэсэн ардаа хамгаалалтгүй “жижиг гарууд”-ад бяраа гаргасаар.
Албан ёсны эх сурвалжийн хэлснээр АТГ-аас гурван сайдыг баривчлан саатуулсны дараа УЕП-ын газраас хэд хэдэн удаа Швейцарийн прокурорт албан ёсоор хандаж, эдгээр хүмүүстэй холбоотой нууц данс бий эсэх, энэ талаар мөрдлөг явуулсан эсэх талаар тодруулахад “Манай улсын прокурорын байгууллага танай улстай хамтран ажиллах талаар гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй. Нууц дансны талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн байна.
Тэгэхээр АТГ-ын өмнөө бариад байсан “Швейцарийн прокуророос өгсөн мэдээлэл” гэдэг нь ихээхэн хуудуутай зүйл болж таарах нь. Харин тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалд тохируулан хийсэн улс төрийн нэг удаагийн акци байжээ гэж үзэхээс өөр аргагүй. Хэрэвзээ түүнээс хойш өнөөдрийг хүртэл хоёр улсын прокурорын байгууллага энэ хэрэг дээр хамтран ажилласан, манай зүгээс дэмжлэг авсан бол тэр талаараа одоо дуугарах цаг нь болсон.
Эцэст нь хэлэхэд АТГ-ынхны ажлаа явуулж буй байдал удах тусам улам бүр эргэлзээ төрүүлсээр байна.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (1)