Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн тоглоом эвдэрч, хүүхдүүд гэмтжээ. Эцэг эхчүүд дуудлага өгснөөр цагдаагийнхан очиж шалгалт хийсэн байна. Энэ тухай ЦЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:
-Өнөөдөр 15:13 цагт паркийн “Сансрын хөлөг” тоглоом хугарч дотор нь байсан найман хүүхэд гэмтсэн гэсэн дуудлага ирсэн. Одоогоор хүний амь нас эрсдээгүй ч дөрвөн хүүхэд гэмтэж Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Цагдаагийн байгууллага хэргийн газар дээр үзлэг, шалгалт хийж байгаа гэв.
Харин ҮСАХ-ийн зүгээс ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. Эвдрэл гарсан “Сансрын хөлөг” тоглоом нь 2011 онд ашиглалтад орсон юм байна.