x

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг Үндсэн хуулийн Цэцэд өгөв

Болох ёстой юм болдгоороо болов. У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газрыг Үндсэн хуулийн Цэцэд өгчээ. Үүний өмнө АН-ын ҮБХ-ны гишүүд сайд Ц.Нямдоржийг “ашиг сонирхлын зөрчилтэй” хэмээн АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн. Харин өнгөрөгч баасан гаригт хуульчид нэгдэж Засгийн газрыг Цэцэд өгсөн байна. Энэ бүхэн УИХ дээр хэлэлцэгдэж эхлээд байгаа Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой. Саяхан Ц.Нямдорж сайд УИХ-ын чуулган дээр “Засгийн газрын шийдвэрийг зөвхөн Үндсэн хуулийн Цэц хянах ёстой” гэж сонсогдсон. Тухайн үед асуудал нь өөр байсан ч одоо харахад “хүссэн юм хүзүүгээр” гэдэг болж байна. Засгийн газар Үндсэн хууль зөрчжээ.

Захиргааны хууль ба захиргааны байгууллага

2015 онд УИХ-аар баталсан Захиргааны ерөнхий хуульд уг хуулийн зорилгыг тодорхойлохдоо:

“Хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино” гэсэн байна. Гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа захиргааны бүх байгууллага уг хуульд нийцэж ажиллах ёстой гэсэн үг. Мөн “захиргааны байгууллага” гэдгийг ч хуульд тодорхой заасан байна.

1. Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага;

2. Хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага;

3. Захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд;

4. Үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа;

5. Нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллагыг захиргааны байгууллага гэнэ. (хуулийн 5.1)

Мөн “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна”

“УИХ, Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу хууль тогтоох, гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно”

“Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ гэсэн байна. (хуулийн 5.2-5-4)

Үүнээс захиргааны байгууллага гэдэг ойлголт болоод Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээ маш өргөн гэдэг нь ойлгогдоно. Дээрх бүх байгууллагуудаас гаргасан дүрэм журам, тушаал шийдвэрүүд хуульд нийцсэн эсэхтэй холбоотой маргааныг Захиргааны шүүх хянадаг. Иргэний шүүх нь хувь хүн, хуулийн этгээдийн (тэгш эрхийн харилцаа гэж үздэг) хоорондын маргааныг шийддэг бол захиргааны шүүх нь захиргааны байгууллагаас хувь хүн, хуулийн этгээд рүү чиглэсэн (дээрээс доош чиглэсэн, захиран тушаах шинжтэй, заавал биелэгдэх шинж чанартай) тушаал, шийдвэр нь хууль зөрчсөн эсэхийг хянаж, хууль зөрчсөний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг хүлээдэг. Нэг ёсондоо ардчилсан нийгэмд төрийн (мөн албан тушаалтны) бүхий л дур зоргоос иргэнээ хамгаалж буй тогтолцоо.

Харин хаврын чуулганы төгсгөлд УИХ-д өргөн барьсан төсөлд “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэсэн нь уг хуулийн үйлчлэлийг бүхэлд нь зогсоож, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг захиргааны шүүхийг ч бас үгүйсгэж байгаа юм. Эцсийн дүндээ хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь иргэдээсээ хулгайлж буй хэрэг.

 

Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан нь

Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хоёр хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Дагаж мөрдөх журмын тухай хуульд “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан захиргааны хэргийн шүүхээс Монгол Улсын Засгийн газарт үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэжээ. Гуравхан зүйлтэй хоёр хуулийн төсөл Үндсэн хуулийн зургаан зүйл, заалтыг зөрчсөн гэж хуульчид үзэв. Илүү тодорхой болгох үүднээс Үндсэн хуулийн Цэцэд гаргасан иргэдийн мэдээллийг дор бүрэн эхээр нь нийтэллээ.

Б.СЭМҮҮН

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД

2018.06.29                                                                                                       Мэдээлэл гаргах тухай

 

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хууль зүйн яамнаас боловсруулсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов” гэх 25 дугаар тэмдэглэл /шийдвэр/ - ийг гаргасан. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуульд дараах өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэжээ.

ЗЕХ-ийн 3.1.7 “Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй”

Ингэснээр нэгдүгээрт, Засгийн газрын шийдвэр, хоёрдугаарт, түүнийг хэрэгжүүлэх нэрийн дор төрийн бүх байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр нь Захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гарахаар байна. Улмаар Захиргааны хэргийн шүүх нь бодит байдал дээр хянах маргаангүй болж, үйл ажиллагаа нь зогсохоор байгаа юм. Мөн бусад хуулийн төсөл гэдэгт хамааруулан “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд тус хуульд дараах зохицуулалт тусгагджээ.

