Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр “Жаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ. Цагдан хорих хугацаа нь дуусч байгаатай холбогдуулан прокуророос Ш.Батхүүгийн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгах хүсэлт гаргасан ч шүүх 15 хоногоор сунгаж шийдвэрлэсэн байна.
"Эрдэнэт үйлдвэр"-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх Ш.Батхүүд АТГ-аас шинээр эрүүгийн хэрэг үүсгэж энэ оны гуравдугаар сарын 12-нд баривчилсан юм. Стандарт банк өр, төлбөрөө нэхэмжлэн "Эрдэнэт" үйлдвэрийн эсрэг нэхэмжлэл гаргасны дараа Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэр дээр ажлын хэсэг томилон ажиллуулж, доорх мэдээллийг нийтэд зарласан билээ.
2009-2010 онд “Жаст групп” ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банк /цаашид “Стандарт банк” гэх/-аас авсан зээлийн нийт хэмжээг Лондонгийн Олон улсын Арбитрын шүүх дээр үүссэн арбитрын хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан гаргавал,
-
2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Жаст групп” ХХК нь Стандарт банктай 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 75,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн;
-
2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Жаст групп” ХХК нь Стандарт банктай дахин 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 34,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн.
Дээрхийг нэгтгэвэл, 2009-2010 онд “Жаст групп” ХХК Стандарт банкнаас нийт 109,000,000 ам.долларын зээл авсан байна.