УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан Захиргааны ерөнхий хуулийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэний дараа АН-ын ҮБХ(Үндэсний бодлогын хороо) хуулийн төслийг өргөн барьсан Ц.Нямдорж сайдыг АТГ-т өгч буйгаа мэдэгдэв. Хууль зүйн сайдын хуулийн төслийг өргөн барьсан үйлдлийг “ашиг сонирхлын зөрчилтэй” гэж үзэх хууль зүйн үндэслэл байна гэж тэд үзжээ.
Тодруулбал, 2015 онд УИХ-аар баталсан Хууль тогтоомжийн тухай хуульд “Хууль санаачлах, боловсруулах ажиллагаа ил тод нээлттэй, олон нийтийн оролцоог хангасан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, судалгаа шинжилгээнд үндэслэсэн байна. Хууль санаачлагч хуулийн төслийг энэ хуульд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” (хуулийн 4,5-р зүйл) гэж заасан.
Харин Ц.Нямдорж сайд “Эрдэнэтийн 49 хувийг эргүүлж авахын тулд үүнээс өөр арга алга. Захиргааны шүүх авлигад автаад Засгийн газрын шийдвэрийг тас цохиж байна” гэсэн нь нэгдүгээрт “хууль санаачлагчийн өргөн барьсан хуулийн төсөл судалгаа шинжилгээнд суурилсан байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байгаа хэрэг. Хоёрдугаарт, хууль зөрчиж гаргасан Засгийн газрын шийдвэрийг хаацайлах гэсэн хувийн явцуу ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд шүүхээр маргаанаа шийдүүлэх иргэдийн ашиг сонирхлыг зөрчиж буй хэрэг. Гуравдугаарт, уг хуулийн төслөөр хийсэн хуульчдын хэрэлцүүлэг, Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн санал зөвлөмжийг үл тоон хэлэлцүүлэгт оруулсан явдал нь “хууль санаалчлах, боловсруулах ажиллагаа ил тод нээлттэй, олон нийтийн оролцоог хангасан байх” хуулийн заалтыг ноцтой зөрчсөн явдал юм. Тэгэхээр АН-ын ҮБХ Хууль зүйн сайдын энэ үйлдлийг "Ашиг сонирхлын зөрчилтэй" гэж үзсэнд гайхах зүйл алга.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах нь энэ хуулийн эцсийн зорилго байгаагүй гэдгийг Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс харж болно. Төсөлд “Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэсэн нь Засгийн газар төдийгүй түүний шийдвэрийг хэрэгжүүлж буй захиргааны бусад байгууллагууд, орон нутгийн захиргааны бүх байгууллагуудын шийдвэр Захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гарна гэсэн үг. Яамны сайдын тушаал заавраас эхлээд агентлагийн дарга, аймгийн Засаг дарга, сургуулийн захирал, мэргэжлийн хяналтын байцаагч хүртэл “Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж байна, салбарын яам ингэж шийдсэн” гэж хэлээд иргэдийн өөдөөс хүссэнээ ярьж, хийж болно гэсэн үг. Нэг үгээр өнгөрсөн зуунд бидний туулаад өнгөрсөн нэг намын дарангуйлал эргээд тогтоох гэж байна.
Тэгэхээр Ц.Нямдорж сайдын “Эрдэнэтийн 49 хувийг авахын төлөө үүнийг хийж байна” гэсэн нь хуулийн цаад зорилгыг нуун далдалсан үг байж. Шүүхийн шийдвэр 49 хувийн талд гарлаа гэнгүүт “Шүүх авлигад автсан байна” гээд шуугиад эхэлдэг олон нийтийн сэтгэл хөдлөл, хармын сэтгэл дээр дөрөөлж санасандаа хүрэх гэсэн арга, анхаарал сарниулах тактик гэж болно. “Эрдэнэтийн 49 хувийг авахын төлөө иргэдийнхээ эрх ашгийг хохироож байна” гэдэг ч ихээ наагуур харсан эндүүрэл байсан бололтой. Харин иргэдийн шүүхэд хандах эрхийг хулгайлахын тулд “Эрдэнэт”-ийн 49 хувийг ил гаргаж ярьсан хэрэг. “Хөгшин нохой” айхтар тооцсон байна.
Харин АН УИХ-д цөөнх болсноосоо хойш хоёр жилийн дараа анх удаа АН шиг дуугарлаа. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь иргэний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна гэж хэлээд төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа. УИХ-ын хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийж байгаа тул ирэх намрын чуулган хүртэл энэ сэдэв түр хаагдах нь. Энэ хооронд АТГ Хууль зүйн сайдын хуулийн төсөл өргөн барьсан явдал ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар дүгнэлтээ гаргах хэрэгтэй болов.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (5)