1 дүгээр зүйл.Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан захиргааны хэргийн шүүхээс Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар Засгийн газарт холбогдуулан үүсгэн шалгаж байгаа бүх хэргүүд хэрэгсэхгүй болохоор байна. Ийнхүү эдгээр хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтсон Засгийн газрын 2018 оны 25 дугаар тэмдэглэл /шийдвэр/ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс,.... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”,  Арван зургадугаар зүйлийн 16.14 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх,...... шударга шүүхээр шүүлгэх, .... үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, Арван есдүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”,  Дөчин есдүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, 49.2 дахь хэсгийн  “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг тус тус зөрчсөн байна” гэжээ.

Үндсэн хуулийн 49.1, 49.2 дахь хэсгийг зөрчсөн тухайд

Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлд шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах тухай зохицуулсан байдаг.  “Бие даасан, хараат бус байдал” гэдэг нь шүүх байгууллага, хувь шүүгчийн аль алинд нь хамааралтай ойлголт юм. Шүүгч нь шүүх эрх мэдлийн үндсэн субьект, хэрэгжүүлэгч тул гаднын аливаа оролцоо, дарамт, нөлөөллөөс ангид, зөвхөн баримт нотолгоо, хуульд үндэслэн шийдвэрээ гаргах эрх чөлөөгөөр хангагдсан байх ёстой. Хараат бус байдлыг  1/ шийдвэрийн хараат бус байдал, 2/ шүүхийн салбарын хараат бус байдал, 3/ удирдлагын хараат бус байдал, 4/ хувийн хараат бус байдал гэж 4 ангилан авч үздэг. Тухайлбал, шүүгчийн “шийдвэрийн хараат бус байдал” гэж шүүгч тухайн хэрэгт холбогдох шийдвэрийг хувийн, эдийн засгийн, улс төрийн зэрэг хөндлөнгийн аливаа нөлөөлөл, үр дагавраас эмээлгүй, хуулийн дагуу, баримт нотолгоонд тулгуурлан гаргах эрх чөлөөг, харин “шүүхийн салбарын хараат бус байдал” гэж шүүх өөрийн засаглалын бүтэц, хуулиар тогтоосон процедурын дагуу бие дааж үйл ажиллагаа явуулахыг хэлнэ.

Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал алдагдахад хууль, шударга ёсыг эрх мэдэлтний дур зорго орлож, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, нийгмийн үнэт зүйл эвдэрдэг. Тиймээс Үндсэн хуульд “Шүүгч хараат бус, шүүх бие даасан байна. Шүүгч хараат бус байдлаар шийдвэр гаргахад төр, иргэн гээд хэн ч хөндлөнгөөс нөлөөлж, оролцож болохгүй” гэсэн агуулга бүхий заалтыг тусгасан байдаг. Гэтэл Засгийн газрын шийдвэр нь агуулгаараа шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхөөр байна. Учир нь өнөөдрийн байдлаар Захиргааны хэргийн шүүх дээр Засгийн газрыг хариуцагчаар татсан 10 маргаан хянагдаж байгаа болно. Гэтэл шүүхийн маргааны хэргийн оролцогч/хариуцагч Засгийн газар нь өөрөө шийдвэрээ шүүхээр хянуулахгүй гэсэн хуулийн төсөл өргөн барьсан нь шүүгч, шүүхэд нөлөөлж байгаа хэлбэр гэж үзэхээр байна.

Үндсэн хуулийн  1.2 дахь хэсгийг зөрчсөн тухайд

Үндсэн хуульд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх гэж зааж өгсөн. Засгийн газар нь эдгээр зарчмыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Гэтэл шүүгчийн хараат бус байдалд халдаж байгаа нь харин ч эсрэг үйлдэл болоод байна. Учир нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал алдагдсанаар хараат бус шүүхийн гадуур шударга ёс, ардчиллыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх, хамгаалах бололцоогүй болдог. Хараат бус шүүхийг сайн хууль ч, чадварлаг засаг ч орлодоггүй. Харин хараат бус шүүх хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хариуцлагатай байлгаж, хууль, шударга ёсны ноёрхлыг тогтоодог.

