2017 оны арваннэгдүгээр сард болсон МАН-ын XXVIII Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн нэгдсэн сургалтыг намын Хяналтын ерөнхий хорооноос энэ сарын 14-16-нд зохион байгуулжээ. Хоёр өдрийн турш зохион байгуулсан сургалтад МАН-ын аймаг, нийслэлийн хороодын дарга, гишүүдээс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцож, намын дүрэм, ёс зүйн журмын хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох, цахим технологийг нэвтрүүлэх, үр нөлөөг нь сайжруулах асуудлаар санал солилцжээ.
2019 оны нэгдүгээр сарын 1-нээс УИХ-ын гишүүдээс эхлээд улс төрийн нам хүчнүүд сонгуулийн сурталчилгаагаа албан бусаар эхлүүлэх учир МАН-ын энэ удаагийн сургалтыг түүнийг угтсан бэлтгэл гэж харж болох. Гэхдээ сонгуулийн үр дүнд хамгийн их тулах багана болдог, тэр хэрээрээ хариуцлага үүрдэг намын анхан шат болох аймаг, нийслэлийн хороодын дарга нарт хийсэн сургалтын үеэр МАН-ын генсек Д.Амарбаясгалан “МАН МАНАН-гаас салах цаг болсон” гэдгийг онцгойлж хэлжээ.
Харин намын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар “МАН санах ойтой. Санах ой нь Хяналтын хорооноос эхлээд намын жирийн гишүүд дэмжигч бүрт байдаг гэдгийг өндөр албан тушаалд томилогдсон албан тушаалтан, улстөрчдөд бид сануулж байх ёстой” гэсэн байна. Нэг үгээр МАН-ын генсек МАНАН-гаас салах болсныг онцолсон бол түүнд дор бүрнээ сануулж байхыг Хяналтын хорооны дарга нь нэмж тодотгожээ.
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа “Ардын намыг сонгуульд ялагдуулсан нэг хүчин зүйл бол ард түмний дургүйцлийг төрүүлж буй, төрийн албыг үнэлж зарах тухай 60 тэрбумын асуудал. Бид энэ асуудлаар хариуцлага тооцох ёстой. Эс тэгвээс Ардын нам 2020 он болон дараа дараагийн сонгуульд амжилтгүй оролцох том шалтгаан болно. Саяхан явуулсан мэргэжлийн байгууллагын судалгаанд оролцсон нийт иргэдийн 72 хувь нь 60 тэрбумын асуудлаар хариуцлага тооцох ёстой гэж үзжээ. Тэгэхээр бид энэ асуудалд холбогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, эс бөгөөс ард түмэн Ардын намтай хариуцлага тооцох гэсэн хоёр сонголтын өмнө нүүр тулаад байна” хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Гэвч Ерөнхий сайд, намын дарга болонгуутаа “60 тэрбум”-тай холбоотой асуудлаар ганц ч үг дуугаралгүй өнөөдрийг хүрсэн юм. Харин УИХ дахь МАН-ын 65 гишүүнээс 33-ыг нь буюу “олонхи”-ийг бүрдүүлж байгаа У.Хүрэлсүхийн талаас Л.Оюун-Эрдэнэ гишүүн “60 тэрбум”-тай нэр холбогдсон УИХ-ын дарга М.Энхболдыг бүрэн эрхээсээ татгалзаж, хуулийн байгууллагаар шалгуулах хүртэл чуулганд суухгүй гэдгээ мэдэгдсэн нь энэ өдрүүдийн гол сэдэв болж байна.
Хариуд нь УИХ-ын даргын ахлах зөвлөх Б.Гүнбилэг “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуулийн байгууллагуудаар шалгагдаж, тогтоогдсон асуудлын талаар мэдээлэлгүй байна уу, эсвэл үүгээр далимдуулж өөр асуудлаас олны анхаарлыг холдуулж, сарниулах оролдлого хийж байна уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. “60 тэрбум”-ын гэх энэ асуудал хэд дахин шалгагдсан, гэмт хэрэг биш нь тогтоогдсон гэдгийг дахин хэлье” хэмээх тайлбарыг өгсөн ч У.Хүрэлсүхийн тавьсан сум нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн, бай нь УИХ-ын дарга М.Энхболд гэдэг нь тодорхой болов уу. Хамгийн гол нь, МАН дахь 33-ын бүлгээс нэг нь буюу Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсний дараа эдгээр үйл явц араасаа өрнөж эхэлсэн нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн ойрын зайн улс төр хийгээгүйг илтгэх мэт. Учир нь, ацаг шүдний зөрүү гэдэг шиг ганцхан хүний илүүгээр эрх мэдлийн хуваарилалтыг өөртөө төвлөрүүлж байсан МАН дахь 33-ын бүлгийнхэн 32-ынхонтойгоо эн тэнцүү хүчтэй болсон хэрэг. Нэгэнт тооны харьцаа тэнцсэн болохоор тохиролцооны зарчим УИХ дахь МАН-ын бүлэгт дахин явна гэсэн үг. Гагцхүү Л.Оюун-Эрдэнэ гишүүний мэдэгдлийн араас МАН-ын генсек Д.Амарбаясгалан хүч нэмсэн үгийг аймаг, нийслэлийн намын хороодын дарга нарт хэлсэн нь, Хяналтын хорооны дарга нь түүнийг нь өдөр бүр сануулж байх ёстойг тодотгосон нь эрх баригчдын дунд дахин хуваарилалтын тулаан хэдийнэ эхэлснийг харуулж байх шиг. Эцэст нь хэлэхэд байдал хаашаа ч эргэсэн сөрөг хүчин АН-ынхан өөрсдөдөө ашигтай байдалд буюу Засгийн газрыг огцруулах талд л зогсоно.
Эх сурвалж: newspress.mn
Сэтгэгдэл (4)