Өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцаж байгаа утга бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан билээ. Тэрхүү бичлэгт өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын хооронд өрнөсөн гэгдэх төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай хөндөгдсөн байдаг. Тухайн үед энэхүү хэргийг хууль, хяналтынхан шалгасан ч хэргийг хаасан юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс бичлэгийг эвлүүлэг гэх дүгнэлтийг хүртэл гаргасан билээ.
Тэгвэл дөнгөж сая АТГ-аас дээрх хэргийг хаасан шалтгааныг олон нийтэд мэдээллээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийн хэлж буйгаар 60 тэрбумын бичлэгийн эх хувь нь олдоогүй учир хэргийг хаажээ. Тэрээр "МАН-ын 60 тэрбумын хэргийг гурван байгууллагын мөрдөн байцаах ажилтнууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу ажлын хэсэг гаргаж шалгасан. Хэрэгтэй холбоотой хэд, хэдэн бичлэг гарч ирсэн. Үүнийг шинжилгээний байгууллага шалгаад эвлүүлэг гэж дүгнэсэн. Бичлэг хийсэн төхөөрөмж болон бичлэгийн эх хувь нь олдоогүй. Мөн авлига өгч ажилд орсон гэх баримт байхгүй. Тиймээс прокурор дээрх баримтуудыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон" хэмээн ярилаа.
newspress.mn
Сэтгэгдэл (7)