Хууль дээдлэх зарчим гэдэг нь төр өөрийн бүхий л үйл ажиллагаандаа хуулийг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх, хэрэглэх, хамгаалах явдал буюу иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болохуйц шийдвэр гаргахдаа хуулиар тогтоосон үндэслэл, журмыг чанд мөрддөг байх тухай ойлголт юм. Тэгэхээр Засгийн газраас хуулийн төсөл боловсруулах, санаачлахдаа Хууль тогтоомжийн тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримталж, хууль дээдлэх зарчмыг хангах үүрэгтэй. Гэтэл Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлахдаа Хууль тогтоомжийн тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлаагүй. Тухайлбал,

  • Тус хуулийн 7 дугаар зүйлээр хуулийн төсөл боловсруулах ажлыг төлөвлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан. Түүнд зааснаар Засгийн газар тухайн бүрэн эрхийнхээ хугацаанд санаачлах хууль тогтоомжийн талаар урьдчилан төлөвлөж, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгана /§7.1/. Үндсэн чиглэл нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцсэн байна /§7.2/. Үндсэн чиглэлийг Улсын Их Хурал хэлэлцэн батална /§7.3./.  Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 5.3.13 – т "Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангаж, захиргааны байгууллагаас иргэдийн эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх нөхцөлийг хангана” гэж заасан. Энэ зорилгодоо нийцүүлэн санал оруулснаар    Монгол Улсын Их хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд бусад хуулийг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх тухай 5 заалт тусгасан байна. Гэтэл Засгийн газраас иргэдийн эрхийг аливаа хэлбэрээр зөрчсөн тохиолдолд шүүхэд хандах боломжгүй болгож байгаа нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, улмаар Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчиж байгаа юм.
  • Хуулийн төслийг санаачлахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын үе шатыг баримтлаагүй буюу процессын алдаа гаргасан байна. Тухайлбал, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлаагүй, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийгээгүй, олон нийтээр хэлэлцүүлж, иргэд, төрийн, төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны багийн санал аваагүй, санал авах хугацааг баримтлаагүй зэрэг болно. Тодруулбал, Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох материалыг баримтжуулан хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргана. /§38.1/. Уг хугацаа нь багадаа 15 хоног байна /§38.3/ Хууль санаачлагч олон нийтийн хэлэлцүүлгийн хугацаа дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор хуулийн төсөлд тусгасан болон тусгаагүй саналын товъёгийг бэлтгэн албан ёсны цахим хуудсандаа байршуулна /§38.6/. Гэтэл Хууль зүйн яамны албан ёсны цахим хуудаст хуулийн төслийг байршуулснаас хойш 7 хоногийн дараа УИХ-д өргөн барьсан бөгөөд иргэдийн саналыг аваагүй юм. Ийнхүү хуульд заасан хуулийн төсөл боловсруулж, өргөн барих үе шатуудыг хэрэгжүүлээгүй болно.

Ийнхүү Засгийн газар нь хууль санаачлахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийг дагаж мөрдөөгүй нь Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчмыг үйл ажиллагаандаа баримтлаагүй болохыг харуулж байна.

Үндсэн хуулийн 16.14, 19.1 дэх хэсгийг зөрчсөн тухайд

Үндсэн хуульд зааснаар иргэн бүр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Харин тэрхүү эрхийг нь хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг юм. Гэтэл Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлбэл зохих Засгийн газар нь өөрөө иргэний эрхийг зөрчсөн тохиолдолд шийдвэрээ шүүхээр хянуулахгүй, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг төлөхгүй байх үр дүнд хүргэх шийдвэрийг гаргаж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил болоод байна.

Үндсэн хуулийн 10.2 дахь хэсгийг зөрчсөн тухайд

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйлд “Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл  бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй, 10  “Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй”,  Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлд “Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ  тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр  нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй”, 26 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч ялгаварлан гадуурхалтгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй...” гэж заасан байдаг. Эдгээр нь Монгол Улсын олон улсын гэрээнүүд юм. Үндсэн хуулийн 10.2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж заасан байх тул дээрх олон улсын гэрээнүүдийг хэрэгжүүлэх нь манай улсын үүрэг билээ. Гэтэл Засгийн газрын шийдвэр нь эрх нь зөрчигдсөн иргэдийг хараат бус, нээлттэй, шударга шүүхээр шүүлгэх эрхгүй болгож, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээсээ няцаж, Үндсэн хуулийг зөрчөөд байна.

Иймд Засгийн газрын 2018 оны 25 дугаар тэмдэглэл /шийдвэр/ нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.

МЭДЭЭЛЭЛ ГАРГАСАН:

            ИРГЭН,

            Б.МЭРГЭН

            Э.ХАШЧУЛУУН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 6 цаг 58 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 6 цаг 59 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 7 цаг 0 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 7 цаг 1 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 7 цаг 14 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 7 цаг 15 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 9 цаг 26 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 9 цаг 34 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 11 цаг 34 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 11 цаг 37 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 11 цаг 40 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 11 цаг 46 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 11 цаг 47 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 11 цаг 50 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 53 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 11 цаг 54 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 11 цаг 56 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 11 цаг 57 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 12 цаг 0 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 12 цаг 3 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top