Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Жаст групп" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Батхүүг дахин 15 хоног хорих шийдвэрийг өнөөдөр гаргажээ.
АТГ-аас түүнийг “Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдуулан энэ оны гуравдугаар сард баривчилсан билээ.
Мөн тухайн үеийн "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг өчигдөр шүүхээс гаргасан билээ.
“Жаст групп” ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан нийт зээлийн хэмжээний талаар Засгийн газраас гаргасан мэдээлэлд:
2009-2010 онд “Жаст групп” ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банк /цаашид “Стандарт банк” гэх/-аас авсан зээлийн нийт хэмжээг Лондонгийн Олон улсын Арбитрын шүүх дээр үүссэн арбитрын хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан гаргавал,
2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Жаст групп” ХХК нь Стандарт банктай 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 75,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн;
2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Жаст групп” ХХК нь Стандарт банктай дахин 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 34,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн.
Дээрхийг нэгтгэвэл, 2009-2010 онд “Жаст групп” ХХК Стандарт банкнаас нийт 109,000,000 ам.долларын зээл авсан байна.