УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болжээ. Өнгөрсөн пүрэв гаригт үйлдэгдсэн Зам тээвэр, хөгжлийн яамны газрын дарга нь нэгнийхээ аминд хүрсэн хэрэгтэй холбоотой бололтой.
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ яамны газрын дарга нь нэгнийхээ аминд хүрсэн гэмт хэрэг үйлдчихээд байхад салбарын сайдаасаа эхлээд Ерөнхий сайд ард түмнээсээ уучлал гуйх ёстой байсан. Хэрэг гарснаас хойш 20 гаруй цаг өнгөрөхөд нэг ч үг дуугарсангүй. Өнгөрсөн хугацаанд зам тээврийн ослоор олон хүн амиа алдлаа. Мөн хүүхэд тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэргүүд гарсан. Тэр бүх хэрэг нэг, нэгээрээ чимээгүй болж байна. Энэ бүхний хариуцлагыг холбогдох албан тушаалтнууд хүлээх ёстой. Хамгийн их хариуцлага, шударга ёс ярьсан хүн Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Одоо хэлсэндээ хүрэхийг нь харах болно” гэж мэдэгдсэн юм.